МОСКВА, 7-р сарын 2 – РИА Новости. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (Российский фонд прямых инвестиций – РФПИ) болон «ХимРар» групп нь хамтран КОВИД-19-ийг эмчлэх «Авифавир» эмийн бэлдмэлийг Беларусь руу экспортолж эхэллээ хэмээн тус байгууллагаас мэдэгдэв.
Ойрын ирээдүйд энэхүү бэлдмэлээ мөн Казахстан рүү гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Нэмж дурдахад, Латин Америкийн хэд хэдэн улс орнуудтай яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд ТУХН-ийн болон Ойрх Дорнодын зарим улс орнууд ч уг эмийн бэлдмэлийг сонирхож байгаагаа илэрхийллээ.
Эмнэлзүйн туршилтаар үр дүнтэй болохоо баталсан «Авифавир» нь 5-р сарын сүүлчээр Эрүүл мэндийн яамны бүртгэлийн гэрчилгээг авч, Дэлхийд «фавипиравир» идэвхтэй бодисыг агуулсан буюу COVID-19-ийг анагаах анхны эмийн бэлдмэл болжээ. Хожим нь уг бэлдмэлийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх удирдамжийн жагсаалтад оруулжээ.
«АНУ-ын эрх баригчид ойрын хэдэн саруудад «Gilead Sciences» компанийн үйлдвэрлэсэн «Ремдесивир» эмийг 100 хувь худалдаж авах шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр үр дүнтэй эмийн бэлдмэлийн хомстол үүссэн тул Оросын Холбооны Улс коронавирусийн эсрэг тэмцэж буй бусад улс орнууддаа туслахад, мөн «Авифавир» эмийн бэлдмэлээ гадагш худалдаалж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. ОХУ-д үйлдвэрлэсэн эмийн бэлдмэл нь хэд дахин хямдаас гадна шахмал хэлбэртэй тул түүнийг хэрэглэхэд хялбар, тиймээс коронавирусийн халдварын эхний шатанд эмчилгээ хийх боломжийг олгоно» гэж «Оросын шууд хөрөнгө оруулалтын сан»-гийн дарга Кирилл Дмитриев ярьж байна.
«Оросын шууд хөрөнгө оруулалтын сан» болон «ХимРар» группийн хамтарсан үйлдвэр нь үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, өдгөө сард 300 хүртэл мянган курс эмийг үйлдвэрлэх боломжтой болжээ. Ийнхүү «Авифавир»-ын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадагш гаргах ажлыг эхлүүлэх боломжтой болно хэмээн тооцоолж байгаа аж. 6-р сард нийтдээ 100 мянган эмийн бэлдмэл үйлдвэрлэснээр төлөвлөгөөгөө бараг хоёр дахин даван биелүүлжээ.
Эх сурвалж: ria.ru
Холбоотой мэдээ