Испанийн Засгийн газар Гуравдугаар Карлосын нэрэмжит эрүүл мэндийн институтийн вирус судлаачидтай хамтран тус улсын хүн амын хэдэн хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсоныг олж мэдэхээр ажиллаж байгаа ба нийт 61 мянган хүнд дээр явуулсан судалгаагаар эдгээр хүмүүсийн ердөө таван хувьд нь коронавирусийн эсрэг бие илэрсэн байна. Энэхүү судалгаа анагаах ухааны "The Lancet" сэтгүүлд нийтлэгджээ.
Мөн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн заримынх нь буюу 14 хувийнх нь эсрэг бие хэдэн долоо хоног болоод алга болж байгаа нь тогтоогджээ. Энэ нь хүмүүст сүргийн дархлаа тогтох боломжгүй байж магадгүй гэх эргэлзээг төрүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл богино хугацаанд дархлаа тогтоод алга болдог байж магадгүй байна. Тиймээс тухайн хүнд коронавирусийн эсрэг бие илэрсэн ч өөрийгөө бүрэн хамгаалагдсан гэж тайвширч болохгүйг судлаачид анхааруулж байна. Испани улсад одоогоор коронавируст халдварын улмаас нийт 299 мянган хүн коронавирусийн халдвар авч, 28 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ