ХҮН-ынхан хөл ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

ХҮН-ынхан хөл ихтэй байна

Хөдөлмөрийн үндэсний намыг зорих хүмүүсийн цуваа тасарсангүй. Шинэ оны өмнөхөн шилдэг бизнесменүүд, захирлууд ХҮН-д элссэн бол С.Ганбаатар энэ намын үнэмлэхийг өвөртлөөд удаагүй байгаа билээ.

Шинэ бодлого, шинэ үзэл санаа, Монголын улс төрд үгүйлэгдсэн гуравдагчийн орон зайг нөхөх тус намын бодлогыг дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь өнө удаан жил төрийг зайдагнасан АН, МАН гэх өнгөөрөө ялгарахаас үзэл бодлын ялгаа ч үгүй, түрийвч нэг, бизнес нэг олигархиудаас салах гэсэн шинэ урсгал улс төрд хүч түрэн орж ирж байгаагийн илрэл гэлтэй.

Тиймээс ч ХҮН-д элсэх нь улс төрийн нэгэн шинэ трэнд болжээ. Тус намд өнөөдөр “Алтайн хүдэр” компанийн үүсгэн байгуулагч, “Хөтөлийн цемент шохой” ХК-н гүйцэтгэгч захирал асан Г.Батдорж, Монголын бурхан шашинтны төв Гандагтэгчэнлин хийдийн Аялал жуулчлал гадаад хариуцсан албаны дарга асан, гүн ухаан судлаач С.Ишцог нар элсч, намын батлахаа авчээ. Мөн эх орондоо ирж өөрсдийн мэргэшсэн мэргэжлээрээ бизнес эрхэлж байгаа мэдлэгтэй боловсролтой залуусаар тус нам бүл нэмж байгаа гэнэ.

Ийнхүү ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн өмнө АН,МАН-аас ХҮН-ыг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй бололтой.Ямар ч байсан энэ жилдээ ХҮН хөл ихтэй байх нь ээ.

Г.ТУУЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж