"Капитал"-д байсан ЭМД, НД-ын 204.3 тэрбумын өр төлөгдөөгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

"Капитал"-д байсан ЭМД, НД-ын 204.3 тэрбумын өр төлөгдөөгүй

"Капитал"-д байсан ЭМД, НД-ын 204.3 тэрбумын өр төлөгдөөгүй

Одоогоос яг жилийн өмнө дампуурсан "Капитал" банкийг албадан татан буулгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус банкны эрх хүлээн авагчийн зөвлөл өнөөдөр /2020.07.08/ олон нийтэд мэдээлэл хийлээ.


"Капитал" банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь анх 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авснаас хойш 2020 оны зургадугаар сарын 30 өдрийн байдлаар 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна.

Мөн 2020 оны эхний хагас жилд нийт 35 иргэн, аж ахуй нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулсан байна.  Үүнээс таван хадгаламж эзэмшигчийн 111.8 сая төгрөгийн төлбөр нь Банкны тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй иргэдийн нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр хүлээн авч, баталгаажуулан олгосон төлбөр ажээ.

Хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй хадгаламж, харилцах данс эзэмшигчид шүүхэд хандаж, төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авахыг Банкны эрх хүлээн авагчид даалгасан шийдвэр гаргуулсаар байгаа. Тайлант хугацааны эцсийн байдлаар буюу 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Банкны тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй буюу төлбөрийн дараалалд ороогүй нийт 0.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий 1558 иргэн, аж ахуй нэгж байгууллагын хадгаламж, харилцах данс бүртгэлтэй байна.

Мөн Үндэслэл бүхий эргэлзээтэй гэж үзээд нэхэмжлэлийг нь хүлээж аваагүй 526.7 сая төгрөгийн хадгаламжтай, нэг хадгаламж эзэмшигч бүртгэлтэй байна. Энэхүү хадгаламж эзэмшигч нь эргэлзээгээ тайлах юм бол хадгаламжийн мөнгөө гаргуулан авах боломжтой ажээ.

Төлбөрийн дараалал тогтоох үед Банкны тухай хуулийн 73.1.5 буюу даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд орсон иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 9 иргэн, аж ахуйн нэгжийн 104.4 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдаагүй үлдээд байна.

Мөн "Капитал" банканд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөг хадгалагдаж байсан. Энэ талаар “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш мэдээлж буйгаар "Эдгээр төлбөрийг Банкны тухай хуулийн 73.1.8 буюу Засгийн газарт төлөх өр төлбөр дарааллаас дээшилж, 73.1.5 дахь иргэд, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдуулах дараалалд нэмэгдэж бүртгэгдээд байна" гэв.

Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд зааснаар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 204.3 тэрбум төгрөгийг банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлж барагдуулах жагсаалтын наймд бичигдэж байсан бол ийнхүү тавд бичигдэж байна.

Хэдийгээр Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь иргэд, хуулийн этгээдэд учирсан хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулж байгаа ч цаашид банкны эд хөрөнгийг зарж борлуулсан орлогоос төлөх өр төлбөрийн асуудал хүндхэн байгааг дуулгав. Тодруулбал, "Капитал" банк болон түүний охин найман компанийн нэр дээрх 203 тэрбум төгрөгөөр бүртгэгдсэн 232 үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдсэн хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, иргэд, хуулийн этгээд, төрд учирсан хохирлыг барагдуулах боломжгүй байгаа талаар мэдээлэв. Учир нь, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нь "Капитал" банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдтэл хөрөнгийг битүүмжлэх нь зүйтэй гэж үзсэн ажээ.

УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШСЭН ХОЁР ЭРХЭМ КАПИТАЛД БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ БАРАГДУУЛААГҮЙ БАЙНА

Мөн Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш хугацаанд буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад төлөлт огт хийгдээгүй нийт 123 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгдэж байгаа аж. Эдгээр хүмүүсийн дунд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Төв аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Гантөгс нар байгаа гэдгийг "Капитал" банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс мэдээлэв.

Энэ талаар “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш хэлэхдээ "Капитал банканд зээлтэй Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Төв аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Гантөгс нар энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Эдгээр иргэдийн асуудал шүүх дээр явж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байсан тул УИХ-д нэр дэвших эрх нь хангагдсан" гэв.

Үүний зэрэгцээ Банкны эрх хүлээн авагч болон “Эрдэнэс Монгол” ХХК нарын хооронд Иргэний тэтгэврийн зээлийн төлбөрийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ байгуулж, 124 сая төгрөгтэй тэнцэх “Эрдэнэс бонд” үнэт цаасыг эзэмшиж, уг дүнгээр тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн. Банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад хэвийн тэтгэврийн зээлийг ХААН банкинд худалдсаны дараа зээлдэгч нас барсан 90 гаруй тэтгэврийн зээл үлдэж, талийгаачдын ар гэрийнхнээр төлүүлэн ажиллаж байсан бөгөөд энэ гэрээнд төлөгдөөгүй үлдсэн 74 тэтгэврийн зээл хамрагдсан.

Мөн "Капитал" банкийг албадан татан буулгах явцад төлөлт огт хийгдээгүй нийт 123 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа ажээ.

БАНКИЙГ АЛБАДАН ТАТАН БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ТӨЛӨЛТ ХИЙГДЭЭГҮЙ ЗЭЭЛИЙН ЖАГСААЛТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж