Монгол дайчин Мулан гэж хэн байв

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Монгол дайчин Мулан гэж хэн байв

Мулан нэрт хүүхэлдэйн киног үзээгүй хүн өдгөө бараг үгүй гэхэд хилсдэхгүй биз. Тэр тусмаа 2000-аад онд хүүхэд насаа өнгөрөсөн өнөөгийн залуус уг киног цэнхэр дэлгэцээр шимтэн үзсэн болов уу. Сүүлийн үед Хуа гэгч Фа Мулан хэмээх зоригт эмэгтэй нь нүүдэлчин овгийн буюу Монгол удмын хүн байсан гэх олон судалгааны үр дүн, таамаг, баримт, нотолгоо гарч ирсээр буй.

NEWS.MN энэ долоо хоногийн "Хүмүүс" буландаа дэлхий дахины анхаарлыг татаж буй Фа Мулан буюу Замбага хэмээх Монгол дайчин бүсгүйг онцолж байна.

ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛҮҮД

Мулан хүүхэлдэйн киног Дисней кино компани 1998 онд Хуа Муланы домог хэмээх эртний түүхэн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Энэ нь Диснейн ес дэх бүрэн хэмжээний бүтээл болсон бөгөөд Мулан одоо ч Цасангоо, Үнсгэлжин, Элса зэрэгтэй мөр зэрэгцэн хамгийн алдартай гүнжүүдийн тоонд багтсаар байгаа юм. Хүүхэлдэйн кинонд өндөр настай дайчин Фа Жоугийн охин Фа Мулан аавынхаа өмнөөс цэрэгт татагдан Хүннү гүрний цэргүүдтэй тулалдаж буй тухай Хань улсын түүхэнд дүрслэгддэг.

Кинонд өгүүлдэг түүхийг эргэн нэг санавал НТӨ 200-аад онд “бүдүүлэг” Хүннү гүрний Шаньюйгаар удирдуулсан цэргүүд цагаан хэрмийг даван Хань улсыг түрэмгийлдэг. Улмаар Хань улсын хаан нэг гэр бүлээс дор хаяж нэг эрэгтэй хүн армид элсэхийг тушаадаг. Гэтэл Муланы гэр бүлд ганцхан эр хүн байсан нь түүний өндөр настай аав Фа Жоу байв. Нас өндөр аавыгаа дайнд мордвол амьд эргэж ирэхгүй хэмээн санаа зовсон Фа Мулан зүсээ хувилган эр хүн болж, аавынхаа өмнөөс цэрэгт татагдана. Цэрэгт байх хугацаандаа Мулан ахмад Ли Шанд сэтгэлтэй болж, хүннүчүүдийг тулаанд ялж, ур чадвараа үзүүлж, түүний сэтгэлийг татна. Киноны төгсгөлд хүннүчүүд Хань улсын хааны ордонг эзэлсэн байх бөгөөд Мулан хэдэн нөхдийн хамт ордонд орж, хүннүчүүдийг ялаад зогсохгүй Шаньюйг дээвэр дээрээс салютаар тэнгэрт хөөргөн дэлбэлж орхидог. Гэвч бодит түүх үүнээс өөр юм.

Мөн 2009 онд хятадууд ижил нэрт бүрэн хэмжээний кино бүтээсэн ч БНХАУ-аас өөр орны үзгэчдэд хүрээгүй байна. Гэхдээ уг киноны үйл явдал 1998 онд бүтээгдсэн хүүхэлдэйн киноноос бага зэрэг өөр аж. Тухайлбал тус кинонд НТӨ 200-аад он бус НТ 450 он гарах бөгөөд тухайн үед Тоба Вэй улс Монгол удмын Нирун улсын дарамтанд байжээ. Энэ үед тэтгэвэрт гарсан дайчин Хуа Хү дахин нэг удаа дайнд мордох хэрэгтэй болдог. Харин түүний охин Хуа Мулан эцгийгээ өрөвдсөндөө бус өөрийгөө баталж харуулахын тулд гэрээсээ оргон, аавынхаа өмнөөс цэрэгт элсдэг. Учир нь Мулан хэчнээн ухаалаг бөгөөд зэвсгийн эрдэмд гарамгай ч тухайн үеийн соёлоос болоод эмэгтэй хүн учир юу ч хийх эрхгүй байж. Гэвч Мулан удалгүй илчлэгдэж, цаазаар авах ял сонсно. Тэрбээр энэ бүхнийг аавд нь хэлэхгүй байхыг, өөрийх нь шарилыг нууцаар оршуулахыг хүсдэг. Гэтэл Нирун улсын цэргүүд гэнэт шорон руу дайрахад Мулан тэдэнтэй тулалдаж, улмаар командлагчийг нь хөнөөж, цаашлаад ялаас өршөөгдөнө. Энэ үйл явдал нь бодит түүх гэхээс илүү уран сайхны киноны зохиол тул түүхэнд байгаагүй хаан болон жанжидын дүр, тулаанууд ихээр гарчээ.

Харин энэ онд америкчүүд дахин нэг ижил нэрт бүрэн хэмжээний кино хийсэн нь 1998 оны хүүхэлдэйн киног уран сайхны кино болгосон хувилбар юм. Үйл явдал нь хүүхэлдэйн кинотойгоо яг ижил бөгөөд хийц, дүрслэл чанартай учир олон хүний анхаарлыг татаж, Мулан гэж эмэгтэй түүхэндээ яг хэн байв гэдэг нь сонирхлыг улам өдөөж өгсөн юм.

БОДИТ ТҮҮХ

1998 оны хүүхэлдэйн кинон дээр өгүүлэгдэх түүхийг дахин нягталж Хүннү гүрний түүхийг саная. МЭӨ 318 онд Хүннү нар бусад улсуудтай нийлэн Цинь улс руу довтолсон гэж түүхийн сударт хамгийн анх дурдагджээ. Хүннү улс МЭӨ 209 онд Модун өөрийн эцэг Түмэн шаньюйг хороож, Шаньюйгийн суудлыг булаан авсан. Энэ явдлыг өмнөх үеийн түүхчид Модун шаньюй бол Хүннү улсыг байгуулсан гэж бичсээр ирсэн ч, үүнээс өмнөх үеийн хэд хэдэн Шаньюйг дурддаг нь Хүннүгийн төрт ёсны түүх эртний уламжлалтай гэдгийг нотлож байдаг. НТӨ 198 онд Баруун Хань улстай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба татвар авч, Торгоны их замыг хяналтандаа байлгасан. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Үүнд нь хууртсан Хань улсын элч Хүннүгийн цэргийн хүчийг басамжлан үзэж дайн зарласан боловч тус улсын цэрэг Хүннүгийн цэрэгт хиар цохиулж байжээ. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, умард Хүннү нь тусгаар оршиж, өөр хоорондоо дайтах болсон байна. Өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор НТ-ний I зуунд Сяньби улсын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм.

Харин 2009 оны кинонд гардаг түүхийг нягталж, Хирун буюу Жужан улсын түүхийг сөхвөл: 260-317 оны үед хүннүчүүд хэдэн зуун овог болон хуваагдсан байна. Овог болгон өөрийн гэсэн нэр хочтой, тэдний нэг нь жужанчууд байжээ. Нүүдэлчдийн байгуулсан төр улсуудын үүсэл, мөхөл голдуу хүчирхэг бие хүмүүстэй холбоотой байдгийн адилаар Нирун улсын үүсэлд Чаругуй түүний удмын Жарун нар чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Жарун 394-402 онд тэр үеийн Монгол оронд оршиж байсан тархай бутархай аймаг, ханлигуудыг ээлж дараалан довтолж өөртөө нэгтгэжээ. IV зууны эхээр байгуулагдсан Нирун улсын эхний хэдэн хаад өвөл говийн ард гарч, зун нь говийн өмнүүр Иньшань (Газал) уулын ар хормойгоор ихэвчлэн нутаглаж байжээ. 402 оны зун Жарун хаан Лухунь (Өгий) нуураас баруун хойш дөч, тавин км газарт өргөөлж байсан Өндөр тэрэгтний Хулюй аймгийн эзэн Бэйхоули-тай байлдаж аймгийг хураав. Удалгүй Орхон голд Жибаецзи (Йер Байырку) аймгийн эзнийг ялж улсыг нь хураав. Ийнхүү Жарун хаан Говийн арын нүүдэлчдийг өөртөө нэгтгэж бэсрэг, Ханлиг улсын хэмжээнд дал, наяад жил явж ирсэн Нируны газар нутгийг тэлж, хүн амаа нэмж, Төв Ази төдийгүй хөрш бүс нутгуудад томоохон үүрэгтэй хүчирхэг улс болгож чаджээ. 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жужаний хаан ширээнд Мугулюйн удмын нийт 23 хаан сууснаас хамгийн алдартай нь Шэлунь (Жарун, 394-410), Датань (Татар, 414-429), Нагай (492-501), Чуну (508-520), Анагуй (520, 522-552) нар юм. Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Жужан улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 391, 394, 410, 424-425, 429, 449 оны дайн тус улсад их хохирол учруулжээ. Харин нирунчууд Тоба Вэй улсыг 402-523 оны хооронд их бага, тооны цэргээр 27 удаа дайран довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд үлэмж тооны цэргээр довтолсон байдаг

Гэвч эдгээр нь Муланы эх зохиолд гардаг түүх биш аж. Тэгвэл Муланы гарвалыг ойлгохын тулд Тоба аймаг болон дээр дурдсан Тоба Вэй буюу Дай улсын түүхийг дахин саная.

Тоба бол Сяньбигаас салбарлан гарсан нэгэн аймаг аж. Зарим түүхчид Хүннү эхтэй, Сяньби эцэгтэй хүмүүс тобачууд болсон хэмээн үздэг. III зуун сүүл үеэс Ливэй хан говиос өмнө зүг нүүж одоод, нилээд хүчирхэг болсон. Нэг үе улс байгуулж, байсныг хятад сударт Дай улс гэж тэмдэглэжээ. Гэвч IV зууны дунд үед ихэд доройтож, Хүннүгийн Цинь улсад багтаж байснаа Тоба Гүй хан, цагийн чөлөөг ашиглаад Цинь улсаас салж, бие даасан бодлого явуулж эхэлсэн байна. 386 онд улсын нэрээ сольж Вэй гэж нэрлэсэнээр хожим түүхэнд Тоба Вэй гэж алдаршихад хүрсэн. Тоба нар нь эхэндээ эртний өвөг монгол соёлоо хадгалж байснаа, Юань Хун хааны үеэс хятадын дунд лав орж суурших болсноор уг угсаатны мөхөл ирсэн юм. 534-535 оны хооронд улс нь хоёр хэсэгт бутран сарниад, хятад газарт суусан нь тэндээ уусч, бусад нь хожим Түрэг улсад дагаар оржээ. Ийнхүү Монгол удмын улсаас тасарч, бие даасан улс байсан ч хожим Хятадад ууссан нь өдгөө Тоба Вэй бол Хятад угсааны улс байсан мэтээр эндүүрэгдэх болсон байна.

МУЛАНЫ ДУУЛЬ БУЮУ ЭХ ЗОХИОЛ

Хуа Муланы тухай хамгийн анхны бичигдэн үлдсэн түүхийн дурсгал бол XI-XII зууны нэгэн шүлэг байх агаад тэр нь бүр эртнээс ам дамжин яригдаж ирсэн домог гэнэ. Зарим судлаачид тэрхүү шүлгээс Муланыг V зуунд амьдарч байсан хэмээн үздэг аж.

Түүнээс хойш Мин улсын үед буюу 1593 онд Шю Вэй зохиолч уг домгоор хоёр үзэгдэл бүхий жүжгийн зохиол бичсэн байна. Хожим XVII зуунд Чу Ренхүо өөрийн бичсэн Суй Таны дурлалын түүх түүхэн зохиолдоо Муланы тухай оруулсан байдаг.

Дээр дурдсан “Муланы үг” шүлгийг үзвэл Мулан улсынхаа удирдагчийг Их Хаан (可汗) хэмээн тодорхойлсон байдаг нь тухайн үед Тоба Вэй улс Монгол удмын хаантай буюу Хятадад уусаагүй байсан үе гэдгийг баталдаг.

Өдгөө кино, уран бүтээлүүдэд Мулан бол Хятад угсааны улсын дайчин бүсгүй бөгөөд Монгол дайчидтай байлддаг хэмээн дурддаг ч уг шүлгийг нарийвчлан судалбал Мулан нь дээр дурдсанчлан Тоба Вэй улсын Монгол эмэгтэй байсан төдийгүй 416 оноос эхлэн улсынхаа газар нутгийг Хятадын Ян эзэн хааны цэргүүдээс хамгаалан тулалдаж байжээ.

Түүгээр зогсохгүй Муланы жинхэнэ нэрийг Замбага гэдэг байсан гэж ч олон судлаачид үздэг аж. Учир нь Хуа Мулан гэх хятад үгийг орчуулж үзвэл модны цэцэг гэх утга гарах ба энэ нь халуун орны нэгэн зүйл мөнх ногоон бут болон түүнээс ургадаг том цагаан, ягаан цэцгийг нэрлэдэг аж. Харин тэрхүү цэцгийн Монгол нэр нь Замбага гэнэ. Үүнийг орчин үед magnolia гэх латин нэрээр нь хүмүүс сайн мэднэ.

МУЛАНЫ ҮГ ШҮЛГИЙГ ОРЧУУЛЖ ҮЗВЭЛ:

唧唧復唧唧

木蘭當戶織

不聞機杼聲

唯聞女嘆息

Санаа алдана, шүүрс алдана,

Замбага хаалга үүдээ нээнэ.

Ажин түжин чимээ алс, ойрд ч огт анир үгүй,

Алдрай охины шаналан л тодоос тод сонсогдоно.

問女何所思

問女何所憶

女亦無所思

女亦無所憶

Бүсгүй гэнэн сэтгэлийг чинь хэн ингэж зовооно вэ?

Бодол санааны чинь мухарт хэн тэгж дэнжигнэнэ вэ?

“Үгүй дээ, хэнийг ч би бодоогүй.

Үнэндээ,  бодох ч юм үгүй.”

昨夜見軍帖

可汗大點兵

軍書十二卷

卷卷有爺名

Урьд шөнө би цэргийн зарлан олж үзлээ,

Их Хаан минь эр цэргээ нэгтгэж буй гэнэ.

Арван хоёр хуудас бүртгэлийг нь уншлаа,

Аавын минь нэр бүгд дээр нь бичигдсэн байна.

阿爺無大兒

木蘭無長兄

愿為市鞍馬

從此替爺征

Эцэгт минь эр цэрэг болох нуган үр үгүй,

Энэ гэр бүлд надаас ахмад хүү үгүй.

“Эмээл, хазаар, адуу худалдаж авья,

Эцгийнхээ оронд охин нь мордъё.

東市買駿馬

西市買鞍韉

南市買轡頭

北市買長鞭

Зүүн хоршооноос тэрэг авлаа,

Баруун хоршооноос эмээл, тохом зэхлээ,

Урд захаас харин хазаар оллоо,

Хойд захаас ташуур барилаа.

朝辭爺娘去

暮宿黃河邊

不聞爺娘喚女聲

但聞黃河流水鳴濺濺

Үүрээр охин ээж аавыгаа орхиод, баяртай гэдгээ сэтгэлдээ шивнээд,

Үдэш болоход Шар мөрний эрэгт буудаллаад төрсөн гэрээ нэхэн саналаа.

Үрээ дуудах ээж, аавын хоолой дуулдсангүй, төсөөлөгдсөнгүй,

Үерлэн урсах Шар мөрний чимээ л уйлах лугаа адил сонсогдоно.

旦辭黃河去

暮至黑山頭

不聞爺娘喚女聲

但聞燕山胡騎聲啾啾

Дараа үүрээр нь охин Шар мөрнөө орхиод,

Дахин үдэш болоход Хар уулнаа ирлээ.

Үрээ дуудах ээж, аавын хоолой дуулдсангүй, төсөөлөгдсөнгүй,

Үүрсэх морьдын дуун л үе үе уйлах лугаа адил санагдана.

萬里赴戎機

關山度若飛

朔氣傳金柝

寒光照鐵衣

Дайны талбар луу түмэн бээрийг тууллаа,

Туулахдаа уул толгодыг нисэх мэт өнгөрлөө.

Умардын сэвшээ салхи дайны чимээг тээн сонсогдлоо,

Уйтай сарны туяа дайчдын хөө хуяг дээр ойн үзэгдлээ.

將軍百戰死

壯士十年歸

歸來見天子

天子坐明堂

Зуун дайныг жанжид баралгүй өвдөг сөхөрлөө,

Зоригт хөвүүд арван жилийн дараа дайнд яллаа.

Охиныг хаан дуудаж, авчрууллаа,

Орд өргөөндөө оруулж, ярилцлаа.

策勛十二轉

賞賜百千強

可汗問所欲

“木蘭不用尚書郎

愿借明駝千里足

送兒還故鄉”

Үйдсэн гэм арван хоёроор тоологдов,

Үнэнч буяны шагнал харин хэдэн зуу, мянга аж.

Хан түүнээс хүсэл зоригийг нь асуувал:

“Надад хэргэм зэрэг, албан тушаал хэрэггүй,

Надад гэртээ харихад хамгийн хурдан морь л хэрэгтэй.

爺娘聞女來

出郭相扶將

阿姊聞妹來

當戶理紅妝

Аав ээж хоёр нь охиноо ирэхийг дуулаад,

Бие биенээ түшсээр хүрээний үүдэнд очжээ.

Эгч нь дүүгээ ирэхийг мэдээд,

Хаалга үүднийхээ тоосыг арчжээ.

小弟聞姊來

磨刀霍霍向豬羊

"開我東閣門

坐我西閣床

Бяцхан дүү нь эгчээ ирэхийг сонсоод,

Хутгаа ирлэж, хонь гаргажээ.

“Би гэртээ ирж, зүүн өрөөнийхөө хаалгыг том нээв.

Би төрхөмдөө ирж, баруун өрөөнийхөө орон  дээр суув.

脫我戰時袍

著我舊時裳."

當窗理云鬢

對鏡貼花黃

Би дайнд өмссөн хуягаа тайлж орхиод,

Хуучин хөнгөн хувцсаа өмслөө

Цонхны тусгалд хараад үүл шиг зөөлөн үсээ самналаа,

Толины өмнө суугаад цэцэг шиг шаргал энгэсгээ түрхлээ.

出門看火伴

火伴皆驚惶

同行十二年

不知木蘭是女郎

Бүсгүй эргэн гарч зэвсэг нэгт цэргүүддээ очлоо.

Цэргүүд харин гайхахын эрхэнд цочлоо.

Арван хоёр жил мөр зэрэгцэн тулалдсан

Анд нөхөр нь бүсгүй гэдгийг мэдээгүй ажээ.

“雄兔腳扑朔

雌兔眼迷離

兩兔傍地,

安能辨我是雄雌?”

“Эр туулай хөлөө дэвслэдэг,

Эм туулай нарийн нүдтэй байдаг.

Гэвч хоёр туулай зэрэгцээд гүйж өнгөрвөл,

Аль нь эр, аль нь эм гэж яахан мэдэх билээ?”

БАРИМТ НОТОЛГОО

Сүүлийн үед антропологич Кристин Ли, Яхайра Гонзалез хоёр хэдэн жилийн турш Монгол, Хятадын нутгуудаар аялж, цуглуулсан мэдээллүүдээ тайлагнасан билээ. Тэд эртний Монголын 29 булш ухаж, судлахад гурван ч эмэгтэй хүний яс олдсоноос хоёр нь яахын аргагүй дайчид байжээ. Ясыг сайтар нарийвчлан судлахад их булчинлаг эмэгтэйчүүд байсан бөгөөд олон тооны гэмтэл авсан байжээ. Энэ нь чадварлаг харваачид байсныг илтгэсэн аж. Харин Хятад, Туркээс олдсон эмэгтэй хүний яснуудыг судалж үзэхэд мөрний булчин эрс бага байсан нь тухайн үеийн Турк, Хятад эмэгтэйчүүд дайн байлдаанд оролцдоггүй байсныг баталсан байна.

Тэдний энэхүү тайланд дурдагдсан эмэгтэй дайчны араг яс Мулан буюу Замбагын яс гэх нотолгоо үгүй ч Монгол эмэгтэйчүүд түүн шиг чадварлаг, эрэлхэг дайчид байсны баталгаа болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж