Төв аймгийн нутаг дэвсгэрт харъяалагдах Баянхангай, Атар 13 гэх газар өнөөдөр 15.50 цагийн орчимд аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдаж, зорчих хэсэг усанд автсан байна.
Түүнчлэн сошиалд Лүнгийн гүүрний цаана байдаг хоолны газар үерт живлээ гэх мэдээлэл тархаад байгаа. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас тодруулахад “Манайд одоогоор тийм дуудлага ирээгүй байна” гэсэн юм. Мөн Лүн сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Хоолны газар живээгүй. Их хэмжээний усархаг бороо орсны улмаас зам давж үерлэж байна” гэв.
Эрдэнэсант сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Усархаг борооны улмаас аймгийн төвөөс 12 км зайд үер бууж, замын хөдөлгөөн зогсоод байна. Тухайн хэсэгт буюу үер буусан газарт хоолны газар байхгүй. Сошиалд хоолны газар живсэн талаарх мэдээлэл нь худал” гэлээ.
Бороо хур элбэг үед хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхэн үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ