Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардуулдаг уламжлалтай. Тэгвэл тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадмаар дээрх үйл ажиллагаа болохгүй нь бололтой.
Учир нь дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул Төрийн дээд цол,одон, медалийг гардуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэлж байна.
Хэрэв Төрийн дээд цол,одон, медалийг гардууллаа гэхэд засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй юм байна.
Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав агсан, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.