ОБЕГ: Аадар бороо орох тул үерээс болгоомжил | News.MN

ОБЕГ: Аадар бороо орох тул үерээс болгоомжил

ОБЕГ: Аадар бороо орох тул үерээс болгоомжил

ОБЕГ: Аадар бороо орох тул үерээс болгоомжил

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр /2020.07.09/ мэдээлэл хийх үеэрээ баяр наадмын өдрүүдэд бороотой байхыг анхаарууллаа.  Иймээс аялал зугаалгаар явахдаа  үер усны ослоос болгоомжлохыг анхааруулав.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛСЭН БОРООТОЙ

Ус цаг уур орчны шинжилгээний газраас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан дүн мэдээллийг танилцуулав. Энэ сарын 10-нд нутгийн зүүн хэсэг, зүүн гурван аймаг усархаг аадар бороо орно. Ялангуяа Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгийн ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороотой.  Харин 11-нд мөн нутгаар бороо орох ч хүчний хувьд багасна. Мөн баруун болон төвийн аймгуудаар дуу цахилгаантай усархаг аадар бороотой. Энэ сарын 12-нд баруун төв, 13-нд баруун, 14-нд хойд, төв хэсгээр усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Товчхондоо, баяр наадмын өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай үргэлжилсэн аадар бороо орох нь.

ЦУОШГ-ын инженер н.Должинсүрэн:

Долдугаар сар гарснаас хойш уулархаг нутгаар гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух аюул тохиолдож байна. Олон жилийн дунджаар сард нэг удаа ордог хур тунадас нэг өдөрт орох тохиолдол ч энэ сард ажиглагдлаа. Өнгөрсөн хоногт Архангай, Булган, Хөвсгөл аймагт усархаг бороо орсон. Булган аймагт хамгийн их  буюу 88 мм хур тундас орлоо. Аадар борооны өмнө нөөлөг салхи, аянга буух эрсдэлтэй тул малчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Агаарын температур маргааш хамгийн сэрүүхэн 11-20 градус байх төлөвтэй ч долдугаар сарын 11-ны өдрөөс 20-25 хэм хүртэл  дулаарна. Ерөнхийдөө газрын хөрс чийг ихтэй үед агаарын температур дулаарах үед гэнэтийн аадар орох хүчин зүйл болдог тул үер усны аюул болох хүчин зүйлс болдог гэлээ.

Усны ослоор 39 хүн амиа алджээ

Энэ оны эхний хагас жилд үер усны ослоор нийт 39 хүн амиа алджээ.  Үүнээс ес нь бага насны хүүхэд байсан аж.  Эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд цаг бусаар амь насаа алдсаар байгааг ОБЕГ-аас анхааруулж голын эргээр тоглуулахгүй байхыг зөвлөлөө. Усны ослоор амь насаа алдагсдын дийлэнх нь буюу 43 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.  Шалтгаан нь, Туул гол дээр амарч зугаалсан,   архидан согтуурсан үедээ болон бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэн усанд энджээ.

Усны ослоор амиа алдсан хүмүүсийн 93 хувь нь 18-35 хүртэлх насны эрчүүд аж. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр баяр амралтын өдрүүдэд жилд дунджаар 10 хүн амь насаа алддаг байна. Иймд баярын өдрүүдэд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулав.

Сүүлийн нэг сар гаруй хугацаанд үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас нийт 11 хүн үерт энджээ. Энэ сарын 3-нд Өмнөговь аймгийн нутагт аялж явсан нэг гэр бүлийн зургаан хүн үерт автаж 5 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн өдөр Сүхбаатар аймагт мотоциклтой гол гатлах гэж байсан хоёр иргэн, Эрдэнцагаан суманд гол гатлах гэж байсан хоёр хүний нэг нь усанд осолджээ.

БАТАЛГААГҮЙ ЗАМААР ЗОРЧДОГ, ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ТООДОГГҮЙ НЬ АМЬ НАСАА АЛДАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга хурандаа Б.Мандахгэрэл:

Баяр наадмын өдрүүдээр иргэдийн урсгал хөдөө орон нутгийг чиглэдэг. Амарч зугаалахдаа сонор сэрэмжээ алдахгүй байх шаардлагатай. Иргэдийн хувьд орон нутагт баталгаагүй замаар зорчдог, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангадаггүй, цаг уурын байгууллагын мэдээг тоодоггүй зэрэг шалтгаанаас үүдэн бага насны хүүхэд амь насаа алдсан тохиолдлууд гарсаар байна. Нэг сарын хугацаанд Төв аймагт 3, Өмнөговь аймагт 5, Сүхбаатар аймагт 3 нийт 11 хүн үер усны ослоор нас барлаа. Мөн зургадугаар сарын 21-нд Төв аймаг, Говьсүмбэр аймгийн нутгаар орсон хүчтэй борооны улмаас Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замд их хэмжээний хохирол учирсан.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж