Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний Ерөнхий хүрээлэнгийн албан хаагчдын 390 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Гүрт цамхаг” ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авсан аж.
390 айлын орон сууцны шав тавих ёслол 2017 оны есдүгээр сарын 29-ны өдөр болж байсан бөгөөд ийнхүү 27 сарын хугацаанд албан хаагчдын орон сууц бэлэн болсон байна.
ХЗДХЯ-ны зүгээс ажилтан алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд том хөрөнгө оруулалт болж чадсан ажил бол 390 айлын орон сууц мөн хэмээн нээлтийн ажиллагаанд ирсэн ахмад алба хаагчид ч онцолж байсан юм.
Энэ үеэр ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж “Манай яамны 108 ажилтан, алба хаагчдаас бараг 80 гаруй нь энэхүү 390 айлын орон сууцанд орж байгаа. Мөн харъяа агентлаг байгууллагуудад орон сууцанд орох ажилчдын хуваарилалт хийгдэх юм. Миний үндсэн зарчим бол ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцлийг хангах байсан. Үүний тулд ч ажилласаар ирсэн. 2012 онд 70 гаруй ажилчдынхаа 40-д нь орон сууц өгч байсан. Цаашдаа ч энэ ажил үргэлжлэх байх гэж бодож байна. Зөвхөн энэ орон сууц бус цагдаа хотхон гэж 1000 айлын орон сууц баригдаж байна. Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяанд орон сууц барих ажил эхэлж, барилгын ажил үргэлжилж байна. “Албан хаагч бүрт орон сууц” хөтөлбөрийг баталж, түүний хүрээнд холбогдох асуудлуудыг нь шийдвэрлэн ажиллаж байна.
Тухайн бариулж буй орон сууцууд бол арилжааны орон сууцнаас 50 хувийн хямдралтай, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэдгээрээ давуу талтай. Манай яам 12 харъяа байгууллагатай. Байгууллага тус бүр дотоод хуваарилалтаа хийж, хүсэлт гаргасан алба хаагчдадаа орон сууцын эрхийг олгох юм” хэмээв.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат хэлэхдээ “ШШҮХ-ийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд тус хүрээлэнгийн нийт 76 албан хаагч тус 390 айлын орон сууцанд захиалга өгсөн” гэлээ.
390 айлын орон сууцын барилгын гүйцэтгэгч “Гүрт цамхаг” компаний захирал н.Эрдэнэчимэг “ Үйлчилгээний төвтэй 390 айлын орон сууцыг тэг тэнхлэг тавьж, улаан шугам татсанаас хойш 27 сарын хугацаанд барьж гүйцэтгэлээ. Энэ нь 6600 метр квадрат газарт, 33.3 метр квадрат талбайд баригдлаа. Уг байр маань нэгдүгээр давхартаа үйлчилгээний төвтэй, 3500 метр квадрат дулаан зогсоолтой, тоглоомын талбайтай гэсэн үндсэн төлөвлөгөөтэйгээр явагдсан. Барилгыг барихад тусалсан ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, ажлын хэсгийн хамт олон болон бүхий л ажилтан, алба хаагчдадаа баярлалаа. Тухайн 390 айлын орон сууцын барилгын ажилд манай компаниас гадна бусад 24 туслан гүйцэтгэгч компаний 1400 гаруй ажилтан алба хаагчид оролцсон” хэмээв.
ХЗДХЯ-ны үйлчилгээний ажилтан Г.Дуламсүрэн “Би ХЗДХЯ-ны үйлчилгээний албанд 16 дахь жилдээ ажиллаж байна. Яамнаас маань орон сууцанд хамрагдах боломжийг 100 хувь шийдэж өгсөнд маш их баяртай байгаа. Үйлчилгээний бүх ажилчдадаа өгсөн. 2004 онд би анх яаманд үйлчлэгчээр орсон. Өдий 16 жил ажиллах хугацаанд ажилласан үр бүтээлийг минь үнэлж байраар хангах болсон ажлын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Ийм боломж хүнд тэр бүр олдохгүй байх. Манай хамт олон ч баяртай байгаа” гэлээ.
Орон сууц дагасан олон асуудлууд нийгэмд байдаг. Харин 390 айлын орон сууц нь гадаах хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэргийг бүрэн шийдэж өгсөнөөр алба хаагчдын тухтай амьдрах боломжоор хангажээ. Мөн дарга, цэрэг гэх улиг болсон сонголтоос илүүтэйгээр нийгмийн асуудлыг нь зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй үйлчилгээний алба хаагчдаа орхигдуулаагүй нь нүдээ олсон шагнал мэт санагдсан юм.
Холбоотой мэдээ