”Салбарын тулгуур багана” гэх санхүүгийн нэр томьёолол байдаг. Үүнд Банк, Даатгал, Хөрөнгийн зах зээл гэсэн гурван салбар хамаарагддаг бөгөөд хэрхэн уялдаа холбоотой хөгжиж буйгаар нь тухайн улсын санхүүгийн салбарыг үнэлэх тохиолдол ч олонтоо.
Монгол Улсын хувьд цөөнгүй даатгалын компани IPO хийж, нээлттэй хувьцаатай болсон, салбарын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд өссөн зэрэг эерэг мэдээллүүд гарсаар байна. Энэ ч утгаар даатгалын компаниуд салбарынхаа ирээдүйг гэгээлгээр зураглаж буй.
Иймээс уншигч Та бүхэнд “Ард Даатгал ХК”-ийн Иргэдийн даатгалын албаны дарга Ү.Мөнхсарнайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу? Ярилцлагынхаа эхэнд Та уншигчдадаа даатгалын бүтээгдэхүүний давуу талыг таниулах үүднээс тус үйлчилгээг авах нэн тэргүүний шалтгааныг өөрийнхөө өнцгөөс товчхон тайлбарлаж өгвөл?
-Сайн байцгаана уу? Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ерөнхийдөө даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар төлөвлөгдөөгүй зардлыг хянах мөн сэтгэл амар ажиллаж, амьдрах хамгаалалт болж өгдөг. Даатгалыг эрсдэлийн удирдлагын нэг арга хэрэгсэл гэж ойлгож болно.
-Танай компанийн хувьд даатгуулагчдын хэдэн хувь нь нөхөн олговор авах тохиолдол бүртгэгддэг вэ? (1 жилийн хугацаанд, 1 даатгалын төрөл дээр жишээ болговол)
-Манай компанийн хувьд 2019 онд 5,152 тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгосон ба нийт гэрээний тоотой харьцуулбал 6%-д нөхөн төлбөр олгосон байна. Харин олгосон нөхөн төлбөрийг хураамжтай нь харьцуулбал 41%-тай байна. Нэмэлт тайлбар хэлэхэд компанийн борлуулалтын төлөвлөгөө ямар байхаас нөхөн төлбөрийн тоо хамаардаг учраас шууд энэ үзүүлэлтээр сайн, муу гэж тодорхойлох боломжгүй байдаг. Байгууллагын борлуулалт түлхүү хийдэг компанийн хувьд нөхөн төлбөрийн тооноос нь илүү нөхөн төлбөрийн дүнг нь харах хэрэгтэй. Манай компани өнгөрсөн оноос эхлэн иргэдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргасан ба үүнтэй холбоотой даатгуулагчийн тоо, нөхөн төлбөрийн тоо хоёулаа нэмэгдэх хандлагатай байна.
-Танай компани хэдэн даатгалын төрлөөр үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Ард даатгал ХК одоогийн байдлаар 50 гаруй үндсэн нэр төрлийн даатгалыг санал болгож байгаа бөгөөд нэр төрөл болгон даатгуулагчийн хэрэгцээ шаардлагаас хамааран харилцан адилгүйгээр дотроо олон хувилбаруудыг агуулж байдаг.
-Корона вирус гарлаа. Энэ бол хүн төрөлхтний төсөөлөөгүй гэнэтийн эрсдэл болж байна. Үүнд хүмүүс урьдчилан ямар төрлийн даатгал хийлгэж болох байв?
-Хүний эргэн тойронд эрсдэл хүлээж, отож байдаг. Үүний нэг нь элдэв өвчин, бактери, вирус, эдгээрийн нэгэн адил COVID-19 вирустэй холбоотой эрсдэл нь өнөөгийн нөхцөлд даатгагдах эрсдэл мөн үү гэдэгт эргэлзээ дагуулж байсан үе бий. Гэхдээ даатгалын компаниуд энэхүү эрсдэл даатгагдаж болох юм байна гэж үзсэний үндсэнд хүн уг вирусээр халдварлагдсан тохиолдолд түүнтэй холбоотой гарах эмчилгээний зардлыг төлөх, бусад холбогдон гарах зардлуудыг даатгалд хамруулан төлж эхэлсэн. Олон улсын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтад орох нэг тодорхой эрсдэлийг COVID-19 гэж тусгайлан зааж өгч оруулсан байна. Мөн зарим дотоодын даатгалын компаниуд үүнтэй холбоотой зардлыг тодорхой хязгаартай дүн бүхий хамгаалалтад оруулж байгаа.
-Таны бодлоор Монгол Улсад даатгалын салбарын хөгжил?
-Тодорхой хэмжээнд хөгжиж байна. Гэхдээ өөрчлөх, сайжруулах зүйл олон. Мэдээж хүн ам, зах зээлийн багтаамж бага учраас түүнд таарсан хэмжээнд зарим төрлийн даатгалын хүртээмж хангалттай хөгжсөн гэхэд болно.
Тухайлбал, жолоочийн хариуцлагын даатгалыг дурдаж болох байх. Гэхдээ энэ даатгалын үнэлгээг нэмэгдүүлэх, үйлчилгээг улам сайжруулах, боловсронгуй болгох ажил байгаа ба тасралтгүй сайжруулалт хийгдэж байх ёстой.
-Зах зээлд даатгалын үйлчилгээ хөгжихөд хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлс Таны бодлоор юу вэ?
-Тухайн улсын иргэдийн даатгалын боловсрол, хариуцлагын тогтолцоо мөн эрсдэлийн хяналт гэсэн 3-н хүчин зүйлээс шалтгаалан тухайн улсын даатгалын салбар өсөх эсэх нь хамаардаг гэдэгт итгэлтэй байна.
-Танай компанийн хамгийн тогтвортой, байнгын харилцагч ямар салбар, байгууллага байдаг вэ?
-Сүүлийн үед банкны зээлийн хүүг бууруулах талаар их яригддаг боллоо. Зээлийн хүүг бууруулахад чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэг нь даатгалын үйлчилгээ юм. Даатгалд хамрагдсан хөрөнгөнд учрах хохирол, төлбөрийн тасалдал үүсэх зэргээс сэргийлэх нь хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг бууруулж банкны хүүг бууруулах нэг бодит хүчин зүйл. Үүн дээр Худалдаа, хөгжлийн банк идэвхтэй ажиллаж санхүүгийн бодит арга хэрэгсэл ашиглаж байгаа нь сайшаалтай юм.
-Ард даатгалын салбар дээр өөрийн биеэр очихоос гадна өөр ямар аргаар танай даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авч, хамрагдах боломжтой вэ?
-Иргэд үйлчлүүлэгчид ХХБ-ны хүссэн салбартаа хандан манай даатгалын үйлчилгээ болон мэдээлэл авах боломжтой байгаагийн дээр банкны гар утас, аппликэйшн ашиглаж даатгуулах боломж ч нээлттэй байгаа. Аливаа гэнэтийн үйл явдлыг 100% урьдчилан таамаглах ямар ч аргагүй. Иймээс даатгалын үйлчилгээ нь хувь хүний хариуцлага, ухамсартай холбогдож байдаг. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа Та бүхэн бусдын төдийгүй хайртай хүмүүсийнхээ сайн сайхан, амар тайван байдлын төлөө даатгалын үйлчилгээнд хамрагдаж амьдралынхаа нэг хэсэг болгох уриалгыг дэвшүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа,
Холбоотой мэдээ