Орон нутгийн зарим сургууль тэтгэлэгт хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Орон нутгийн зарим сургууль тэтгэлэгт хамрагджээ

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас /БСШУЯ/ “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд өнөөдөр шилдэг 200 ЕБС-д нийтдээ нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Энэ тэтгэлгийг БСШУЯ Дэлхийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм. Ингэснээр сургууль тус бүрд зургаан сая төгрөг олгогдож байна.

Тэтгэлэг авах сургуулийг гурван үе шаттайгаар шалгаруулжээ. Гол нь бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулахад төслийн зорилго оршиж байна. Сургууль бүр бага ангийн сурагчдад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлаар төсөл бичиж оролцсон байна. Нэгдүгээр ээлжид төрийн өмчийн 635 ЕБС-ийг хамруулж 400 сургуулийг сонгожээ. Ингээд энэ дундаас дахин 200 сургуулийг шалгаруулан өнөөдөр тэтгэлгийг нь гардууллаа.

Тухайлбал, Булган аймгийн Тэшиг сумын сургууль “Буриад зан үйл, ёс заншлыг хүүхдүүдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх” төсөл бичжээ. Учир нь Тэшиг сумын нийт иргэдийн 30 гаруй хувь нь Буриад үндэстэн байдаг аж. Тиймээс энэ төслөөр дамжуулан бага ангийн сурагчдад буриад ардын хувцас ахуй хэрэглэл, үндэсний ёохор бүжиг, нутгийн аялгууг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа аж.

Мөн Архангай аймгийн Өгийн нуур сумын сургуулийнхан байгаль экологийн боловсролыг сурагчдад бага ангиас нь системтэй олгоход чиглэсэн төслийг бичжээ. Энэ талаар сумын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг “Байгалийн ухааны хичээл нь өөрөө туршилт хийхэд чиглэгдсэн байдаг. Гэтэл хөдөөгийн сургуульд туршилт хийх хэрэглэгдэхүүн байдаггүй. Тиймээс үүн дээр үндэслэн төслөө бичсэн” гэв.

Ийнхүү тэд бичсэн төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн зургаан сая төгрөгийн тэтгэлэг томоохон дэмжлэг болно гэж байв.

Б.ЗАЯА


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж