Улсын онцгой комиссоос коронавируст “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл эхлээгүй байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын зуслангуудын холбоо болон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагаас 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хүүхдийн зуслан ажиллуулах тухай шийдвэрийг гаргаж, зөвшөөрөл олгох хүсэлтийг удаа дараа тавьсан юм.
Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч, тус байгууллага нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, “Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан.
Тэгвэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин ажлын хэсгийн байгуулсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг баталлаа. Ингэснээр хүүхдийн зуслангууд “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ыг мөрдөж, үйл ажиллагаагаа эхлэхээр боллоо.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Холбоотой мэдээ