Амьдрал баян, амьдрах бүр ч сайхан…
Наадмын шуранхайтай зэрэгцэн Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн хөлөгт өчигдөр /2020.07.09/ үдэш хоёр ихэр охин мэндэлсэн нь Монголын түүхэнд тодоос тод бичигдэх онцлох нэгэн үйл явдал боллоо.
Эх, ихрүүд Монголдоо л төрж, мэндлэх гэж тэмцээ юу гэлтэй. Агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэх үед элэг нэгтнүүдийнхээ дунд ихрүүд мэндэлжээ.
Буянт-Ухаа-д тусгай нислэг хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байсан Мэргэжлийн хяналтынхан дээрх мэдээг сонсоод хос өлгий зэхээд, эх үрсийг тоссон бол Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон өрөөг нь дулаацуулаад угтлаа.
Эх оронтой байхын, хүнлэг байхын утга учир энэ болов уу.
Харин төрөх үйл явцыг тэнгэрт удирдсан Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх “Истанбул – Туркийн нислэгт ирсэн эмэгтэй долоон сартайд нь хоёр ихрийг төрүүллээ. Даралт, хаван ихтэй төрсөн. Энэ үeд мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тус онгоцонд зорчин явсан эх баригч Ёндондаваа, хүүхдийн их эмч Отгончимэг, Сугармаа, ЭХЭМҮТ ийн САЭЭ ний тасгийн сувилагч Буянжаргал нартаа, хамгийн боломжит хурдаараа нислэгээ удирдан хугацаат цагаасаа 30 минутын өмнө ирсэн нисгэгч нартаа, төрсөн ээж болон хүүхэд, эмч нарт хэрэгтэй чадах бүхнээрээ тусалсан Нисэх багийн үйлчлэгч, Мэргэжлийн хяналтын байцаагч нартаа, ээж болон хүүхдүүдийг эсэн мэнд амаржихад тус дэм болсон та бүхэндээ маш их баярлалаа. Та нараараа маш их бахархаж байна. Энэ үйл ажиллагаа бол эмч сувилагч нарын болон бусад хүмүүсийн багын ажиллагаа байсан юм шүү. Би ганцаараа огт биш шүү” хэмээн цахим хаягаараа талархал илэрхийлжээ.
Агаарын өндөр даралт дунд, хугацаанаасаа өмнө төрөх гэдэг амь тулсан эрсдэл. Эмч, сувилагчид, нисэх багийн үйлчлэгчид эрвийх дэрвийхээрээ элбэлцэж, амаргүй нөхцөлд эх амаржин, ихэр охид энх мэндэлж… Онгоцонд төртөл нь тулгар биетэй ээжийг хүний нутагт гацаах ч гэж хэмээн гол зуравч, алтан гартай эмч нарынхаа ачаар энх тунх амаржсан мэдээ эрхгүй огшоох.
Одоо эрсдэл хойно үлдсэн, сайн асаргаа л чухал. Нийт 21 хоног тусгаарлагдана. Дараа нь 14 хоногийн тусгаарлалтад шилжнэ гээд тоочвол гэртээ харихад сар гаруйн хугацаа шаардах нь.
Эх орондоо ирсэн, эмч нарынхаа гарт байхад алзахгүй ээ. Шаардлагатай бүхий л үйлчилгээг тэд үзүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хил хааснаас хойш ХӨСҮТ-ийн хамт олон гадаад орноос ирсэн дөрвөн ч эхийг амаржуулаад байна. Харин цаашид анхаарах асуудал нь юун түрүүнд жирэмсэн ээжүүдээ хамгийн түрүүнд татан авах зайлшгүй шаардлага бийг дээрх үйл явдал харууллаа.
Цар тахал дэгдсэн цагаас Монгол Улс өнөөдрийн байдлаар 12 мянган иргэнээ гадаад улсаас татан авчээ. Тэдний 5000 орчим нь газраар, 7000 орчим нь агаарын тээврээр буюу тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн байна.
Өдгөө 55 орноос 9000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсан тул Засгийн газар тусгай үүргийн нислэг болоод газраар татан авах ажиллагааг үргэлжлүүлнэ.
Хамгийн гол проблем нь тусгаарлах байрыг бэлдэх асуудал болж буй бөгөөд зочид буудлууд өндөр үнэ хэлж байгаа нь эргээд зардлыг өсгөж буй мэдээлэл бий. Иймээс компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад санаачлагатай ажиллахгүй бол цар тахлын улмаас хүний нутагт өвчинтэйгээ тэмцэн, гэр бүлээ санагалзаж буй иргэд, бяцхан үрсээ үнсээд хилийн дээс давснаас хойш зургаан сар болж буй эцэг, эхчүүдийг авчрахад хүндрэл учирч буйг бас бодолцох цаг нь болжээ.
Хоёр бяцхан сахиусан тэнгэрүүддээ энх өсч, мөнх жаргахыг хүсье.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ