Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Найман жил та бүхэнд сонгогчид эрх өглөө. Гэхдээ та бүхэн 44 хувийн санал авсан. Миний хувьд аж ахуйн тал дээр улстөрчдөөс илүү ажилладаг учраас сайд нартай нээлттэй, илэн далангүй ойлголцож ажиллаж гурван сая монголчуудынхаа өмнө өрөө төлмөөр байна. Евроазийн дунд хөгжсөн, ардчилсан Монгол Улс бий болох Платформыг тавихад сэтгэл шулуудан, хамтарч ажиллая” гэв. Тэрбээр Засгийн газрын зарим сайд нарт санал хүсэлтээ хэлсэн юм.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “Олон жил төр засагт ажиллаа. Монгол Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын өр гэж байхгүй, дэлхийд Монгол улсын өр л гэж бий. Тиймээс энэ их өрийг мэргэжлийн ур чадвар гаргаж, мэргэн ухаанаар шийднэ биз ээ. Тэр нам, тэр сайдын өр гэдгийг дэлхий ойлгодоггүй юм шүү” гэв.
- Батлан хамгаалахын сайд Сайханбаярт “Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр бид олон ажил эхлүүлсэн. Түүнийг үргэлжлүүлнэ биз” гэв.
- Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд “Хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд байнга ярьж. Жилд 400-500 сая ам.долларын хүнсний барааг бид импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоос хангахаар Ерөнхий сайд зорьж байгаа. Тиймээс хэрэгжүүлэх ажилдаа өнөөдрөөс эхлээд орно шүү” гэв.
- Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт “800 орчим км төмөр замыг монголчууд анх удаа барьж чадсан. Тиймээс энэ ажлыг цааш үргэлжлүүлж, ямар нэг улс төргүйгээр ажиллаарай” гэв.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд “Уул уурхай, төмөр замын уялдаа холбоог сайн мэдэж байгаа байх. Ложистикийг нь улс хийсэн, уул уурхайг хувийн хэвшил хийж байгаа учраас экспортын нэмүү өртөг шингээхээ ойлгож ажиллаарай.
- Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт “Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна. Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна” гэв.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “Хууль зүйн салбарт Ц.Нямдорж маш олон жил ажилласан, түүний ранкийн хэмжээнд ажиллахгүй бол салбар чинь чамайг хүлээж авах шүү” гэв.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлд “Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого батлагдсан. Дархан цаазтай газарт аялал жуулчлалын газар байгуулна гээд орон сууц барьдаг. Маш олон гишүүн, сайдууд тэр хаусанд нь очиж амьдраад хэрэг үүссэн явж байгаа шүү. Өөрсдөө очиж суув” гэв.
- Шадар сайд Я.Содбаатар “Олон жил төрд ажилласан ноён нуруутай хүн. Хамтарч ажиллана шүү” хэмээн захиасаа хэлэв.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ