Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор энэ оны төсвийг батлахад голлох үүрэг гүйцэтгэсэн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягийг урьж, хүүхдийн мөнгө болоод төрийн албан хаагчдын цалин болоод цомхотголын талаар ярилцлаа.
-Энэ оны төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчийн тань хувьд хэд хэдэн асуултад хариулт авмаар байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалингийн санг 10 хувиар бууруулахаар төсөвт тусгасан байсан. Тэгэхээр төрийн албан хаагчдын цалинг нийтээр нь 10 хувь бууруулна гэсэн үг үү, эсвэл энэ хэмжээний хэмнэлт хийх цомхотгол явагдана гэж ойлгох уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн тухай хуулийн төслөөр бол төрийн албан хаагчдын цалингийн санг 10 хувиар бууруулахаар байсан. Харин УИХ уг төслийг батлахдаа төсвөөс санхүүждэг байгуулагуудын цалингийн санг биш урсгал зардлыг 10 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ урсгал зардлын бууруулалтад боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх газар гэсэн хоёр том салбар, гурван газрыг хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Төсвийн байгуулагуудын урсгал зардалд цалингаас гадна, томилолт, бичиг хэрэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, цахилгаан, удирдлагын гээд олон зардал ордог. Тиймээс цалин хасахгүйгээр, мөн цомхотгол хийхгүйгээр урсгал зардлаа хэмнэх боломжтой гэж үзэж байна. Ажлын хэсгийн баримталсан гол зарчим нь Засгийн газрын өргөн барьсан төслөөс төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байж, хувийн хэвшлийг дэмжих зорилт агуулсан.
-Гэвч энэ агуулгадаа хүрсэн төсөв болж чадсан гэж үү?
-Ер нь эдийн засаг сайн, төсвийн орлогын бүрдэлт сайн үед төсвийг үр өгөөж муутай, үрэлгэн зарцуулж ирсэн байдаг. Тэгэхээр эдийн засаг тааруу, улмаар төсвийн орлого бүрдэлт асуудалтай, гол нь гол нэрийн эрдэс баялагийн зах зээлийн үнэ 30-300 хувиар унасан, үүнийг дагаад хөрөнгө оруулалт буурсан энэ үе нь бидэнд алдаагаа засах, ухаарах боломжийг олгож байна гэж харж байна. Тодруулбал, 2000 оны үетэй энэ жилийн төсвийн нийт зардлыг харьцуулахад ойролцоогоор 20 дахин өссөн үзүүлэлт ажиглагддаг. Өнгөрсөн 2013 оныг хүртлэх хугацаанд эдийн засаг, төсөв сайн үед Монгол Улс олсон орлогоосоо илүүтэйгээр зарцуулж ирсэн. Үүгээр ч зогсохгүй сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас болж ирээдүйд олохоор төсөөлсөн орлогоо барьцаалж зээл аваад бэлнээр тараачихсан. Тухайлбал, 2008-2012 оны хооронд 2.5 орчим их наяд төгрөг буюу 1.7 тэрбум ам.долларыг бэлнээр тарааж, энэ мөнгөний ихэнх нь импортын бараанд гадагш урссан байдаг.
-Өнөөх л манай, танай Засгийн үе гэх хэрүүлийн алимны үлгэр юм биш үү?
-Эдийн засгийн өсөлт саарах, төсвийн орлого бүрдэлт муудах байдал нь ганцхан манай улсад биш зах зээлийн эдийн засагтай олон оронд байдаг. Энэ үед эдийн засгийн тухайд уналттай байгаа салбарынхаа өртөг, зардлыг багасгаж бүтээгдэхүүний биет үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, уналт багатай болон өсөлттэй, мөн шинэ салбаруудыг дэмжих, эдгээр салбарынхаа хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадварыг сайжруулах, аль болох хэрэглээ болон хувийн хэвшлээ дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээнээс үр дүн гарахад тодорхой хугацаа шаардлагатай. Богино хугацаанд төсвийн байдлыг сайжруулахад зардлыг танах, эсвэл татварын хувь хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх зэрэг хувилбарууд байж болох талтай. Монгол Улсын тухайд дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа хувийн хэвшилтэй учир татвар нэмэх боломж байхгүй.
-Татвар, гааль гэхчлэн төрийн байгууллагын хэд хэдэн газрыг нэгтгэхээр төсөвт тусгасан. Энэ дагуу ажлууд хийгдэж байна. Гэтэл ганц энэ хоёр байгууллагыг нэгтгэхэд 100 гаруй хүн гудамжинд гарах нь. Төсөвт тусгасан төрийн байгууллагуудыг нэгтгэхээр нийт хичнээн хүн ажилгүй болох вэ?
-Төсвийн зарлага бууруулах шаардлага бий. Өнгөрсөн хугацаанд улстөрчид, тэр тусмаа цөөнх төр данхайлаа гэж мөн ч их орилсныг мэдэж байгаа байх. Тэр төр данхайлаа гэдгийг нь судалгаа хийгээд харахаар гол нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг шинээр их баригдаж байгаа учир энэ төрийн үйлчилгээний салбарт л орон тоо нэмэгдсэн байдаг. Харин одоогийн төрийн захиргааны албан хаагчдын орон тоог 2012 оноос өмнөх онтой харьцуулахад бараг нэмэгдээгүй юм билээ. Энэ оны төсвийн тухайд Засгийн газар төсвийн орлого тааруу байгаа учир төсвийн зарлагыг бууруулах олон саналыг, тодруулбал бүтцийн өөрчлөлт хийх саналыг УИХ-д оруулж ирсэн. Гэвч УИХ дахь бүлгүүдийн шийдвэрээр ихэнх нь дэмжээгүй. Цөөн хэдэн санал дэмжигдсэний нэг нь тэр төсвийн орлого бүрдүүлдэг гааль, татварын газрыг нэгтгэх байсан.
-Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл олны эсэргүүцэлтэй тулгарснаар Төрийн тэргүүн хуучнаар нь байлгах саналыг гаргасан. Энэ хэр боломжтой вэ. Ингэснээр 60 тэрбум төгрөг төсөвт сох дутна гэж байгаа. Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх вэ?
-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай багц хуульд хүүхдийн мөнгөний нийт хэмжээг бууруулахаар тусгасан байсан. Энэ мөнгөний хэмжээнд УИХ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Ер нь энэ нийгэмд ажил эрхлэх боломжгүй ч гэсэн, гэр бүл нь зарлагыг нь даадаг хүүхдийг төрөөс дэмжих нь зүйн хэрэг. Эх орны ирээдүй шүү дээ. Дэмжихдээ аль болох ялгавартай хандахгүй байвал бас зүгээр гэж бодож байна. Мөнгөний үүсвэрийн тухайд Засгийн газар судалж, холбогдох шийдвэрийг гаргах учиртай.
-Төсөвт тодотгол хийтэл Засгийн газрын нөөц сангаас хүүхдийн мөнгийг гаргана гэж байна. Тийм боломж бололцоо бий юу. Өвөлжилт хүндэрч, малчдын байдал хэцүүхэн байгаа. Иймээс тийшээ ч мөн туслалцаа үгүйлэгдэж байхад?
-Засгийн газрын нөөцөд ямар боломж байгааг нь мэдэхгүй байна.
-Ер нь энэ мэтчилэн эргэж буцсан байдлаар төсвийг онгичиж, сар болохгүй тодотгол хийх нь хэр зохистой юм бол?
-Төсөвт ямар тохиолдолд тодотгол хийж болохыг холбогдох хуульд тодорхой заасан байгаа. Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн барих эрхтэй байдаг.
-Энэ оны эдийн засагт эерэг үр дүн бий болох болов уу?
-Энэ онд 2012 оноос хойших Засгийн газар, УИХ-аас гаргаж ирсэн шийдвэрийн хүрээнд эдийн засагт эерэг үр дүн гарна гэж бодож байна. Хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт өрсөлдөх чадвартай, урт хугацаанд тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн. Эдгээр салбарт хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэсэн. Эдийн засаг, экспортын орлогод голлох нөлөөтэй гол нэрийн эрдэс баялагийн зах зээлийн үнэ тааруу байгаа ч уул уурхайн бус салбарууд хөгжих боломжийг тодорхой түвшинд бүрдүүлж чадсан. Энэ оноос эхлээд барилгын гол нэрийн материал болох цемент, төмөр хийцийн өөрийн хэрэглээнийхээ ихэнхийг эх орондоо үйлдвэрлэх болно. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдана гэж ойлгож байна. Алтны олборлолт илт нэмэгдэнэ гэж боддог. Геологи, хайгуулын ажил ч идэвхтэй өрнөж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ байх. Мөн нүүрсний ордод түшиглэсэн 2-3 цахилгаан станц баригдаж эхлэх болов уу. Төмөр замын бүтээн байгуулалт ч эрчимтэй урагшлах байх. Мөн өнгөрсөн жилүүдэд явуулж ирсэн мөнгөний зохистой бодлогын хүчинд арилжааны банкны бизнесийн зээлийн хүү ч тодорхой хэмжээгээр буурна байх.
-Орон сууцны ипотекийн найман хувийн зээл эдийн засгийг уналтад оруулсан нэг хүчин зүйл гэж үздэг атлаа одоо таван хувь болгож бууруулах талаар санал санаачилга гарч эхэллээ. Эдийн засагчийнхаа хувьд энэ бүхнийг хэрхэн харж байна вэ?
-Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгосон нь эдийн засагт ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэж хэлэх байна. Өнгөрсөн хугацаанд ч өнөөдөр ч манай улсын эдийн засгийн 80 орчим хувийг авч яваа хувийн хэвшлийн өсөлт, өрсөлдөх чадварыг хамгийн их хойш нь татаж ирсэн хүчин зүйл нь арилжааны банкны хэт өндөр зээлийн хүү гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Мөн энэ зээлийн хүү иргэдийн худалдан авдаг бараа, үйлчилгээний үнийн өртөгт шингэдэг тул тэдний амьжиргааны өртөгт хамгийн их дарамтыг бий болгодог. Төрийн гол үүрэг нь иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх явдал. Иймээс Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдээ орон сууцтай болоход нь Монголбанктай хамтарч тодорхой бодлого гаргаж, хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээр 2015 оны байдлаар 75 мянган иргэн, айл өрх энэ зээлд хамрагдсан байна. Өөрөө хэлбэл, ийм тооны айл өрх орон сууцтай болсон гэсэн үг.Монголын төр,засаг өнгөрсөн 25жилд байтугай, 70 жилд ч ийм богино хугацаанд энэ олон айл өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж байгаагүй юм. Энэ орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийн хүүгийн олон улсын дундаж 2-3 хувьтай, хөгжилтэй орон тусмаа бараг хүүгүй байна. Ер нь өнгөрсөн оны дунд үеэс инфляц буурсаар 4-5 хувийн хооронд хэлбэлзэж, зарим сард үүнээс бага хэмжээтэй байна. Зээлийн хүү бол инфляцтай уялдаж уян хатан байх боломжтой.
-Ипотекийн таван хувь тэр сонгуулийн шоу юм биш үү?
-Орон сууцтай өрхийн тоо нь тухай улсын хөгжлийн чухал үзүүлэлтийн нэгд ордог. Орон сууц ихээр баригдсанаар барилгын салбар сэргэдэг. Энэ салбар хамгийн их ажлын байрыг бий болдог. Энэ зээл банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд ч чухал нөлөөтэй. Иргэдийн санхүүгийн үүсвэр болон боломж нь орон сууцныхаа буюу үл хөдлөх хөрөнгийнхөө үнийн дүнгээр нэмэгддэг. Харин эрсдэлийг зээл олгогч байгуулагууд байнга судалж сэрэмжилж байх учиртай.
-Эдийн засгийн тогтвортой өсөлт гэж бараг л хүн бүхэн ярих болсон. Хэзээ тэр эдийн засгийн тогтвортой өсөлт нь бий болох юм бол, таны бодлоор?
-Миний бодлоор энэ их том сэдэв. Нэгд сайн засаглалтай болох хэрэгтэй. Тухайлбал, Үндсэн хуульд гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг болон төрийн бүх байгуулагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлоготой болох чиглэлд зарим нэг өөрчлөлтийг оруулах. Энэ зуунд тогтвортой эдийн засагтай орнууд ихэвчлэн мэдлэгт суурилсан эдийн засагтай, эдийн засаг, аж үйлдвэрийн бүтэцжилт нь хөгжсөн орнууд байдаг. Үүнийг бүс нутаг болон олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж экспортлох гэж ойлгож болно. Өнөөгийн хөгжилтэй орнууд олон улсын зах зээл дээр эрэлттэй олон төрлийн бараа,үйлчилгээний экспортлогч орон болохын тулд олон сорилт,даваа гүвээг давахад урт хугацааг зарцуулсанаас гадна,иргэд нь ч ихээхэн зовлонг туулсан байдаг. Түүхий эдийн үнэ байнга хэлбэлзэл ихтэй байдаг. Мэдлэгт суурилсан эдийн засаг бол хүний хөгжилтэй шууд холбоотой.Сүүлийн 25 жил бид бусад оронд үйлдвэрлэсэн барааг импортлон харилцан бие биедээ борлуулах замаар бага сага ашиг олж амьдарч ирлээ. Үүнээс олдог ашиг жилээс жилд буурсаар байна. Нэгэнт Монгол Улс жижиг зах зээлтэй учир бүгдээрээ экспортлогч болохын тулд бүтээлчээр хамтарч ажиллах нь хамгийн зөв гарц гэж хэлэх байна. Өрсөлдөх чадвартай бараа үйлдвэрлэхэд санхүүгийн хямд үүсвэр, сайн технологи, ур чадвартай ажиллах хүчин чухал. Иймд бид хүнээ хөгжүүлэхийн тулд нэг хэсэгтээ эрдэс баялагийн салбартаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Мөн Монгол Улс олон улсын санхүү, үйлчилгээний бизнесийн төв болох боломжтой гэсэн мэдээлэл ихэд гарч байна, үүнийг судалж дэмжиж ажиллах шаардлагатай.
ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН