Э.Оюунболд наадмаар барилдахгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд наадмаар барилдахгүй

Э.Оюунболд наадмаар барилдахгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам нээлтээ хийхэд хоёр өдөр үлдлээ. Шинэ зохион байгуулалт, шинэ өнгө төрхийн дор зохион байгуулагдах өнөө жилийн наадмын бас нэгэн сонирхол татахуйц асуудал бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболдын барилдах эсэх. Түүнийг Сүүж уулын амралтын газар наадмын бэлтгэлдээ гарсан тухай мэдээлэл гарсан ч энэ нь наадмын бэлтгэл биш байжээ.

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тухай хууль 2018 онд батлагдсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн  заалт оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй” гэж ярьж байсан удаатай.

Тэгвэл түүний яриад буй 2018 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3.6-т “Олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон  хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах” гэж заажээ. Ийнхүү хариуцлага ногдуулах талаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2-т “Бөх, харваач нь сэргээш хэрэглэх, уяач нь хурдан моринд сэргээш өгөхийг хориглоно. Улсын баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөх, эхний 3 байр эзэлсэн харваач, айрагдсан бүх морийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заагаад хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол 14.1.1-т. "Тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах" мөн 14.1.3-т "Баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах" гэж заажээ. Өөрөөр хэлбэл Э.Оюунболд болон бусад допинг хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн холбоо нь шийдэх аж. Гэвч дээрхи байгууллагуудын зүгээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн учир Э.Оюунболд энэ жилийн наадмаар барилдахгүй аж.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2019 онд Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас өмнө сэргээснийг цуцалж, эрх хассан хугацааг нь хэвээр үлдээж байсан билээ. Тухайн үед, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийг тухайн жилийн наадамд барилдуулаагүй.

Харин Э.Оюунболдын наадмын давааг хүчингүй болгох, шинээр олгосон аврага цолыг нь хураах, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг нөхөн олгох эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийднэ.

2018 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3.5-т "Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх" гэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.1-т "Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна".

Үүний дагуу Э.Оюунболдод Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгосон учир Ерөнхийлөгч өөрөө зарлиг гарган цолыг нь хураан түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгоно. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд мэдэгдэхдээ “Эцсийн дүн нь гараагүй байхад бид цол хурааж болохгүй. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэрийг дагана. Урьд нь цолоо хураалгасан бөхчүүд шүүхээр явж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцаагаад хүчингүй болгосон тохиолдол байгаа учир хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээнэ” хэмээн мэдэгдэж байсан.

Э.Оюунболд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн нь энэ хэргийг цааш улам даамжрахад хүргэсэн. Үндэсний бөхийн хорхойтнуудын дунд Э.Оюунболдыг барилдах эрхээ хоёр жилээр хасуулан, аварга цолтойгоо үлдэх санаатай байгаа гэх яриа гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж