Үндэсний номын сангийн газар дээр орон сууц баригдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Үндэсний номын сангийн газар дээр орон сууц баригдаж эхэлжээ

Үндэсний номын сангийн газар дээр орон сууц баригдаж эхэлжээ

Ард түмний оюуны уурхай  болсон Үндэсний номын сангийн шинэ байр 12 жилийн дараа ашиглалтад орох нь. Төлөвлөгөө ёсоор энэ онд үүдээ нээх ёстой. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг Америк Элчингийн урд талд 0.3 га газарт сүндэрлэж буй номын сангийн барилга анх 2008 онд яригдаж эхэлсэн ч олон жил царцсан. Энэ хугацаанд хоёр ч удаа шав тавих ёслол хийж байсан түүх бий.  Нийт 11 давхар бүхий номын сангийн барилга өнгөрсөн жилээс “амь орж” одоо барилга угсралтын ажил үргэлжилж байна. Гэвч тус номын санг тойрсон асуудал дууссангүй. Шинэ номын сангийн чанх урд  16 давхар орон сууц барихаар төлөвлөжээ. Уг асуудлыг news.mn сайт энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө.

Үндэсний номын сангийн шинэ барилга угсралтын ажил үргэлжлэхтэй зэрэгцэн орон сууцны барилгын ажил ч бас өрнөжээ. Энэхүү орон сууцыг “Сант хаан” компанийн захиалгаар Хару констракшин компани гүйцэтгэж байгаа аж. Хэрэв орон сууц ашиглалтад орвол чанх урд байрлах Номын сан болон орон сууцны айл өрхүүдийн цонхыг  таглаж нарны гэрлийг хааж болзошгүй байна. Ийм дүр зураг угтсан юм. Орон сууцны зориулалт бүхий тус барилгын ажил 2015 онд эхэлж, 2016-2019 онд түр хугацаанд зогсчээ. Энэхүү барилгын суурь нь зэргэлдээ байрлах шугам сүлжээг дайрсан тул зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын наймдах удаагийн ээлжит сонгуулийн үеэр зөвшөөрөлгүй байсан тус барилга зөвшөөрөлтэй болсныг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо цахим хуудастаа нийтэлсэн. Энэ талаар түүний хэлснээр орон сууц баригдаж буй талбайд Монголын нууц товчооны цэцэрлэгт хүрээлэн, Нууц товчооны хөшөө босох байж. Иймд тус барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлт хүргүүлжээ. Үүнээс гадна барилгын суурь инженер шугам сүлжээний зэргэлдээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм. Харин зөвшөөрөлгүй гэгдэх тус барилгын ажлыг гүйцэтгэж буй “Хару” констракшн ХХК-ны зүгээс албан ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул оршин суугчдаас гомдол ирээгүй, мэргэжлийн байгууллагууд ч бас үзлэг шалгалтаа хийж ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн дүгнэлтэд хүрээд буцдаг гэх тайлбар хэлж байлаа.

БИД ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. ИРГЭДЭЭС Ч ГОМДОЛ ИРЭЭГҮЙ

Хару констракшн ХХК-ны менежер С.БУЛГАН-ЭРДЭНЭ:

-Манай компани барилгын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Бид зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулаагүй. Ерөнхийдөө 2016-2019 он хүртэл барилгын үйл ажиллагааг зогсоосноос бус зөвшөөрөлгүй биш юм. Үндсэндээ албан ёсны зөвшөөрөл дээр үндэслэн манай компани зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн  гүйцэтгэгчээр ажиллаж байна. Бид бохирын шугам дээр барилгын суурь барьж үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Шугам задарсан асуудал бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын чанх ард л задарч бохир нь манай барилгын хашаа руу орсон. Хамгийн гол нь бид сонгуулийн үеийг далимдуулан гэнэт зөвшөөрлөө авчихсан асуудал огт байхгүй. Үүнд бид ч бас гомдолтой байна.  Угтаа бол Үндэсний номын сангийн барилга баригдахаас өмнө 16 давхар орон сууц барих зөвшөөрөлтэй барилга байсан. Цуцлагдсан зүйл огт байхгүй. Нийслэлийн хот тохижилтын газраас ч бас Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн гомдлын дагуу архитектор ирж манай барилгын зургийг авч танилцаад буцсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас тухай бүрт нь шалгалт хийж байгаа. Түүнчлэн барилгын ажилтай холбоотой иргэдээс гомдол ирж байгаагүй. Эрх нь зөрчигдөөд байгаа гэх  12А, 12 Б байрны оршин суугчдаас ямар нэгэн гомдол ирээгүй. Цөөн хэдэн хүн буюу оршин суугчдын төлөөллөөс гомдол мэдээллийг байнга гаргадаг юм билээ гэлээ.

Орон сууцны зориулалтаар баригдаж буй хашаа татсан барилгатай  хаяа залгасан 12А, 12Б байрны оршин суугчдын зүгээс машины зогсоолоос авхуулаад үмхий үнэртэх, шөнө унтаж амардаггүй зэрэг олон асуудал тулгарах болсон гэнэ. Энэ талаар оршин суугчдын сэтгэгдлийг сонслоо.

ШӨНӨӨР БАРИЛГЫН АЖИЛ ЯВУУЛДАГ НЬ ТАЙВАН АМРААДАГГҮЙ

Иргэн  Г.АМАРБАТ: 

-Орон сууц баригдлаа гээд амгалан тайван байдал алдагдсан зүйл байхгүй. Өглөө, оройд л дуу чимээтэй байдаг нь заримдаа ядаргаатай санагддаг. Харин барилга баригдлаа гээд шугам сүлжээнд доголдол үүссэн зэрэг асуудал гараагүй. Миний хувьд өглөө эрт ажилдаа явж оройд л гэртээ ирдэг болохоор тэр бүрийд сайн мэдэхгүй.

 

 

 

 

Иргэн Б.Бүрэнжаргал: 

-Бидний эрх ашиг зөрчигдөөд олон жил өнгөрч байна. Машины зогсоол олдохгүйгээс эхлээд л үмхий үнэртэх, дуу чимээтэй гээд олон асуудал бий. Орон сууцны чанх урдаас үмхий үнэртэнэ. Энэ нь барилгын суурийг бохирын шугам дээр барьсантай холбоотой юм билээ. Шөнөөр барилгын ажил явуулдаг юм уу их дуу чимээтэй тайван амарч чаддаггүй. Барилга баригдна гээд олон жил болж байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх нь ч мэдэгдэхгүй, барилга баригдах нь тодорхойгүй юм. Уг нь СӨХ-той хамтран гомдол гаргаж, шаардлага хүргүүлээд ч үр дүнд хүрэхгүй байна. Гэхдээ цаашид ч гомдлоо гаргана.

 

 

Иргэн Б.САРУУЛ: 

-Барилгын ажил ихэвчлэн орой үдшийн цагаар эхэлдэг болохоор тайван амарч чаддаггүй. Залуу хүмүүсийн хувьд бид тоохгүй байж болох ч өндөр настнуудад маш хэцүү байна. Толгой өвдөх, даралт ихсэхээс авхуулаад эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байна. Дээр нь том оврын тэргүүд оройн цагаар орц гарц таглачихна. Бидэнд гарч, ороход үнэхээр хэцүү байдаг. Хамгийн гол нь хүүхэд дайруулчих вий гэхээс их санаа зовдог.

 

 


Иргэн Б.ЭРДЭНЭСАЙХАН: 

 

-Энэ барилга маш олон жил болж байна. Ер нь байнга үмхий үнэртэнэ. Дээр нь зогсоол олдохгүй. Та бүхний харж байгаа энэ барилгын хашааны цаана ухсан нүх байгаа. Зогсоол олдохгүй хашааных нь наана машинаа байрлуулчихаар цөмрөөд орчих вий гэхээс их айдаг. Орой үдшийн цагаар барилгын дуу чимээнд тайван амардаггүй. Гэсэн ч одоо гомдол мэдүүлээд үр дүнд хүрэх юм уу. Нэгэнт л барилга баригдаж эхэлснээс хойш энэ байдалтайгаа л эвлэрхээс өөр арга алга.

 

 

 

 

Иргэн Р.БАЯРМАА: 

-Шөнийн цагаар барилгын ажил хийдгийг бодоход зөвшөөрөлгүй юм шиг байна билээ. Энэ нь бидэнд түвэгтэй байдаг. Их дуу чимээнээс нь болоод унтаж чаддаггүй. Оройн цагаар том оврын тэргүүд орц гарц таглачихна. Уг нь энэ барилга баригдаж буй хэсэг Үндэсний номын сангийн машины зогсоол, цэцэрлэгт хүрээлэн баригдах зориулалттай байсан юм билээ. Гэтэл энэ талбайг орон сууц болгочихлоо.Дээр нь бохирын шугам дээр барилгын сууриа барьчихснаас болж үмхий үнэртээд амьсгалахад хэцүү. Уг нь  Үндэсний номын сан машины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байх ёстой.

Оршин суугчдын төлөөлөл н.Галбаатар гэх хүний хэлснээр 12А, 12Б байрны 200 гаруй айл өрх зөвшөөрөлгүй гэгдэх барилгын компаниас болж хохирч байгаа тул гомдол гаргаж гарын үсэг цуглуулж байжээ. Одоо ч бас гомдол гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Харин дээрх барилгын компани газрын зөвшөөрөлтэй эсэхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тодруулахад мэдэхгүй гэх тайлбарыг албаны хүн өгч байлаа. Түүний хэлснээр дарга нар л мэдэхээс дүүргийн албан тушаалтнууд мэдэхгүй, бас инженер шугам сүлжээтэй байрыг дүүрэг биш Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь хариуцна гэх тайлбар өгснөөс өөрөөр  тодруулга өгөхөөс татгалзав. Ямартай ч  дээрх зөвшөөрөлгүй гэгдэх орон сууцны зориулалт бүхий барилгын тухайд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 234 дугаар захирамжаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Сант Хаан” ХХК-д тус дүүргийн наймдугаар хороонд 5000 мкб газрыг, орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлж байж. Гэтэл дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивт дээрх 234 дугаартай захирамжийн хувийн хэрэг байгаагүй бол энэ оны зургадугаар сард барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан нь УИХ-ын найм дахь удаагийн ээлжит санал хураалтын үеийг далимдуулсан уу гэх эргэлзээ, хардлага ч байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж