Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, санал нэгджээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болжээ. Мөн бүлэг Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн байна. Уг хөтөлбөрт ахмад настан болон залуу гэр бүлийг хамруулахад анхаарах аж.

Бүлгээс мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өгч, мөн бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, С.Одонтуяа нарын хамтаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хуулийг бүлэг яагаад дэмжсэнгүй вэ. Хойшлуулсан шалтгаан юу вэ. Энэ хуулийг баталчих явчих юм бол дараа, дараагийн УИХ-д хэрэгтэй биш үү?

Б.Гарамгайбаатар: Энэ хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадаагүй. УИХ-аар дахин хэлэлцүүлэх талаар Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. Ардчилсан намын бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Зарим нэг зүйл, заалтыг хүлээж авахад төвөгтэй байна. Тиймээс энэ асуудлыг цэгцэлчих юм бол хүлээж авах боломж бий. Тэгэхгүй бол улс төрийн хэрүүлийн алим үүсэх нөхцөл байдалд орно гэж үзсэн.

Ш.Түвдэндорж: Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн зүйлүүд байгаа учраас байнгын хорооны хуралдаанаар төсөл дэмжигдээгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Тиймээс бүлэг ийм байр суурь барьсан. Гэхдээ хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж болно.

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг өөрчилнө гэж байна. Яг ямар өөрчлөлт орох юм бол. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ гаргасан шүү дээ, иргэний эрхийг зөрчлөө гэж?

Ш.Түвдэндорж: Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнөх хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тиймээс Монголын банкуудын холбоо, Монголбанк орон сууцны найман хувийн зээлийг зогсоосон. Ганц моргейжийн зээл ч биш бусад зээлүүдийг ч мөн зогсоосон. Тийм учраас Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтарч шинэ хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-аас хууль батлагдсан нөхцөлд орон сууцны зээлийн үйл ажиллагаа сэргэх юм. Сэргээхдээ тодорхой зарчмын өөрчлөлтүүдийг оруулсан. Нэг үгээр хэлбэл, Монголын ипотекийн корпораци, Банкуудын холбоо, Монгол банкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа учраас жилийн найман хувийн хүүтэй олгогддог зээлийг тав руу буулгана. Инфляци 14 хувьтай байхад ипотекийн найман хувийн зээл хэрэгжүүлсэн. Одоо инфляци 2.9 хувь руу орсон учир зээлийн хүүг гурван хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Дээр нь 81мкв гэсэн хязгаар тогтоож зээл олгодог байсныг болиулж байгаа.

Моргейжийн найман хувийн зээлд хамрагдахад өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх ёстой байсныг одоо 530 мянган төгрөг болж босго нь буурч байгаа. Ингэхдээ 43 мкв байрнаас сонголт хийхэд орлого энэ хэмжээнд байна гэсэн үг.

Хуулинд оруулж буй өөрчлөлтөөр иргэн банкнаас зөвшөөрөл авахгүйгээр түрээслэх буюу бизнесийн орлого олох үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байгаа. Харин зарж, борлуулах асуудалд банкнаас зөвшөөрөл авахаар тусгасан. Бид аль болох орон сууцны хүүг бууруулах асуудал дээр анхаарч байгаа. Мөн байртай болох боломжгүй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг хайж байна. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Б.Гарамгайбаатар: Түрээсийн орон сууцны журмыг Засгийн газар удахгүй гаргана. Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залуу гэр бүл, өндөр настнуудыг хамруулна. Орон сууцны тодорхой хэсгийг түрээсэлнэ. Дээр нь Засгийн газар бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг удахгүй оруулж ирнэ. Жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан моргейжийн зээлийг шинээр нэвтрүүлнэ. Зээлийн хүү орон сууцны моргейжийн хүүтэй адил төвшинд байхаар зохицуулна

С.Одонтуяа: Ипотекийн зээлийн хувьд УИХ-ын дарга, бүлгийн дарга нар тодорхой мэдээллүүд хийсэн. Өнгөрсөн хугацаанд 75 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсанаас ердөө 40 хүн буюу 0,05 хувь нь энэ зээлээ төлөхөд бэрхшээлтэй учирсан байгаа. Тийм учраас хамгийн бага эрсдэлтэй, хамгийн боломжтой зээл гэж үзээд цаашид хүүг нь бууруулах, ард иргэдийг дэмжих, дунд давхаргынханыг хамруулахад нэлээд зүйл санаачилж хийнэ. Иргэдийн худалдаж авах биш түрээсийн орон сууцны асуудлаар УИХ-ын гишүүдэд маш их өргөдөл ирж байгаа учраас Засгийн газрыг онцгой анхаарч ажиллах үүрэг өгсөн. Мөн Хөдөлмөрийн сайдад бүтээн байгуулалтын явцад ажилгүй байгаа залуучуудыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олноор нь хамруулах, төсөв санхүүжилтыг шийдэх, мэргэжилтэй, боловсролтой болгох асуудал анхаарах үүрэг өгсөн.

-Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ. Бүлэг Засгийн газарт тодорхой чиглэл өгч байна уу?

Б.Гарамгайбаатар: Энэ бол Ерөнхий сайдын мэдлийн хүрээний асуудал. Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өмнө нь Ерөнхий сайдад өгсөн.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж