Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.7.9/ боллоо. Хурлаар Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээ болон олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа зэрэг гурван оролцогчид холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Тэднийг үгсэн тохиролцон, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад 14.9 тэрбум төгрөгийн хор хохирол учруулсан гэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Б.БАТСАЙХАНЫГ ХОЁР ЖИЛ ХОРИНО
Батлах хамгаалах яамны Төрийн нарий бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч байсан Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга Н.Сугар нарт Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасны дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаЖ, улсад онц их хэмжээний хохирол учруулслан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх хүсэлт ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Тус хэргийг тавдугаар сарын 5-нд хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасах, хоёр жилээр хорих, Л.Балдан-Очирыг мөн томилогдох эрхийг нь хоёр жилээр хасах, 5.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, Н.Сугарыг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ. Дээрх иргэдийг эрх мэдлээ урвуулан ашиглан 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.
“ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРЭГ ХОЙШИЛЛОО
“Жи Тайм”-ын хэрэгт холбогддог Э.Оюунчимэг нь Казахстан улсын иргэн М.Мараттай хамтран сүлжээний бизнес эрхлэх замаар нийт 11398 иргэнд 25.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн шүүх хурал хойшилжээ. Шалтгаан нь шүүгдэгч нэмэгдэл өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэрэгтэй танилцах тул шүүх хурал хойшилсон байна. Тус хэргийг долдугаар сарын 17-нд шүүхээр болжээ. Эл хэрэг олон хохирогчтой тул шүүх хурлыг лайваар явуулах юм байна.
“ДЦС-2”-ЫН С.БЯМБААХҮҮГИЙН 14 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААЖЭЭ
“Дулааны цахилгаан станц-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус байгууллагын ерөнхий нягтлан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн АТГ-аас шалгалт явуулахад С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг олдсон бөгөөд энэ мөнгийг хурааж улсын орлого болгосон байна. Б.Даваадуламд 5.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн сая төгрөгийг хураажээ.
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРГИЙГ ТУСГАЙЛАН ШҮҮНЭ
Салхитын мөнгөний орд гэх тодотголтой Ш.Мөнгөншагай тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийн тухайд шүүгдэгчийн биеийн байдал муудсан тул н.Өнөрцэцэг, н.Сайханцэцэг нарыг тусгайлан шүүхээр шийдвэрлэсэн.
Ш.БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШАТАНД ЯВНА
“Жаст”-ын Ш.Батхүүг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, устгах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэрбээр хуурамч бичиг баримтаар Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч улсад онц их хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа яваа бөгөөд шүүх хурал товлогдоогүй байгаа юм.
Г.СОЛТАНЫ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг мөн дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
1.2 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН Д.ДАМБА-ОЧИРТ МӨН АДИЛ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Мөн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
С.БАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРААГҮЙ БАЙНА
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт яллах дүгнэлт ирүүлжээ. Шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш шүүх хурлыг дөрвөн удаа хойшилсон. Улмаар долдугаар сарын 6-нд шүүх хурлыг товлосон ч С.Баяр, Ч.Давааням нарын өмгөөлөгч хуралд ирээгүй тул тэдний шүүх хурлыг жич товлон хуралдахаар болсон. Харин С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.
Э.БАТ-ҮҮЛИЙН ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЛОО
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хурал зургаан удаа хойшлоод байна. Э.Бат-Үүл, Б.Чулаадай нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл шүүх хурал хойшиллоо. Шүүх хурлын тов одоогоор зарлагдаагүй байна.
Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЗУРГААН ЖИЛ ХОРИХООР БОЛОВ
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зэрэг таван хүнд холбогдох шүүх хурлын шийдвэр энэ сарын 6-нд гарсан. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг өөртөө, өөрийн төрсөн дүүд давуу байдал бий болгож, Өмнөговь аймагт 020922 дугаарын газрыг таван сая төгрөгөөр худалдан авсан. Энэ мэт 10 гаруй лицензийг өөрийн нэр дээр шилжүүлж, зарсан гэх хэрэгт холбогдсон. Ингээд түүний нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оноосон.
Н.НОМТОЙБАЯРЫГ 5.5 ЖИЛ ХОРИХООР БОЛОВ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдсон. Улмаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 5.5 жил хорих ял оноосон.
ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 53632 ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Энэ оны эхний хагас жил Монгол Улсын шүүх 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10909 нийт 48489 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Дээрх хэрэгт 7422 хүн, гурван хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10640 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө суллажээ. Мөн 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ