“ЭЕШ-ын даалгавар хялбар байсан”

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

“ЭЕШ-ын даалгавар хялбар байсан”

Энэ жилийн ЭЕШ-д математикийн шалгалт дээр улсын хэмжээнд 27 сурагч 800 оноо авсан. Тэдний нэг Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэцүүхэйтэй ярилцаж, шалгалтаа амжилттай өгсөн туршлагаас нь хуваалцлаа.


ДААЛГАВРЫГ ШИНЭЧЛЭХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА

“Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Д.Цэцүүхэй

-Математикийн шалгалтад 800  оноо авсанд баяр хүргэе. Энэ жилийн ЭЕШ-ын математикийн хичээлийн даалгаврыг тун хүнд байсан гэж сошиалаар шүүмжилсэн. Математикийн хичээлийн аль даалгавар нь хүнд байсан бэ?

-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд, шалгалтын материал надад амар санагдсан. Шалгалтаа өгөөд гарч ирэхэд хүүхдүүд сошиалд даалгаврыг хүнд байсан зэргээр нэлээд сөргөөр илэрхийлж байсан. Энэ жилийн математикийн шалгалтын даалгавар, тавилт өнгөрсөн жилүүдийнхээс огт өөр байсан болохоор тэгсэн байх. Өмнө нь ЭЕШ-д бэлдэж байна гээд өнгөрсөн жилүүдийнхээ тодорхой хэдэн материал дээр л ажилладаг байсан бол энэ жилийн шалгалтад тэдгээр зүйлийг хасаад огт өөр суурь мэдлэг шаардсан бодлогууд орж ирсэн. Ажиглалт хийхэд, математикийн шалгалтын эхний 37-д манай сургуулиас 12 сурагч орсон байгаа харагдсан.  Энэ нь суурь мэдлэг сайн байсантай холбоотой болов уу. Тухайлбал, миний хувьд зургадугаар ангиасаа эхлээд математикийн сонгонд явж эхэлсэн, математикийн хичээлийн суурь маш сайн тавигдсан. Тийм болоод тэр үү, энэ жилийн математикийн шалгалтын даалгаврууд надад хялбар санагдсан. Манай сургуулиас математик дээр дөрөв, нийт хичээлүүд дээр 11 сурагч 800 оноо авсан.

-Математикаас бусад хичээлийн даалгавар ямар санагдсан бэ?

-Миний хувьд математик, физик, англи хэлний шалгалт өгсөн. Математик дээр 800, физик дээр 717, англи хэл дээр 756 оноо авсан. Даалгаврууд надад хялбар санагдсан. Цар тахалтай хүнд үед Боловсролын үнэлгээний төв шалгалтыг сайн зохион байгуулсан гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдийнхтэй төстэй материал ирээгүйг сошиалд хүмүүс шүүмжилж байх шиг байсан. Цөөн төрлийн даалгаврууд дээр л ажиллаж чаддаг байх нь сайн зүйл гэж бодохгүй байна. Харин миний хувьд бодлогын тавилт, даалгаврыг шинэчлэх нь зөв гэж бодож байгаа.

-Унаган англи хэлтэй хүн ч англи хэлний шалгалтад унахаар байсан, ямар хэлбэрийн уруултай хүн өөртөө итгэлтэй байсан бэ гэсэн асуулт ирсэн гэсэн шүүмжлэл нэлээн яригдсан. Англи хэл дээр 756 оноо авсан чамд энэ даалгавар ямар санагдсан бэ?  

-Нийгмийн сүлжээнд тэр талаарх постын дор нь нэлээд урт сэтгэгдэл бичсэн байсан. Даалгавраа сайн уншиж, ойлголгүйгээр сошиалд тэгж хуурмаг мэдээлэл тарааж болохгүй. Даалгавраа гүйцэд уншсан бол маш хялбар, нөхөх даалгавар байсан.

-Цар тахалтай холбоотойгоор танхимын сургалт хаагдсан. Энэ үед шалгалтдаа хэрхэн бэлтгэсэн бэ? 

-Цар тахлын үед хичээлүүдээ бататгаад, ойлгохгүй зүйлээ интернетээс хайж, шалгалтдаа бэлдэж байсан. Би хоёр дүүтэй, бага дүү маань таван настай. Дүү нар үймүүлээд хичээл хийхэд асуудалтай байсан ч энэ бүхнийг шалтаг гэж бодоод боломжоороо шалгалтдаа бэлдэж байлаа.

-Зургадугаар ангиасаа математикийн сонгонд яваад, мэргэжлээ эртнээс тодорхойлчихсон байсан уу?

-Бага байхдаа одон оронч болно гэж боддог байсан. Одоо бол хиймэл оюун ухааныг сонирхдог. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хиймэл оюун ухааны талаар маш сонирхолтой олон мэдээлэл олон сувгаар гарч байгаа нь миний сонирхлыг маш их татдаг. Мөн хиймэл оюун ухаан нь ирээдүйд маш эрэлттэй байна. Одоогоор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүртгүүлсэн.

Математик дээр 800 оноо авснаа мэдээд хамгийн түрүүнд хэнд энэ мэдээг дуулгасан бэ?

-Шалгалтын байрнаас лайваар дүнг мэдээлж байсан. Намайг 800 оноо авсныг манай найзууд надад дуулгасан. Энэ мэдээг хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгахад тэд “Болж байна” гэсэн.

 12 ЖИЛИЙН ТУРШИД ҮЗСЭН ХИЧЭЭЛИЙН МЭДЛЭГИЙГ СОРЬСОН ДААЛГАВРУУД БАЙСАН

“Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ

-Математикийн шалгалт дээр 800 оноо авсанд баяр хүргэе. Энэ туршлагаас хуваалцахгүй юу?

-Баярлалаа. ЭЕШ өгөхөд тактик чухал санагдсан. Мөн өөрийн бугуйн цагтай ороод даалгавруудаа хуваарилах нь зохимжтой санагдсан.

-Чиний хувьд ямар тактик ашигласан бэ?

-Математикийн шалгалтын даалгаврыг би 60 минутад бодож дуусгаад, баттай гэж бодсонуудаа шууд дугуйлсан. Үлдсэн минутад нь эргэлзэж байгаа зүйлсээ дахин дахин бататгасан.

-Математикаас өөр ямар хичээлээр шалгалт өгсөн бэ. Шалгалтын даалгаврууд ямар санагдсан бэ?

-ЭЕШ-ыг физик, математик, англи хэлний хичээлээр өгсөн. Математик дээр 800 оноо авсан бол физик дээр 706, англи хэл дээр 679 оноо авсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн жилд гэхээсээ илүү 12 жилийн туршид үзсэн хичээлийн мэдлэгийг сорьсон даалгаврууд түлхүү орж ирсэн. Мөн даалгаврууд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, сайн уншихыг шаардаж байсан. Зөвийг нь бодож олсон байхад, даалгаврын гүйцэтгэл дээр бурууг нь ол гэсэн байх жишээний.

-Танхимын сургалтгүй үед ЭЕШ-даа хэрхэн бэлтгэж байсан бэ?  

-Багшийн өгсөн чиглэлийн дагуу даалгавруудаа хийж гүйцэтгэж байсан. Даалгавар дээр ажиллаад алдсан бодлогоо хэн нэгнээс асуулгүйгээр өөрөө ухаж ойлгож байсан. Ингэж ойлгосон бодлого мартагддаггүй.

Манай гэр хөдөө байдаг болохоор интернет орж хичээл хийхэд хүндрэлтэй байсан. Бас дүү нар үймүүлээд хичээлээ давтахад саад учирч байсан. Харин тавдугаар сарын 11-нд танхимын сургалт эхлэх үеэс эрчимтэй бэлтгэж, багшийн өгсөн чиглэлийн дагуу ажилласан.

-Шалгалтад тавдугаар сараас эхлэн эрчимтэй бэлтгэсэн гэхэд маш сайн амжилт үзүүлсэн байна. Суурь мэдлэг нь сайн байсан уу?

-Математикийн хичээлд сайн, суурь сайтай байсан нь ЭЕШ-д 800 оноо авахад нөлөөлсөн байх гэж бодож байна.

-Математик дээр 800 оноо авснаа мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхлээд итгээгүй. Лайв руу дахин дахин орж, хянасны дараа итгэсэн. Энэ баярт мэдээг ээж, аавдаа хамгийн түрүүнд дуулгаж, тэднийгээ баярлуулсан.

-Одоо ямар мэргэжлээр суралцах вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эсвэл IT инженерээр суралцана гэж боддог байсан. Сая МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүртгүүлсэн. IT инженер болохоор болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж