Үерийн далан хогийн цэг биш нийслэлчүүд ээ!

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Үерийн далан хогийн цэг биш нийслэлчүүд ээ!

Үерийн далан хогийн цэг биш нийслэлчүүд ээ!

Хавартаа шар усны үерт, зундаа борооны усанд автдаг үзэгдэл нийслэлд өнөө жил давтагдаж байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод 10 гаруй минутын аадар бороо ороход Нарны зам усанд автаж, Чингүнжавын гудамжны зам “урссан”.

Хот нь усанд автсан тул Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Усны байгууламжийн газрынхан  түргэн авч, газар дээр нь ажиллахад Нарны замын үерийн даланг хогоор дүүргэсэн байжээ. Хэргийн эзнийг хайхад нэг хариуцлагагүй нөхөр  “олдож”.

Үерийн даланг аж ахуйн нэгж, иргэн хогийн цэг гэж боддог уу, эсвэл Улаанчулуутад хүргэхэд зардал өндөр гарна гэж мунхагладагийнх уу, үерийн даланд хогоо хаядаг нь усанд автах нэг шалтгаан болсоор байгааг албаныхан анхаарууллаа.  Үерийн далан, суваг шуудууг бөглөж хаясан хогийг ачиж, цэвэрлэдэг ч дийлддэггүй байна.

Мөн үерийн далан, суваг шуудууг хаагаад буусан айл тамтаггүй олон бол барилга, байшин, дугуй засварын газар ч олноор баригдсан байдаг аж. Албадан нүүлгэх шаардлага тавихаар иргэн нь “Монгол Улсын иргэн хаана ч оршин сууж амьдрах эрхтэй” гэж Үндсэн хуулиас иш татдаг бол аж ахуй нэгж нь газрын зөвшөөрөл үзүүлдэг. Техник авч очоод нүүлгэх болоход ковшийнх нь шанага дотор ороод суучихдаг, эсвэл техникийнх нь урд хэвтээд ажил хийлгэдэггүй.  Хүний амь нас үнэтэй тул эцэс сүүлдээ албаныхан нь бууж өгдөг.

Нийслэлд ажил хийх хүсэлтэй нь бус дарга хийхээ урьтал болгодог “цүнх баригчид”-аас болж үерийн далангийн стандарт нь хоцрогдож, мөрдөгдөхөө ч больжээ. Дэнжийн мянгад баригдсан  үерийн далан нь үүний тод жишээ болж байгаа аж.

Уг нь нийслэлийн инженерийн шугам сүлжээнд хяналт тавин ажиллах ёстой Хот байгуулалтын газар нэртэй агентлаг бий.  Улаанбаатар хот нь жилээс жилд өргөжин, инженерийн шугам сүлжээнд тавигддаг олон улсын стандарт нь шинэчлэгдсэн байтал нийслэлийн үерээс хамгаалах далан  1970, 1980-аад онд батлагдсан загвараараа. Шинээр үерийн далан барих гэж байхад л хуучин стандартаа зүтгүүлдэг.  Баталсан хойно хоцрогдсон стандартаараа үерийн далан нь баригдаж таарна.

Нийслэл үерийн голомт болоход дүүргийн Газрын албаныхны оролцоо ч бас байна. Учир юу вэ гэвэл үерийн далангийн ойролцоо газрын зөвшөөрөл олгочихдог. Өнөөхийг нь аж ахуй нэгж, иргэн нь ашиглаад талбайгаа томруулаад барилга барьчихдаг.

Иймэрхүү шалтгаан нөхцөлөөс болж, өнгөрсөн өдрүүдэд орсон борооноор нийслэлийн зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлах шаардлагатай болсон бол зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр авто замын хашлага эвдэрсэн байна. Одоогоор нийт хохирлын хэмжээ бүрэн гараагүй байгаа юм.

Гэхдээ хамгийн их сэргээн засварлалт буюу шинээр барих шаардлагатай зам нь “Чингүнжав”-ын гудамж орчмын авто зам болжээ. Анх буюу 1980-аад оны үед бетон хучилт хийн барьсан. Харин 2008 онд асфальтаар хучилт хийсэн. Нийслэлийн Авто замын газраас “Бүтцийн эвдрэлд орсон” гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч компанийг чанаргүй зам барьсан гэж үзэх үндэслэлгүй аж. Учир нь авто замд баталгаат хугацааг хоёр жилээр тогтоосон байдаг аж. Харин дээрх 0.9 км авто замыг асфальтаар хучсанаас хойш 12 жил болсон, мөн авто зам нь хэвээрээ, Авто зам доогуураа усанд идэгдсэн. Шинэчлэн барихад 1.5 тэрбум төгрөг шаардана. Шүүрт тулгуурыг нэмж барих шаардлагатай, одоо байгаа нь хаанаа ч хүрэлцдэггүй. Мөн Өргөө кино театрын хойд талд байршсан айлуудыг нүүлгэхгүй бол Чингүнжавын гудамж үерт өртсөөр л байх болохыг албаныхан тодотгов.

Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбумын зардал гаргаж, ус зайлуулах суваг нэмж барилаа ч III, IV хорооллынхон усанд “хөвсөөр” байх нь.

Нөгөөтэйгүүр, хотын экс дарга С.Амарсайханы дэвшүүлж байсан, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх санаачлагыг ажил хэрэг болгохгүй бол нийслэлийн авто замын санд төвлөрсөн татварын орлого хаанаа ч хүрэлцдэггүйг албаныхан хэллээ.

Нийслэлийн хэмжээнд авто зам ашигласны төлбөрөөр жилд 14 тэрбум төгрөг төвлөрдөг байна. Түүнийгээ авто зам шинээр барих, нөхөөс тавих зэрэг олон ажилд зарцуулдаг тул хаанаа ч хүрэлцдээгүй аж.

Энэ онд 6000 метр авто замд нөхөөс хийхээр нийслэлийн төсөвт хөрөнгийг нь суулгаснаас одоогоор 3000 метр авто замд нөхөөс тавьжээ. Гэвч бороо орох тоолонгоор авто зам, суваг шуудуунд зарцуулах зардал нэмэгддэг байна.

Нэг ёсны засаж сайжруулах шаардлагатай замынхаа тал хувийг ч хийж чаддаггүй аж. Харин Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайханы гаргасан санаачилгын хүрээнд автомашин эзэмшигч нь жилд 100 мянган төгрөг, сард хуваавал 8000 төгрөгийн төлбөр ногдох татварыг авто зам ашигласны төлбөрт төлдөг болчихвол жилдээ нийслэлд 74 тэрбум төгрөг төвлөрнө. Түүгээр нь авто замаа шинэчлэх, борооны ус зайлуулах шугам сүлжээгээ шинэчлэх, шинээр барих зэрэг боломжтой болох юм.

Харамсалтай нь, машинтай жагсагчдын эсэргүүцлээс болж, энэ санаачлага зогссон ч нийтийн эрх ашгийг хангахын тулд төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

Мөн 1.4 сая иргэн амьдарч буй хотод ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд мөнгө бодсон сэтэртнүүд биш, сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс ажиллахгүй бол суваг шуудуу хааж барилга байшин барьж, үерийн далан руу хогоо асгачихаад хүний эрх ярих муйхруудаас болж, нийтээрээ хохирч, нийслэлээрээ үерт автаж таарахгүй байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж