Бразил: Цар тахлаар далимдуулж улсын мөнгийг "идэж" байна

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Бразил: Цар тахлаар далимдуулж улсын мөнгийг "идэж" байна

Бразил: Цар тахлаар далимдуулж улсын мөнгийг "идэж" байна

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хяналтаас гараад буй Бразил улсын өндөр албан тушаалтнууд тахал өвчнөөр далимдуулж авлига авч, улсын мөнгө шамшигдуулж буй нь илэрч, улмаас тус улсын эрх барих бүхий л түвшинд мөрдлөгө, шалгалтын ажиллагаа явагдаж эхэлжээ.

Өдөрт хэдэн арван мянган хүн халдвар авсан нь батлагдаж буй тус улсын гурван ч мужийн захирагч Холбооны прокурорын газарт дээрх шалтгаанаар байцаагдаж байгаа аж. Үүнээс гадна сүүлийн хоёрхон сарын дотор төрийн албан тушаалтан цар тахалтай холбоотой улсын мөнгийг хувьдаа зарцуулсан, бусдыг залилан мэхэлсэн, мөнгө угаасан гэх мэт хэргийн  1,500 орчим шүүх хурал нээлттэй болж өнгөрсөн байна.

Бразил улс нь цар тахлын дэгдэлтээр АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа ба эрүүл мэндийн систем нь туйлдаа хүрч байгаа гэнэ.  Коронавирусийг хамрын ханиад төдийхөн зүйл хэмээн бардамнаж байсан Ерөнхийлөгч нь хүртэл халдвар аваад буй энэ улсад авлига ялангуяа эрүүл мэндийн салбарт нь улам цэцэглэж байгаа юм байна.

Иймд Холбооны прокурорын газраас улсын хэмжээнд мөрдөн байцаах ажиллагаа явуулахад тус улсын 26 мужийн 11-д коронавирусийн үед хэрэглэх улсын төсвийг буруу зарцуулж байсан нь илэрсэн байна. Мөн тус улсын эрүүл мэндийн салбарын долоон өндөр албан тушаалтан дээрх хэрэгт хологдон албан тушаалаасаа огцорчээ.

Тэдний хоёр нь Рио-де-Жанейро хотод хуваарилсан амьсгал дэмжих төхөөрөмж худалдан авах мөнгөнөөс олон арван сая доллар халаасалсан байжээ. Мөн Бразилийн хамгийн их хүн амтай, тус улсын коронавирусын дэгдэлтийн голомт болсон Сан-Паулу  хотын эмнэлгүүдэд их хэмжээгээр нь импортлон авсан амьсгалын аппаратны гэрээг шалгаж эхэлсэн байна. Тус улсын Засгийн газар нь цар тахлын эхэн үед Хятадаас 3,000 орчим амьсгал дэмжих аппаратыг 100 сая ам.доллараар худалдан авах гэрээг байгуулж байжээ. Харин Сан-Паулу хотын албаны хүмүүс уг аппаратуудыг нэг бүрийг нь хамгийн хямддаа 20 мянга, заримыг нь бүр 40 мянган ам.доллараар үнэлж хуваарилсан байна. Харин прокурорын газрын мэдээлж буйгаар Бразилд энэ төрлийн амьсгалын аппаратын үнэ дунджаар 16 мянган ам.доллар байдаг байна.  Үүнээс гадна ийм өндөр үнээр нийлүүлсэн амьсгалын аппаратын зарим нь техникийн доголдолтой, үйлдвэрлэлийн гажигтай учраас ажиллахгүй байгаа бөгөөд гэрээнд оролцсон зарим албан тушаалтнууд зуучлагч компанийн эзэдтэй ойр дотно харилцаатай болох нь мөрдлөгийн явцад ил болсон. Иймд тэд аппаратууд эвдэрсэн, ажиллахгүй гэдгийг анхнаас нь мэдэж байсан ба уг гэрээнээс одоо мэдэгдэж байгаагаа илүү их мөнгө “унагаасан” байх магадлалтай болж байгаа юм.

Ерөнхийлөгч Болсонаро сонгуулийн кампанит ажлынхаа үеэр авлигыг үгүй хийж, улс орноо цэвэрлэнэ гэж амлан засгийн эрхэнд гарсан боловч бодит байдал дээр түүний амлалт эсрэгээрээ хэрэгжиж байгаа гэж олон улсын авлигын эсрэг Транспэренси Интернэшнл байгууллага дүгнэжээ.

Бразил улс авлигатай тэмцэх тал дээр ухралттай байгааг Холбооны Цагдаагийн газар, Холбооны Прокурорын газар, Санхүүгийн үйл ажиллагааг хянах зөвлөл гэх мэт авлигатай тэмцэх үүрэг бүхий байгууллагуудад улс төрийн хөндлөнгийн оролцоо илт байгаагаас  харж болно гэж “Транспэренси Интернэшнл” байгууллагын Бразил дахь суурин төлөөлөгч ярьсан байна.

Дөрөвдүгээр сард Болсонаро Хууль зүйн сайд Сержио Морог огцруулж , өөрийн холбоотон Андре Мендончагаар сольжээ. Удалгүй Болсонарогийн хоёр хүү хэрэгт холбогдон шалгагдаж эхлэх үед тэр Холбооны цагдаагийн газрын даргыг мөн сольсон байна. Энэ мэтчилэн авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн төрийн тэргүүнээсээ эхлээд хууль шүүхийн салбарын хэрэгт хөндлөнгөөс оролцдог Бразилд авлига хээл хахууль, улсын мөнгө шамшигдуулах хэрэг гаарсаар байгаад гайхах зүйл үгүй юм.

Рио-де-Жанейро мужийн их сургуулийн улс төр судлаач, профессор Кристиан Линч "Цар тахлын үеийн төсвийг зөв, шударгаар хуваарилж, хэрэглэсэн бол илүү олон хүний амийг аварч, цар тахал ч энэ хэмжээнд хүрэхгүй байсан. Коронавируст цар тахал энэ бүх бохир улс төр ба түүний схемүүдийг илчилж байна. Ард иргэд бид эрх баригчдын зүй зохисгүй үйлдлийн золиосонд үхэж үрэгдэж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж