-Хүүтэйгээ хагалгаа хийхэд хачин гоё мэдрэмж төрсөн дөө-
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ц.Ганзоригттой уулзлаа.
-Тангараг өргөөд хэдэн жилийг ардаа орхив доо? Түүнээс хэдэн жилд нь авралын хутга барьж байна вэ?
-АУДС-ийг 1990 онд төгсөөд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд нэг жил ажилласан. Дараа жил нь энэ эмнэлгийн Тархи, нуруу, нугасны тасагт мэс засалчаар ажилласнаас хойш 26 жил мэс заслын хутга барьжээ. Сайндаа ч биш, биднийг дөрөвдүгээр курсэд байхад энэ эмнэлгийн тухайн үеийн удирдлага хоёр эрэгтэй оюутан захиалсан юм билээ. Тэдний нэг нь би л дээ. Тэгээгүй бол одоо хөдөөгийн нэг эмч байх байсан биз. Тэр үед сайдын тушаалаар томилдог байлаа шүү дээ.
-Тархи, нуруу, нугас бол хүний хамгийн эмзэг эрхтэн л дээ. Манайд ямар төрлийн гэмтэл түлхүү тохиолддог юм бэ?
-Ерээд оноос өмнө энэ төрлийн гэмтэл харьцангуй цөөн байсан юм шүү. Мотоцикль, мориноос унах, цохиулах гэсэн цөөхөн шалтгаантай байсан гэхэд болно. Өнөөдөр өөр болжээ. Хүн амын хэт төвлөрөл, автомашин нэн олширсон, халтиргаа гулгаа ихтэй, хариуцлага хаана хаанаа суларсан нь ийм гэмтлийн үндэс болж байна. Манай эмнэлгийн хүлээн авахаар өдөрт 280-300 хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоо бий. Тэдний 60 орчим хувийг тархи, нуруу, угасны гэмтэл эзэлдэг юм. Өөрөөр хэлбэл, өдөрт 6-8 хүн дунджаар иймэрхүү гэмтэлтэй хэвтэж байна гэсэн үг л дээ. Боловсролын тогтолцооны гажиг ч нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй. Бүр цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангид осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар хичээл орох ёстой юм шүү дээ. Тэр л насанд нь хэвшүүлж чадвал хүн насан туршдаа өөрийгөө хамгаалаад явж чадна. Хожуудвал хэцүү л дээ. “Дөч хүрсэн хүнийг сургаж болдоггүй, дөрвөн нохойг холбож болдоггүй” гэдэг байхаа. Францын сувилагч нар зүү унасан байхад өвдөглөж суугаад авдаг юм даа. Манайхан 100 килограмм ачааг шууд үүрээд л зүтгэнэ шүү дээ. Ядаж л сурагчдыг цүнхээ зөв үүрдэг болгоод сургачихгүй юм байна ш дээ. Өндөр, царайлаг, хөөрхөн охин өрөөсөн мөр нь далийчихсан явах нь харамсмаар. Зөвхөн нэг талдаа хүнд ачаа тээхээр тэр талд ачаалал ирснээр мөрөө өргөсөөр байгаад хазайчихгүй юу. Хоёр талдаа ээлжлээд үүрээд явбал тэгэхгүй шүү дээ. Ийм энгийн юмыг хүртэл багш нар заахгүй байна аа.
-Манай энэ чиглэлийн мэс заслын хөгжлийн түвшин хаана явна вэ?
-Нэг үеэ бодвол Монголын анагаах ухааны, тэр дундаа мэс заслын хөгжил өндөрт гарсныг энэ цаг үеийн мэс засалчийн хувьд баттай хэлэх байна. Ялангуяа манай мэс засалчид ур чадварын хувьд хаанахын хэнээс ч дутахгүй болжээ. Харин хөрөнгө мөнгөний асуудлаас болоод үнэтэй, хамгийн сүүлийн үеийн зарим багаж, тоног төхөөрөмж авч чаддаггүй тал бий. Хувийн эмнэлгүүд энэ тал дээр харин айхааргүй болсон нь сайшаалтай. Зарим мэс засал дэлхийн хэмжээнд ойртож л явна.
-Тархи, нуруу, нугасны ямар, ямар гэмтэл манайд түлхүү тохиолддог юм бэ?
-Гэмтлүүдийг дотор нь ил, далд гэж ангилдаг. Аль, аль нь тохиолддог болжээ. Сүүлийн үед хүндхэн гэмтлүүд ихээр гарч байна аа. Дээр хэлсэн дээ. Автын ослоос үүдсэн гэмтлүүд хүнд байх нь олонтаа. “Хужаа мотоцикль”-ийн гэх гэмтэл олширлоо. Зөвхөн хар замын зориулалттай тэрхүү унааг манайхан уул, хаданд ч унах юм байна шүү дээ. Зориулалтын юмыг зориулсан газарт нь хэрэглэх ёстой л доо. Морин уралдаан олширсноор хүүхдүүд мориноос унах нь элбэгшлээ. За тэгээд байгууллагууд хавь орчныхоо цасыг цэвэрлэхээ байж. Түүнээс болоод халтиргаа, гулгаа үүссэнээс гар, хөлөө хугалах, тархи, толгойгоо гэмтээх нь ч ихэсчээ. Одоо энэ төрлийн гэмтэл манайхыг хүндрүүлж байна. Анхны тусламжийг зөв үзүүлэх ёстойг хаана, хаанаа мэдмээр байна. Газар дээр нь яах вэ. Тээвэрлэлтийг хэрхэх вэ? гээд л юм, юм бий ш дээ. Анхны тусламжийг зөв үзүүлэх нь эмчилгээний чухал ач холбогдолтойг мартаж болохгүй ээ. Ерээд онд манай эмнэлэг 60-70-аад оны рентген аппарат, “ЭХО”-той, нугасны ус авч онош тогтоодог байлаа. Шинэ зууны босгоноос соронзон томографийн багажтай болсноор оношийг нарийн тогтоох болсон нь энэ талын мэс засал хийхэд эргэлт гаргасныг хэлэх хэрэгтэй. Тэр үед жилийн 100 гаруй хоногийг гэртээ өнгөрүүлээгүй тооцоо гарч байв. Бидний ажил цаг, наргүй байжээ. Нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Одоогийн залуу мэс засалчид багаж хэтэрхий шүтэх болсноор сэтгэхүй нь, ялангуяа эмч нарт зайлшгүй байх ёстой клиник сэтгэлгээ нь муудаж байна. Өвчтөнөө үзэхгүйгээр, багажийнхаа бичлэг, тэмдэглэгээг л харах болж. Өвчтөнөө заавал үзэж бай гэж захья. Танайхан ч адил биз дээ. Залуу сэтгүүлчдийг харахаар дуу хураагчаа л бариад гүйгээд байх юм. Чи бид хоёр ярьж байгаа шиг хөөрөлдчихөөд л гарахад хангалттай ш дээ. Хүний тархи хязгааргүй багтаамжтай даа.
-Танай тасгийн ачаалал хэр байна даа?
-Ерээд онтой харьцуулахад 5-6 дахин өсчээ. Хагалгаагүй өдөр алга. Зарим хагалгаанд 12 цаг орно шүү дээ. Өдрийн 12 цагийг хөл дээрээ өнгөрөөдөг хэрэг.
-Өөрт тохиолдсон сонирхолтой зүйлсээс ганц хоёрыг дурдвал уншигчдад сонин байж мэднэ?
-Завханы Эрдэнэхайрханд ажиллаж байхад, 18 настай, анхны төрөгч хүнд байна гэсэн дуудлага ирэв. Очтол үнэхээр хүнд байна аа. Мэс засал хийх шаардлагатай нь тодорхой болов. Авч явахын тулд унтуулах хэрэгтэй байдаг. Аз болоход эфир нь байна аа. Харин амьсгалуулах аппарат байдаггүй. Төмөр утсаар шүүрэн шанага шиг юм урлаад марлиар ороогоод, маск болгон нөгөө эфирээрээ ил, задгай амьгалуулаад унтуулан, аваад давхичихлаа. Нэг сэрсэн чинь хагалгааг аль хэдийнэ хийчихжээ. Би өөрөө эфиртээ цохиулаад нөгөө бүсгүйтэй хамт унтчихгүй юу. Залуу байхад хөгийн юм олон тохионо шүү дээ. Ерээд оны дундуур санагдана. Төв аймгийн Бүрэн сумаас дуудлага ирэв. Мотоциклээс унасан хүн хүнд байна гэнэ ээ. Юмыг яаж мэдэхэв гээд мэс заслын багажаа аваад явлаа. Очсон чинь мөн л үнэхээр хүнд байна. Тээвэрлэх боломж алга. Хагалгаа яаралтай хийхгүй бол амь насанд нь аюултай ч болж мэдэхээр байв. Сумын эмнэлэгт хагалгаа хийх гэтэл гэрэл байдаггүй. Тэр үед гэрлийг ихээр хязгаарладаг байлаа ш дээ. Бас ширээ ч алга. Хавийн айлуудаас “ХОНДА” моторыг нь гуйж асаагаад, эмч нарынх нь ширээг эгнүүлж тавиад мэс засал хийж л явлаа. Басаж байгаа юм биш шүү. Одоогийн залуус, ээ дээ, яах л бол доо. “Хурд” хамлагийн ая зохиогч байсан Ишхүү Өвөрхангайд осолдоод, хагалгаа хийх гэтэл эмнэлэг нь нурчихсан, Техник мэргэжлийн сургуулийн нэг ангид оруулан мэс засал хийв. Цонхоор шороогоор шуураад л, ярих юм биш. Тэглээ гээд бохир орж хүндрээгүй шүү. Хөдөөгийн агаар харьцангуй цэвэр нь үнэн л дээ. Хотод тэгсэн бол хөгийн юм болохгүй юу. За нэг иймэрхүү.
-Шавь нар олон биз?
-Олон, Олон. Хэнийг нь гэхэв. Хот, хөдөөгийн томхон эмнэлгийн урдаа барьдаг мэс засалчид болжээ. Сониноос хүү Бэлгүдэй маань ЭМШУИС-ийн төгсөх курсын оюутан. Мэс засалч болохоор бэлтгэгдэж байна даа. Хүүтэйгээ хамт хэд хэдэн хагалгаанд орсон. Хачин гоё мэдрэмж төрдөг юм билээ. Нэг ёсондоо бахархал юм даа.
-Ямар нэг санаа, оноо байна уу?
-Олон л юм байна. Онцолж хэлэхэд манай энэ салбарын бодлого базаахгүй байна. Гар, хөлийн хугаралт, зарим нэг ил шархад оёдол тавих зэргийг аль ч эмнэлгийн гэмтлийн кабинет, тасагт хийчихмээр юм. Хөдөө суманд хийгээд болоод ирсэн юмыг хотын төвийн эмнэлэгт хийдэггүй нь хачин. Арайч дээ, гэмээр санагддаг даа. Тэгдэг болчихвол манай эмнэлгийн ачаалал ч буурна бтш үү?
-Мэс засалч болох нэг хэрэг. Нарийн мэргэжил эзэмших өөр дөө?
-Тэгэлгүй яахав. Гэмтэл согогын болон мэдрэлийн мэс заслын курс хийсэн. Японы Токио хотын Нөхөн сэргээх үндэсний төвд “Хүүхдийн тархины саажилт, нурууны гэмтэл”-ээр гурван сарын дамжаа төгссөн. Францын Парисын Зургадугаар их сургуулийн эмнэлэгт“ нурууны гэмтэл согогоор, мөн тэндэхийн Орилиан хотын эмнэлэгт мэдрэлийн мэс заслын курс хийсэн дээ. АНУ-ын Колорада мужийн эмнэлэгт тархи, нуруу, нугасны мэс заслыг дурангаар хийх хагалгаанд суралцсан. Японы Токиод болсон Дэлхийн мэдрэлийн мэс засалчдын 13 дугаар Их хурал дээр “Монголын мэдрэлийн мэс заслын түүхэн хөгжил” сэдвээр илтгэл тавив. Дэлхийн залуу мэдрэлийн мэс засалчдын их хуралд оролцон “Бүсэлхий нурууны дискийн ивэрхийн мэс засал” сэдвээр илтгэл тавьж байлаа. Солонгосын Сөүлд болсон мэс засалчдын 15 дугаар их хуралд “Бүсэлхий нурууны дискийн ивэрхийн бичил мэс засал” сэдвээр илтгэжээ. Эдгээр илтгэлүүд маань Америкийн нуруу нугасны нийгэмлэг, Европын мэдрэлийн мэс засалчдын нийгэмлэгийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байдаг юм.
Ярилцсан Г.МӨНХНАСАН