Байнгын хороодын дарга нарыг томилж, анхдугаар чуулганыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

LiveБайнгын хороодын дарга нарыг томилж, анхдугаар чуулганыг хаалаа

УИХ-ын чуулган хуралдаж байна.

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Posted by News.mn on Thursday, July 9, 2020

19 : 00
2020-7-9

УИХ-ын анхдугаар чуулганыг хаалаа

УИХ-ын анхдугаар чуулганыг хаалаа. Анхдугаар чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр УИХ дахь найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан анхдугаар чуулган хуулинд заасан асуудлаа өндөр ирцтэй хэлэлцэж, шийдвэрлэлээ. Засгийн газраа шуурхай байгууллаа, УИХ-ын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа баталж, УИХ-ын байнгын хороодын дарга, дэд хороодын дарга нарыг мөн баталлаа.

Цаашид энэ зарчим хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж бодож байна. Хойш тавих эрхгүй олон ажил биднийг хүлээж байна.

Анхдугаар чуулганыг эхэнд таван чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Энэ дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн халамжийг зорилтот бүтлэгт хүргэх шинэчлэл хийнэ.

Шинэчлэлийг,  хариуцлага ёс зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй таван хороог байгуулан ажиллахаар зохион байгуулалтад ороод байна.

Анхдугаар чуулган завсарласан ч ээлжит бус чуулганыг удахгүй зарлан хуралдуулна. Зээлийн хүүг бууруулж, банк санхүүгийн байгууллагад шинэчлэл хийнэ, төсвийн тодотголоо хийнэ. УИХ-аас баталж гаргах хууль тогтоомжийн үндсэн чиглэл гаргана. Завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсоно. Хариуцсан ажлынхаа хүрээнд санал сонсоно.

УИХ-аас гурван шинэ байнгын хороо байгууллаа. Зардал нэмэгдэхгүй, ёс зүй сахилга хариуцлага дээшилж, цахим засаглалын эрх зүйн орчин нэмэгдсэнээр төсөвт хэмнэлт шинэчлэл хийнэ гэж бодож байна” гэлээ.

17 : 51
2020-7-9

Чуулган: Байнгын хороодын дарга нарыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Байнгын хороодын дарга нар:

Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат нарыг томиллоо. 

Үүний дараа дэд хорооны бүрэлдэхүүн, дарга нарыг томилсон, А.Ариунзаяа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон учраас Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

 

13 : 38
2020-7-9

Чуулган: Гурван байнгын хороо нэмж, 11 болголоо

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналар баталлаа. Ингэснээр УИХ нийт 11 байнгын хороотой боллоо. 

УИХ-ын чуулган хуралдаж байна.

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Posted by News.mn on Wednesday, July 8, 2020

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгох юм. Үүний дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ. 

12 : 29
2020-7-9

Б.Энхбаяр: Гишүүд давхар сонгуульт ажил хийх нь Үндсэн хууль зөрчинө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-УИХ-аас гишүүдийн ажиллах нөхцөл, хууль тогтоох, санаачлах, хэрэгжилтэд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх зохицуулалттай. Энэ утгаараа байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хангаж оруулж ирж байгаа нь зөв. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ удаагийн байнгын хорооны бүрэлдэхүүн нь Засгийн газрын хийх ажил руу ороод байхгүй, чиг үүрэг давхцахгүй байх, зарим асуудал хоёр байнгын хорооны дунд орхигдох зэрэг зүйл байдаг. Тиймээс зааг ялгааг нь маш сайн гаргах нь зөв. Ёс зүйн байнгын хороон дээр төрийн албаны ёс зүйтэй холбоотой заалт орж ирж байна. Төрийн албаны ажил нь Засгийн газрын ажил. Тиймээс байнгын хороогоор дамжуулж Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох гээд байна гэж харж байна. Мөн УИХ-ын гишүүд холбоод, төрийн бус байгууллага удирддаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсарч ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. Аливаа хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэх ёстой. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бусад хуулиар тогтоосон албан тушаал хашиж болохгүй, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчиж өргөсөн тангаргаасаа няцвал гэж тодорхой заасан. УИХ-ын гишүүн ТББ-ын сонгуульт ажил хаших нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Өнгөрсөн парламентын үед 76 гишүүн нийтдээ 300 гаруй холбоонд сонгууль ажил хашиж байсан. Мөн сан байгуулдаг, нутгийн зөвлөл гээд хашдаг байсан. УИХ-ын гишүүд сан байгуулж хандив авдаг, мөнгө угаадаг асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол УИХ-ын гишүүд цэвэр тунгалаг байхад их нөлөөлдөг. ТББ-аар дамжуулж мөнгө угааж байна гээд саарал жагсаалтад оруулах нэг үндэслэл болж байсан. Төр нь нэг гартаа төр барьж, нөгөө гартаа иргэний нийгэм болж явах боломжгүйг Үндсэн хуулиар хаасан. Энэ заалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө УИХ-ын гишүүнийг хавсарч ажиллаж болохгүй албан тушаал гэж ойлгож, УИХ-ын тухай хуульд зохицуулалт байсан. ТББ, сонгуульт ажил хашиж байгаа бүх хүмүүсийг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдож байна гэж ойлгож болохгүй. ТББ өөрөө хуулийн зохицуулалттай. Хэрэв ашиг, сонирхлын зөрчил үүсвэл хариуцлага хүлээгээд явна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Үйлдвэржилтийн бодлого чухал гээд тусдаа байнгын хороо гаргаж байна. Дан үйлдвэрийн бодлого л чухал гэж харахаас илүү эдийн засгийн хөгжлийн загвар дээр суурилж, үйлдвэрийн бодлогоор явах ёстой гэхгүйгээр байнгын хорооны гишүүд асуудалд хандаасай гэж бодож байна.

Ингээд гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. 
Одоо Төрийн байнгын хорооны хуралдааны дараа чуулганы хуралдаан үргэлжлэхээр түр завсарлалаа. 

 

12 : 11
2020-7-9

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.07.09/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
  1. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. .Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  3. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/
  4. Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  5. Байнгын хорооны даргыг сонгох тухай
  6. Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  7. Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай
  8. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах
  9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай
  10. Анхдугаар чуулганы хаалт.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж