“Нислэг, тусгаарлах байрыг өөрсдөө гаргая гэсэн ч хүлээж аваагүй”

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

COVID-19

“Нислэг, тусгаарлах байрыг өөрсдөө гаргая гэсэн ч хүлээж аваагүй”

“Нислэг, тусгаарлах байрыг өөрсдөө гаргая гэсэн ч хүлээж аваагүй”

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор Монгол Улс хилээ хааснаас хойш гадаад оронд гацсан 10 мянга гаруй монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргасан бөгөөд өдөр ирэх бүр энэ тоо нэмэгдэж байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гадаадад гацсан монгол иргэд орох орон, идэх хоолгүй шахам хүнд нөхцөлд аж төрж байгаа билээ. Энэ байдлаа амьдарч буй улсдаа илэрхийлж, учир байдлыг тайлбарласны хүчинд тухайн улсаас нислэг гаргуулахаар болдог ч Улсын онцгой комисс (УОК) гадаадын нислэг хүлээж авахаас татгалздаг байна. Энэ талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэртэй ярилцлаа.


-Одоогоор танай байгууллагад хэчнээн монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт өгөөд байна вэ?

-Хилийн чанадаас 3000 гаруй иргэн холбогдож, эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа манай байгууллагад илэрхийлсэн. УОК-т 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэдэг ч энэ тоо өдөр бүр нэмэгдэж байгаа. Шалтгаан нь тухайн улсад нөхцөл байдал хүндэрч, ажиллах, амьдрах, сурах боломжгүй болж байгаатай холбоотой.

-Байдал хүндэрч БНСУ-д байгаа монгол иргэд Элчин сайдын яаманд хоноглож байгаа гэсэн. Аль орноос хамгийн олон иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна вэ?

-Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн олонх нь БНСУ, АНУ-д амьдарч буй иргэд юм. Зөвхөн манай байгууллагад ирж буй мэдээллээр бусад орнуудаас тухайлбал, Европын холбооны орнуудаас улс бүрээс багадаа 300 гаруй иргэн хүсэлт ирүүлсэн байна. Мөн жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эмчилгээнд явсан зэрэг шалтгаантай, эх орондоо очих хүсэлт гаргасан ч явж чадахгүй БНСУ-д байгаа 130 гаруй иргэний мэдээлэл бидэнд байна. Тухайн орноос эх орондоо очих хүсэлт өгсөн 800 хүнээс наймыг нь эсвэл тавыг нь авч байгаа.

-Гадаадад гацсан иргэд тухайн орноос нислэг гаргуулаад эх орондоо ирэх гэхээр УОК гадаадын нислэг хүлээж авахгүй байна гэсэн үү. Одоогоор хэчнээн орноос нислэг гаргуулахаар ярилцаад байна вэ?

-Гадаадад гацсан иргэд үндэсний дээлээ өмсөөд тухайн орны түүх дурсгалын газарт очиж, нутагтаа очмоор байна, хүний эрхээ эдэлмээр байна гэх лоозон бариад жагсч байна. Хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэхийн тулд боломжтой бүх хувилбарыг ашиглаж байна. Ингээд олон улсын нислэг үйлдэхээр холбогдох байгууллагуудтай нь тохиролцоод асуудлыг шийдвэрлээд байхад Монгол Улсын Засгийн газар, УОК олон улсын нислэг хүлээж авахаас татгалзаж байгаа. Германаас гэхэд гурван онгоц нисгэхээр тохиролцоод байсан ч Монгол Улс хүлээж аваагүй. Мөн Истанбул, Москва, Сөүл гээд дурдвал олон нислэг байна.

Олон улсын нислэгийн зардал МИАТ компаниас хямд, хоёр талаа бодолцсон өртөгтэй байгаа. Гэтэл МИАТ-ийн нислэгээр нэг гэр бүлийн дөрвөн хүн ирэхэд 20 сая төгрөг төлж байгаа.

-Нислэгээс татгалзаж байгаа шалтгаан нь юу вэ. Гадаад орноос нислэг гаргуулахад Засгийн газраас ямар нэгэн зардал гарахгүй биз дээ?  

-Гадаад орноос эх орондоо ирэх гэтэл Монгол Улсын Засгийн газар, УОК маш олон тодорхой бус асуудлууд үүсгэж байгаа. Үүний нэг жишээ нь таны асуултын хариулт. Бид хоёрдугаар сарын сүүлээс иргэдийг татах асуудлыг хөөцөлдөж байна. Тэр үед УОК тусгаарлах байр, эмч нар хүрэлцэхгүй байна гэх тайлбарыг өгч байсан. Түүнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Асуудал шийдэгдээгүй, бидэнд гарц, шийдлийг тодорхой хэлээгүй байна.

Унгарт гэхэд сургуулиа дүүргээд долдугаар сарын 1-нээс хойш тэтгэлэггүй, амьдрах байргүй болсон 78 оюутан бий. Унгарын Элчин сайдын яам нь Унгарын үндэсний агаарын тээвэр болох Wizz Air болон Польш улсын LOT-д Монгол руу нислэг хийх санал тавихад зөвшөөрсөн. Гэтэл Монголын тал нислэгийг хүлээж авахгүй гэсэн. Унгарт эх орондоо очих хүсэлтэй 241 иргэн бий. Эдгээр иргэд зардлаа өөрсдөө гаргаад тусгай нислэг хүлээлгүйгээр Унгарын онгоцоор очих боломжтой байна. Нислэгийн зардлыг өөрсдөө гаргаж байгаа болохоор Засгийн газраас ямар нэгэн зардал гарахгүй.

Цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь саарсан тул олон улсын нислэгийн аль ч компанид хүсэлт тавихад бүгд нааштай хариу өгч байгаа. Хэрэв олон улсын нислэгээр очихыг зөвшөөрвөл олон мянган иргэн эх орондоо очиж, хайртай гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас гадна иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй байна.

-Гадаадад байгаа иргэд эх орондоо очих нислэгийг өөрсдөө зохицуулахаас гадна, тусгаарлах байрыг ч өөрсдөө гаргая гээд байгаа юм билээ?

-Гадаадад байгаа иргэд эх орондоо очих хүсэлтээ Элчин сайдын яамандаа гаргаад, ЭСЯ асуудлыг шийдэж өгөөд байхад Монголын талаас хүлээж авахгүй байна.

Мөн иргэд тусгаарлах байрыг өөрсдөө гаргая, бүр болохгүй бол гэртээ тусгаарлагдагдаад дэглэмийг чанд мөрдөе гэх саналыг гаргасан ч тодорхой хариулт ирүүлээгүй байна. Тодорхой бус байдлаас болоод гадаадын оронд байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байна.

-Өөр ямар асуудал тодорхой бус байна вэ?  

-Тухайлбал, нислэг үйлдэхээс хоёр хоногийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа. Гэтэл манайхаас очсон нислэг Москва, Истанбулаас нисдэг. Иргэд тэр хүртэл дамжин явж байтал шинжилгээ өгсөн хугацаа хоёроос дээш хоног болоод буцах боломжгүй болж байна. Мөн нислэгийн цагийн хуваарь тодорхой бус байна. Лавлаж асуух гэхээр Элчин сайдын яам нь, эсвэл МИАТ нь утсаа авахгүй байна.

-БНХАУ-д Covid-19-өөс гадна өөр халдвар өвчин гарсантай холбоотойгоор тэнд байгаа иргэдийг авчрах асуудал хүндэрч байна. БНХАУ-аас ирэх хүсэлтэй хичнээн иргэн байна вэ?  

-БНХАУ-д дахин халдвар гарч, гахайн тахал, Өвөрмонголд тарваган тахал гарсантай холбоотойгоор дамжин өнгөрөх маршрут асуудалтай болсон. Саяхан БНХАУ-д байгаа иргэдийг Эрээн хотод цуглуулаад Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр болсон. Долдугаар сарын 2-нд Эрээн хотод очсон иргэдийн талыг нь аваад талыг нь тэнд нь үлдээсэн. БНХАУ-аас ирэх хүсэлтэй 500 гаруй иргэн бий.

-Танай байгууллагын зүгээс олон иргэдийг эх оронд нь авчрах, үүссэн тодорхой бус асуудлыг ил болгох тал дээр ямар ажил хийж байна вэ?

-УОК-той ширээний ард сууж, тодорхой бус байдлыг тодорхой болгохыг, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг УОК-т хянагч байдлаар оролцуулахыг хүсч байна. Улсын нууцтай холбоотой мэдээлэл байгаа бол нууцыг хадгалж гэрээ байгуулахад ч бэлэн байна. Зөв шийдэлд хүрэхийн тулд УОК-той ширээний ард суухыг хүсч байна. Тодорхой бус байдлыг тодорхой болгохгүй бол гадаадын оронд хүнд нөхцөлд байгаа олон мянган иргэдийг улам бухимдуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж