Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах өнөөдөр /2020.07.09/ олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг анх хууль хяналтын байгууллага 2019 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байхад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа шуурхай явагдсан. 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн шалгасан ажил маань гэнэт өөрчлөгдсөн, мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах байгууллага болон энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурорын байгууллага гэнэт өмнө нь шалгаж байгаа асуудлаар Н.Номтойбаярт холбогдуулан ялагдагчаар татсан тогтоолдоо өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг шүүхэд шилжүүлэх зорилготой байсан гэж бид бүхэн харж байна.
Үүнтэй холбоотойгоор Н.Номтойбаяр нар нэгэнт тогтоолд өөрчлөлт орсон тул тогтоолтой танилцах, нотлох баримтаа гаргаж өгөх, мэдүүлгээ өгье гэсэн хүсэлтийг хууль хяналтын байгууллагад тавьсан. Харамсалтай нь прокурор хүлээж аваагүй. Хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр шилжиж ирсэн. Хэргийг шилжүүлэхээс өмнө процессын хуульд заасны дагуу гэм буруутай гэж үзээд буй хүмүүстээ прокурорын байгууллага яллах дүгнэлтээ өгөх ёстой. Энэ хуулийн заалт ноцтой зөрчигдсөн. Энэ хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс тавдугаар сарын 7-ны өдөр 16.15 цагийн үед Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн үүдний нэг давхарт яллах дүгнэлтийг Н.Номтойбаярт гардуулахыг оролдсон. Энэ мэтчилэн хуульд заасны дагуу энэ хэрэгт ажиллагаа хийгдээгүй гэдгийг хэдхэн жишээгээр нотолж байна.
Шүүх хэргийг хүлээж аваад 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр энэ хэрэгт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон мөн хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хамтад нь хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Шүүх үндсэн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр товлосон. Энэ цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдрөөс хойш хоёр хоногийн дараа гэсэн үг. Гэтэл шүүх хэргийн оролцогч нарт буюу өмгөөлөгч, шүүгдэгч нарт гэнэт 2020 оны зургадугаар сарын 9-ны өдөр шүүх хуралдаантай гэсэн товыг утсаар мэдэгдсэн. Дараагийн шатны шүүхийг зургадугаар сарын 11-ны өдөр товлосон. Хэргийн оролцогчид болох өмгөөлөгч, шүүгдэгч нар шүүх хурлыг зургадугаар сарын 26-нд болно гэж цаг заваа зохицуулж байхад гэнэт тов нь өөрчлөгдсөн. Энэ ямар учир шалтгаантай болохыг хэвлэлийнхэн шүүхээс асуугаарай гэж хүсч байна. Учир нь хэргийн оролцогч нарт энэ талаарх мэдээллийг одоо болтол өгөхгүй байна.
Ингээд зургадугаар сарын 11-нд товлогдсон шүүх хуралдааны бэлтгэл хангагдаагүй, хэргийн оролцогч нарын зарим нь ч ирээгүй нөхцөл байдал үүсэн учраас шүүхийг хуралдааныг дахин хойшлуулсан. Н.Номтойбаяр болон бусад хэргийн оролцогч нар шүүх хуралдааныг хойшлуулах сонирхол байгаагүй. Яагаад гэвэл шүүх хурал анхнаасаа зургадугаар сарын 26-нд товлогдсон байсан.
Мөн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс Н.Номтойбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Үүнээс болоод сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон.
Сонгуулийн тухай хуулийн 5.2.1, 5.2.2 –д зааснаар шүүх сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн этгээдтэй хамааралтай цагдан хорих ажиллагаа байгаа бол зөвшөөрлийг СЕХ-оос авах зохицуулалт бий. Гэтэл шүүх энэ зохицуулалттай холбоотой үүргээ биелүүлээгүй. Энэ үүргээ биелүүлэхийг өмгөөлөгчийн зүгээс удаа дараа илэрхийлж ирсэн. Харамсалтай нь, анхан шатны шүүх хүлээж аваагүй. Ингээд 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. Н.Номтойбаярын зүгээс өмгөөлөгч шинээр авах, тухайн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцуулж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийг шүүх хангаагүй. Энэ хэрэгт харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хүмүүс шүүгдэж байсан. Өөрөөр хэлбэл гэм буруугийн хувьд маргаж байгаа улсууд байсан. Гэтэл бусад шүүгдэгч нар өмгөөлөгчтэй байхад Н.Номтойбаярын хувьд өмгөөлөгчгүй оролцсон нөхцөл байдал үүссэн. Энэ хэрэгт хамааралтай н.Нямдаваа гэх шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцсон хэдий ч өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Хуулиар тогтоосон хэргийн оролцогчийн эрхийг шүүх яагаад зөрчив.
Анхан шатны шүүх долдугаар сарын 7-ны өдөр шийдвэрээ гаргасан. Миний хувьд энэ шүүх хуралдаанд сонсох шатанд оролцсон. Шүүх шийдвэрээ танилцуулахдаа үндэслэлээ тайлбарлаагүй, агуулгыг танилцуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс шүүхийн шийдвэр бичгээр гарангуут дээд шатны шүүхэд давж заалдана" гэсэн юм.
Н.МАНДАХ: ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ОЛГОДОГ ЗЭЭЛИЙГ БАНКААР ХҮҮ ТООЦОЖ ОЛГОСОНГҮЙ ГЭЖ Н.НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХ БУРУУТГАЖ БАЙНА
Мөн тэрбээр хэлэхдээ "Энэ хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийг 22.1 –р зүйлийн 3-т заасан үндэслэлээр Н.Номтойбаярыг буруутгаж буй. Энэ зүйлчлэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн заалт. Энэ хэрэг дээр Н.Номтойбаяр 2016 онд УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүн болсон. Мөн МАН сонгуульд ялалт байгуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан. Сайдаар ажиллаж байх хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Гэтэл 2016 онд Засгийн газар байгуулагдаад УИХ-р Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хуульд заасан үүргийнхээ дагуу 2016 болон 2017 онд холбогдох журмыг баталсан. Энэ журам нь 2018, 2019 тухайн үеийн Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хүрээнд өөрчлөлт ороод явж байгаа. Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байгаа тул сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ буруутгаж байгаа зүйл нь зөвхөн 2016 онд Засгийн газрын хуралдаанаар ороод батлуулсан үйл ажиллагааныхаа эсрэг ажилласан гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа. Гэтэл энэ асуудал нь 2017 онд нээлттэй нэмэлт өөрчлөлт ороод явж байсан. Гол үндсэн агуулга нь зорилтот бүлэгт олгодог төслийн зээлийг банкаар олгосонгүй, мөн хүү тооцсонгүй гэж буруутгаж байгаа. Энэ зээл ЖДҮ-ийн зээлээс өөр. Хоёрдугаарт өмнө нь хэрэгжиж байсан практикаас авч үзэхэд зарим зээл нь эргэж төлөгддөггүй, зарим авсан зээл нь зорилтот бүлэгтээ дэмжлэг хэлбэрээр олгогддог байсан. Н.Номтойбаяр сайд болсноосоо хойш энэ асуудлыг тухайн журамд өөрчлөлт оруулан эргэн төлөгддөг болгосон.
Гэм буруутай гэж үзээд буй энэ агуулга дээр нийтдээ 29 төрлийн зорилтот бүлэгт зээл олгосон гэдэг зүйл яригдана. Мөн энэ асуудал гэмт хэргийн шинжтэй юу гэдэг дээр бид бүхэн маргаж явж байгаа. 29 төрлийн зорилтот бүлэгт олгосон зээлийн 22 нь өнөөдөр төлөгдчихсөн байна. Үүн дээр хохирол төлбөргүй гэсэн зүйл явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хохирогчгүй гэмт хэрэг болчихож байгаа юм.
Өчигдөр прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэл хийсэн. Ингэхдээ хохирол төлбөр албан тушаалын гэмт хэрэгт яригддаггүй гэсэн агуулгатай мэдээллийг хийсэн. Миний хувьд хуульч хүний хувьд үүн дээр маш харамсч байна. Мөн прокурорын байгууллага Н.Номтойбаярт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн буруу мэдээллийг өгсөн. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй. Монгол Улсын шүүх гурван шатны шүүхтэй. Мөн Н.Номтойбаяр мөрдөгчийг дарамталсан эсэх асуудлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болсон. Өмгөөлөгчийнх нь хувьд Н.Номтойбаяр нь мөрдөгчийг дарамталсан зүйл нотлогдоогүй. Мөн хэрэгт авагдаагүй" гэв.