Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Гэвч баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэг нарт 2020 оны оны 07 дугаар сарын 10-ны өдөр 01/448 тоот саналыг хүргүүллээ.
Тус саналд:
Монгол Улсын нийт хүн амын 35.8 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгойлон анхаарсны үр дүнд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бий болж, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт сайжирч, тодорхой бүтэц, санхүүжилт үр дүнтэйгээр шийдвэрлэгдэж байна.
Тус агентлаг нь жил бүрийн Улсын баяр наадмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Өнөөдрийн байдлаар Хүй долоон худагт зохион байгуулагдах Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 387 хүүхэд, 1293 морь бүртгүүлсэн байна.
“Коронавируст (Ковид-19) цар тахлын үед үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журам”-ын дагуу хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 6 насны морьдыг уралдуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар эрлийз 3 насны морьдыг уралдуулахаар болж, баяр наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль, тогтоомж, хүүхдийн эрхийг зөрчсөн, улмаар олон сөрөг үр дагавар гарч болзошгүй бодитой нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Энэ асуудалтай холбоотой дараах хууль тогтоомжууд үйлчилж байна.
- Монгол Улсын Үндсэн хууль
- Хүүхдийн эрхийн тухай хууль
- Хүүхэд хамгааллын тухай хууль
- Үндэсний их баяр наадмын тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- Зөрчлийн тухай хууль
- Эрүүгийн тухай хууль
Дунджаар нас бие гүйцсэн адуу нь 360 кг жинтэй байдаг байна. Монгол хүүхдийн бие, бялдар хөгжлийн хувьд 10 настай хүүхдийн дундаж өндөр 133-136 см, биеийн жин 30 кг, гарын атгах хүч 11кг, 16 настай хүүхдийн дундаж өндөр 158 см, биеийн жин 52 кг, гарын атгах хүч 29 кг, тэсвэрийн чанар М=200-300 буюу насанд хүрэгчдээс 2-3 дахин бага тэсвэрийн чанартай байдаг байна.
Мөн баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай хальтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь хальтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох зэрэг эрсдэл үүсч болзошгүй байна.
Иймд дараах санал, санаачилгыг дэмжиж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар комисс, Аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт “хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах” талаар дараах санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлийг өгч, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үүнд:
- Хэт их бороотой, зам хальтиргаатай үед хурдан морь уралдах замын зайг (км) богиносгох талаар хэлэлцэн шийдвэрлэх;
- Дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж байгаа нөхцөлд хүүхэд осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдааны товыг хойшлуулах;
- Уралдаанч хүүхдийг өдөрт 2-оос дээш удаа уралдаанд оролцуулахгүй байх, эсвэл 2-оос дээш удаа уралдаан зохион байгуулахгүй байх;
- Хурдан морины уралдааныг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас автомашинтай дагах зөвшөөрөл олгох;
- Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа салбар комисс болон уяачдад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллахад онцгойлон анхаарах зэрэг хүүхдэд ээлтэй санаачилга гаргаж ажиллах чиглэлийг хүргүүлэх;
Энэ жил Хүй долоон худагт халуун хоол, хүнсний худалдаа гараагүй тул уралдаанч хүүхдүүдэд халуун хоол, цайгаар үйлчлэх боломж нөхцөлийг судлан, шийдвэрлэх саналыг үүгээр уламжилж байна гэжээ.
Эх сурвалж: ГБХЗХГ
Холбоотой мэдээ