АН-ын даргын сунгаа энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд явагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. АН-ын даргын сунгаа яагаад хойшлогдсон талаар тус намын даргын үүрэг түр гүйцэтгэгч Ц.Туваанаас тодруулахад тэрбээр “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Өөрөөр хэлбэл АН-ын даргын сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэсэн үндэслэлтэй өргөдөл гишүүдээс ирсэн. Энэ дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулах шийдвэрийг өчигдөр /2020.07.09/ гаргасан” гэв.
Мөн ирэх наймдугаар сарын 23-ны өдөр товлоод байсан Их хурлаа ч гэсэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Харин тус намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл 6-9-ний хооронд явагдаж дууссан бөгөөд нийт 7-8 хүн бүртгүүлсэн байна. Тодруулбал, Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, О.Амартүвшин, АН-ын ҮБХ-ны гишүүн асан Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ намаасаа түдгэлзсэн гэсэн ч намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч О.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байна.
Холбоотой мэдээ