Испанийн Ла лигийн Барселона багийн од тоглогч Лионель Мессиг сүүлийн өдрүүдэд багаасаа явахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв. Тэгвэл тус багийн ерөнхийлөгч Жозеп Мариа Бартомеу энэ бүх яриаг няцааж, тайлбар өгчээ. Тэрбээр Испанийн орон нутгийн Movistar телевизэд өгсөн ярилцлагадаа “Месси ажил болон хөлбөмбөгийн амьдралаа Барселонад өндөрлүүлнэ гэж хэлсэн. Би тодорхой зүйл ярихыг хүсэхгүй байна. Учир нь баг маань одоо лигийн аваргын төлөө өрсөлдөж байна. Гэхдээ Месси бидэнд багтаа үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн тул бид түүнийг чадах чинээгээрээ ая тухтай байлгах болно” хэмээжээ.
Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ ирэх 2021 онд дуусна.
Барселона багийн мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид багийн ахлах дасгалжуулагч Зинедин Зидан Лионель Мессигийн талаар "Юу болохыг мэдэхгүй юм даа. Бид үгүй байгаасай гэж найдаж байна. Учир нь Ла лигт тэр хэрэгтэй. Дэлхийн шилдгийг манай лигт байгаасай гэж хүсч байна" хэмээн ярьжээ.
Энэ улирлын эхэнд Лионель Месси Испанийн Супер цомын тэмцээнд Атлетико Мадрид багт хожигдсоныхоо дараа багийнхаа спортын албаны захирал Эрик Абидалтай ам мурийгаад амжсан билээ. Эрик Абидал багийнхаа тоглогчдыг Эрнесто Вальвердегийн удирдлага дор шаргуу тоглож чадахгүй байна хэмээн шүүмжилсэн. Үүнийх нь хариуд Месси багийн тоглогчид болон дасгалжуулагчаа өмөөрөн хэдэн үг хэлээд амжив. Гэвч эцэст нь Барселона баг Эрнесто Вальвердег халж түүний оронд Кике Сетьенийг авчирсан.
Өнгөрөгч зургадугаар сарын 24-нд 33 нас хүрсэн тэрбээр 13 настайдаа Барселона багтай нэгдсэн бөгөөд багийнхаа түүхэн дэх нийт 9000 гоолын долоон хувийг буюу 630 гоолыг ганцаараа оруулжээ.
Холбоотой мэдээ