Нидерландад ачааны чингэлгүүдийг залхаан цээрлүүлэх бүхээг болгон бэлтгэж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Нидерландад ачааны чингэлгүүдийг залхаан цээрлүүлэх бүхээг болгон бэлтгэж байжээ

Нидерландад ачааны чингэлгүүдийг залхаан цээрлүүлэх бүхээг болгон бэлтгэж байжээ

Нидерландад Белгийн хилийн ойролцоо долоон ачааны чингэлгийг эрүүдэн шүүх, хорих бүхээг болгон “тохижуулсан” байсныг цагдаа нар EncroChat платформын тусламжтайгаар олж, зургаан эрэгтэйг баривчилжээ.

Баривчлагдсан зургаан эрэгтэйн зурвасуудаас харвал тэд бүлэглэн хүн хулгайлан барьцаалж, дээрх бүхээгтээ тамлан зовоохоор хэд хэдэн төлөвлөгөө зохиосон байсан хэмээн өнөөдөр /2020.07.08/ эрх баригчид мэдээлжээ. Тэдгээр төлөвлөгөөг маш нарийн боловсруулсан байсан бөгөөд нэг ажиглалтын баг, хэд хэдэн гүйцэтгэх баг бүрдүүлсэн байжээ. Эрх баригчид энэ бүхнийг мэдмэгцээ зургадугаар сарын 22-нд буюу гэмт хэрэгтнүүд дайрах хамгийн магадлалтай байсан өдөр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж, төлөвлөгдсөн хохирогчдыг хамгаалалтдаа авч, аюулгүй газарт нуужээ.

Баривчлагдсан этгээдүүдийг Амстердамын шүүх 90 хоног саатуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд тэднийг хүн хулгайлах, барьцаалах, ноцтой хүчирхийлэл, дээрэмд бэлдсэн, хууль бусаар зэвсэг эзэмшсэн гэх хэргүүдээр шалгах юм.

Цагдаа нарын олсон долоон чингэлгийн зургааг нь хорих, залхаан цээрлүүлэх, нэгийг нь эрүүдэн шүүх зориулалтаар дуу тусгаарлагч хана, шүдний эмнэлгийн сандал зэргээр “тохижуулсан” байжээ. Мөн сандал болон хана, шал зэрэгт гав бэхэлснээс гадна тус бүрд нь бахь, хөрөө, алх, тасдагч гэх мэт багаж, хэрэгслүүдийг зэхсэн байж.

Түүнээс гадна чингэлгүүдийн ханыг дулаан тусгаарлах зорилготой тугалган материалаар доторлосноос гадна ойролцоо агуулах дотор хэд хэдэн хулгайлагдсан хүргэлтийн компанийн бүхээгт машинууд байжээ.

Мөн цагдаа нарын гүйцэтгэсэн ажиллагааг доорх байдлаар баримтжуулж, олон нийтэд дэлгэсэн байна.

Түүнчлэн Роттердамд байх гэмт хэрэгтнүүдийн өөр нэг амбаараас хорь гаруй галт зэвсэг, цагдаагийн хувцас, сум нэвтэрдэггүй хантааз, гар чийдэн гэх мэт цагдаагийн хангалтын хэрэгсэл төдийгүй 14 кг MDMA буюу Экстаси олджээ. Эдгээрээс үзэхэд гэмт хэрэгтнүүд зарим хохирогчоо цагдаагийн дүрд тоглож байгаад барьж авах төлөвлөгөөтэй байсан бололтой.

Хэрэглэгчдэдээ дээд зэргийн нууцлал амладаг гэх Францын EncroChat платформыг ихэвчлэн гэмт бүлэглэлүүд мөнгө угаах, хар тамхи наймаалцах, бусад бүлэглэлтэй дайн зарлах гэх мэт зорилгоор ашигладаг аж. Гэвч сүүлийн үед тус платформын мэдээлэл алдагдах болсноор Европод л гэхэд 800 орчим баривчилгаа болсон гэнэ.

Эх сурвалж: RT.COM CNN.COM BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж