Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ СУНГАВ
Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна. Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ.
Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм. Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.
АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНААС 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГИЙН ЗЭЭЛ АВНА
Монгол Улсын Засгийн газраасавч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.
Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нйигмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм. Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
ЗАСГИЙН ГАЗРЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШАГНАВ
Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.
Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэгэг, БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх, БХЯ-ны ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх, Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн , БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох, ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ, УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг, ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа, ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Ц.Цогзолмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн, СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардууллаа.
ЗГ: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ 15 ХОНОГООР СУНГАЛАА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 15 хоногоор сунгалаа.
Өмнө нь Улсын онцгой комисс хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан байсан юм.
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙНЭ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр байгуулагдаж, өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх", цаг үеийн яаралтай асуудлын танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан бөгөөд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэхээр болсон байна.
2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл | Я.СОДБААТАР |
2. | “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл | Я.СОДБААТАР |
3. | Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
4. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН:
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
- Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
- Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
- БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
- Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
- Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- Эрүүл мэндийн сайдад Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан
- Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
- Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
- Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ