Украины зүүн хэсэгт аммиакийн савыг дэлбэлэхээр төлөвлөж байсан Оросын нууц ажилтныг баривчилсан гэж тус улсын аюулгүй албаныхан мэдэгджээ. Украины иргэншилтэй сэжигтнийг Луганск мужийн Северодонецк хотод хоёр гар бөмбөг ашиглан химийн үйлдвэрийн 3,5 тонны багтаамжтай аммиак хадгалах савыг дэлбэлэх гэж байхад үйлдэл дээр нь баривчилжээ. Түүнчлэн сэжигтний авч явсан фитнесийн цүнхнээс өөр хоёр ширхэг гар бөмбөг олжээ. Украины аюулгүй байдлын албаныхан түүнийг Оросын нууц ажилтан хэмээн сэжиглэн буруутгасан байна. Аммиак нь хүн болон байгаль орчинд маш хортой бодис аж.
Киевт 2014 онд төрийн эргэлт гарснаар Украины зүүн хэсэгт салан тусгаарлах бослого тэмцэл өрнөж, Оросын талыг баримтлагчид хяналтаа тогтоосон юм. Зүүн хэсгийн зөрчилд 13 мянга гаруй хүн амь үрэгджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нь өнгөрсөн жил албан тушаалдаа очсоноос хойш зүүн хэсгийн зөрчлийг энхийн замаар шийдвэрлэхээр хичээж байна.
Эх сурвалж: The Telegraph