News.mn сайт өмнө нь та бүхэндээ Сөүл хотын захирагч Пак Вон Сун ор сураггүй алга болсон тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр/2020.07.10/ түүнийг амиа алдсан байдалтай байхад нь олжээ.
Цагдаагийн алба хаагчдын мэдээлж буйгаар түүний цогцсыг Сөүл хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олсон гэнэ. Пак Вон Суныг алга болсон тухай түүний охин цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд цагдаагийн ажилчид өчигдөр буюу долдугаар сарын 9-ний 17:17 минутаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж долоон цагийн дараа ийнхүү олж илрүүлсэн байна.
Долдугаар сарын 10-ны 00:20 цагийн байдлаар түргэн тусламжийн автомашин түүний цогцсыг амиа алдсан газраас нь авч явчээ. Одоогийн байдлаар түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ Сөүлийн захирагч алга боллоо гэх мэдээ цацагдахаас нэг цаг орчмын өмнө эмэгтэй нарийн бичиг нь түүнд хүчирхийлүүлсэн гэж цагдаад мэдэгдсэн байна гэж BBC мэдээлжээ.
Түүнийг эрэн хайх ажиллагаанд 700 гаруй цагдаа болон гал сөнөөгчид, гурван үнэрч нохой, тусгай албаны K9 нэгтгэл, дрон, нисдэг тэрэг оролцжээ.
Пак Вон Сун нас барахаас өмнө Варён цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камерт долдугаар сарын 09-ний 22:53 минутанд өртсөн байсан бөгөөд түүний гар утасны сүүлийн долгион гэрийнх нь ойролцоо буюу Сөүл хотын Чунну-гу дүүргийн ойролцоох Сонбүг-гу дүүргээс илэрчээ.
Олон жилийн турш иргэний хөдөлгөөний идэвхтэн, хүний эрхийн хуульчаар ажилласан Пак нь 2011 оноос хойш Сөүл хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан ба тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хамгийн их найдвар төрүүлж буй улстөрч байсан аж.
Холбоотой мэдээ