"Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд "Газпром" компани Монгол Улсад тусгай зориулалтын компани /SPV/ байгуулах, бүртгүүлэх ажилдаа оржээ. Энэ тухай Интерфакс агентлаг "Газпром" компанийн эх сурвалж дээр тулгуурлан 2020 оны долдугаар сарын 6-нд мэдээлжээ. Тусгай зориулалтын компани нь ойролцоогоор 2020 оны есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Ингэхдээ тус компани нь тодорхой төслийг хэрэгжүүлэх, яриа хэлэлцээнд оролцох, хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг хуваалцах, өрсөлдөх чадвартай байх үүргийг хүлээж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс, ОХУ-ын талууд:
- Харилцан ойлголцлын санамж бичиг
- Тусгай зориулалтын компани SPV байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, "Газпром" хооронд нууцлалын гэрээ тус, тус байгуулахаар ажиллаж байна.
Үүний зэрэгцээ SPV байгуулах болон нууцлалын гэрээнд:
- SPV байгуулах
- Хийн хоолойн бүтээн байгуулалтын ТЭЗҮ боловсруулах
- SPV санхүүжилтийн нөхцөл
- Хамтын ажиллагааны хэлбэр
- Маргааны шийдвэрлэх эрх зүйн орчин зэрэг зүйлс тусгагджээ.
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч" хийн хоолойн систем нь гурван үндсэн шугамтай. Үүнд:
- "Сибирийн хүч-1": Зүүн Сибирийн орд газрын байгалийн хийг БНХАУ-ын төв болон зүүн хэсэгт нийлүүлэх зүүн чиглэл /ашиглалтад орсон/
- "Сибирийн хүч-2": Баруун Сибирийн орд газрын байгалийн хийг БНХАУ-ын баруун хэсэгт нийлүүлэх баруун чиглэл. Энэ чиглэл нь Монголын нутаг дэвсгэрээр дамжих учиртай.
- "Сибирийн хүч-3": Сахалины орд газрын хийг нийлүүлэх Алс Дорнодын чиглэл
"Сибирийн хүч-1" төсөл 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд цар тахлын үед ч үйл ажиллагаа нь хэвийн, амжилттай явагдаж байна. Харин "Сибирийн хүч-2" төсөлд маш том өөрчлөлт орсон. Тодруулбал, "Сибирийн хүч-2" төслийн эхний төлөвлөгөөнд Алтайн хязгаар нутгаар дамжин, БНХАУ-ны Шинжаан-Уйгарын автономит орны хэсэгт хүрэх транзитгүй, шууд чиглэл байв. Харамсалтай нь, энэхүү чиглэлээр хийн хоолойг барьж байгуулах төсөл нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн статустай Укокын өндөрлөг газрын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ёстой байсан нь байгаль орчныхны дургүйцлийг төрүүлэв. Энэ үед Монгол Улс нь өөрийн нутаг дэвсгэрээр хийн хоолойг өнгөрүүлэх, транзит чиглэлийг санал болгож байв. Монголчуудын тавьж буй санал нь 1000 км-ийн хийн хоолойн бүтээн байгуулалтын уртыг богиносгохоос гадна, хийн хоолойн бүтээн байгуулалт тал нутгаар дамжих тул барилгын ажлыг хялбаршуулах боломжтой байжээ. Гэхдээ оросууд тухайн үед саналыг огт сонирхоогүй юм.
Тухайн үед буюу 2014 онд монголчууд Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц байгуулахаар шийдсэн нь ОХУ-ын эрх баригчдыг болгоомжлоход хүргэжээ. Улмаар 2015 онд гурав дахь усан цахилгаан станцын барилгын ажил зогсов. Үүнтэй холбоотойгоор Байгаль нуур дахь усны байгууламжийн нөлөөллийг үнэлэх шинжээчдийн баг байгуулахаар болсон. 2016 онд тухайн үеийн ОХУ-ын Байгаль орчны сайд С.Донской хэлэхдээ, ОХУ-ын эрх баригчид Сэлэнгэ мөрөн, түүний гол мөрөн дээр усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэхээсээ илүүтэй ОХУ-аас цахилгаан импортлох ашигтай нөхцөлийг Монгол Улсад санал болгохоор оролдож эхлэв. Гэсэн хэдий монголчууд усан цахилгаан станцыг байгуулахыг төслийг дэмжиж, урагшлуулж эхлэв. Энэ үед ОХУ-ын Засгийн газар БНХАУ руу байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах саналыг сонирхож эхлэв.
Ингээд байгалийн хийн хоолойн баруун чиглэл Монголын нутаг дэвсгэрээр дамжих болов.
- 2019 оны арванхоёрдугаар сард Монголын тал ОХУ-ын байгалийн хийн хоолойн "Сибирийн хүч-2" төсөл Монголын нутаг дэвсгэрээр өнгөрөх болсныг мэдэгдэв.
- Хэд хоногийн дараа "Газпром" Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх чиглэлд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
- 2020 оны гуравдугаар сард Путин "Газпром" компанид төслийн ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг эхлүүлэхийг даалгав.
- 2020 оны тавдугаар сард "Газпром" нь дээрх маршрутаар жилд 30 тэрбум м3/-с 50 тэрбум м3/ байгалийн хий нийлүүлэх боломжтой талаар мэдээлэв.
"Сибирийн хүч-2" төслийн баруун чиглэл өнгөрсөн хугацаанд маш их өөрчлөгдсөн. Гэхдээ Монголын нутгаар тус хийн хоолойн дамжуулан өнгөрүүлэх нь БНХАУ-д ашигтай. Учир нь, ОХУ-аас БНХАУ руу байгуулах хийн хоолойн урт богиносох ач холбогдолтой талаар neftegaz.ru сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: neftegaz.ru
Холбоотой мэдээ