Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Танилц: У.Хүрэлсүхийн танхимын сайд нар

Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгч, чуулганаар хэлэлцүүлж, тангаргаа өргөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд "Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концесс, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо" хэмээсэн юм.

Улс төрийн хүрээнд энэ удаагийн Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын томилгоо хэмээн дүгнэж, салбар салбарын мэргэжлийн хүмүүс томиллоо хэмээж буй.

Гэхдээ хэтэрхий сул Засгийн газар гэж дүгнэх хүмүүс ч байгаа юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын хэн нь хэн бэ.

Шадар сайд  Я.СОДБААТАР:

-2020 оны УИХ-ын сонгуулийг өнжиж, нам нь ялбал сайд болох нь тодорхой байсан хүн бол Я.Содбаатар. МАН олноороо ЖДҮ-ийн зээл авахад Я.Содбаатар гишүүн ч бас авсан нь нэр дэвших боломжийг нь хаасан. Гэхдээ 2020 оны сонгуульд намынхаа арын алба болох сонгуулийн менежерээр ажилласан. Өмнөх парламентад Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан.

1997-1999 онд  ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

ДАВХАР ДЭЭЛТЭЙ ДӨРВӨН САЙД

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Хэнтий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын “гал тогоог” сүүлийн хоёр жил барьсан. Харвардын боловсролтой гэгддэг түүний хувьд У.Хүрэлсүхийн намаа шинэчлэх, эрх мэдлээ өргөжүүлэх үйлсэд нь туг барин “тулалдсан” нэгэн. Тиймээс ч ЗГХЭГ-ын даргаар томилогдож, Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөөд буй. Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын аль алиныг дэмжлэгтэй учраас сайд болох нь тодорхой хүмүүсийн нэг байсан юм.

2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Увс аймгаас гурав дахь удаагаа сонгогдож гарч ирсэн бөгөөд өнгөрсөн парламентад Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ удаад ч мөн улиран томилогдож буй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг томилгооноос нь эхлээд л хориг тавьж эхэлсэн байдаг. Харин энэ удаад түүнийг Ерөнхийлөгчтэй “тохиролцсон” гэх. Угаас нь МАН-ын даргын У.Хүрэлсүхийн эдийн засаг, санхүүг нь хариуцаж чадах хүн түүнээс өөр үгүй гэх. Тиймээс ч энэ удаад мөн улираан томилов.

1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэлийг энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Танхимдаа үлдсэн ч өөр яамыг толгойлохоор болж буй. У.Хүрэлсүхийн маш ойрын баруун гар хэмээн улс төрийн хүрээнд яригддаг. Дэлхий нийтээр цар тахалтай энэ үед бодлоготой шийдвэрүүдийнх нь үр дүнд өнөөдөр ч дотооддоо алдаагүй байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайдаар нь үргэлжлүүлнэ хэмээн таамаглаж байсан ч өөрчлөв. Сэтгүүл зүйн салбараас улс төрд “урвасан”  олон улстөрчдийн нэг. Тэрбээр энэ Засгийн газарт ажиллах хоёр эмэгтэй сайдын нэг юм.

Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн,  2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлаас дэвшиж, 2016 оны сонгуульд гишүүн болж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын дарга У.Хүрэлсүхийн тэмцлийг тэргүүлэгчдийн нэг.  Өнгөрсөн парламентын үед Хууль зүйн байнгын хороог ахалж, хэд хэдэн хуулийн автор болсон нэгэн. Гэхдээ тэдгээр хуулиуд нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй.

2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Багануурын хэмээгддэг Н.Тавинбэх гэж салбартаа нэртэй мэргэжлийн хүн Эрчим хүчний сайдад томилогдохоор яригдаж байна. Тэрбээр инженер мэргэжилтэй.

2015 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН:

-Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлээд 30 гаруй жил ажилласан арвин түүхтэй хүн бол Л.Цэдэвсүрэн.  1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,  2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтарын хувьд мөн л салбарын хүн. Цэвэрлэгчээс ажлын гараагаа эхлүүлж, сайд болтлоо дэвшиж байгаа цөөн хүний нэг юм. Ирэх жилүүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай гар нийлж, төмөр замын томоохон бүтээн байгуулалт хийх гол ажлыг тэр нугална.

Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдоод удаагүй байсан З.Мэндсайханы хувьд энэ удаад том салбарын сайдаар томилогдож байна. Ховд аймгийн гаралтай, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “хүн” гэх нь бий.  Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2015 оноос төрийн алба руу шилжсэн нэгэн.

2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Соёлын сайд С.ЧУЛУУН:

-Шинжлэх ухааны салбартаа сайн, муу олон асуудалд холбогдож байсан ч Ерөнхийлөгч С.Чулууныг Соёлын сайдад зүтгүүлсэн гэх. Тэрбээр өөрийгөө буруугүй гэдэг ч салбарын эрдэмтэд нь соёлын өв хулгайлдаг, бусад эрдэмтдийн бүтээл хулгайлсан хэмээн шүүмжлээд байгаа юм. Гэвч тэрбээр томилогдох үеэрээ би хулгайч биш хэмээн тодотгож байсан.

1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:

-Эрүүл мэндийн салбарт шинэ залуу ч гэсэн менежмент сайттай ажилладаг хэмээн Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар томилов. Улс төрийн болоод ажлын намтар “нимгэн” ч гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, хуучин сайд хоёр нь түүнийг зүтгүүлж, итгэл хүлээлгэсэн гэх.

2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

 

 

Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:

-Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, төрийн албанд хамгийн удаан ажилласан хүн бол Б.Мөнхбаатар. Өнгөрсөн хугацаанд олон ч салбарын сайдад яригдаж байсан ч улс төрийн дэмжлэг “багатай” байсан гэгддэг ч энэ удаад мэргэжлийн салбараа мэддэг, дотроо ажиллаж байсан хэмээн сайдаар дэвшүүлэн томилов.

1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

-Зэвсэгт хүчний салбарт олон жил ажилласан салбартаа туршлагатай нэгэн. Түүнийг Ерөнхийлөгч зүтгүүлсэн гэх мэдээлэл бий.

1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,   1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА:

-Өвөөгийнхөө нэрээр улс төрд яваа хүн бол А.Ариунзаяа. Түүнийг Жасрай сайдын зээ охин гэдгээр нь улс төрийн хүрээнд, МАН-ынхан мэддэг. Түүний улс төрд орсон хугацаа урт ч гэсэн ямар нэгэн албан тушаал хариуцаж байгаа ч өнгөрсөн жилүүдэд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллахдаа сайн удирдлага, менежер байсан гэдэг. Тэрбээр энэ Засгийн газрын хоёр эмэгтэй сайдын нэг юм.

2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Уул уурхайн салбарт олон жил ажилласан, инженер хүн. Түүнийг улс төрийн хүрээнд гэхээс илүү уул уурхайн салбарынхан мэддэг учраас мэргэжлийн хэмээн томилжээ.

2002-2007 онд  “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

 

Гадаад харилцааны сайд Н.ЭНХТАЙВАН:

-МАН-д олон жил зүтгэсэн ч сүүлийн үед албан тушаалд очиж чадахгүй явсан хүн бол Н.Энхтайван. Гадаад харилцааны чиглэлээр хариуцлагатай албан тушаалуудад ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.

1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, 1999-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн дарга, 2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газарт дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж