Чуулган: Засгийн газрын сайд нар тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Засгийн газрын сайд нар тангараг өргөлөө

Чуулган: Засгийн газрын сайд нар тангараг өргөлөө

УИХ-ын чуулган хуралдаж байна.

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Posted by News.mn on Tuesday, July 7, 2020

15 : 40
2020-7-8

Чуулган: Засгийн газрын сайд нар тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөж, шинэ Засгийн газар бүрдэв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аар сайдын томилгоог хэлэлцэхгүй. Харин У.Хүрэлсүх томилгоог хийсний дараа сайд нар УИХ-д тангараг өргөлөө.

Үүгээр УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан өндөрлөв.

14 : 13
2020-7-8

Чуулган: Засгийн газрын сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонссонд тооцлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна. Цар тахал, ус үерийн аюулын энэ үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цаг алдалгүй томилж өгсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгууль амжилттай болж дууссан. Би улс төрд олон жил явж байгаа, олон зовлон жаргал туулсан хүн. Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээнд ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концеес, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо. 

Үүний дараа чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. 

12 : 33
2020-7-8

Н.Учрал: Сайд нар намын мөрийн хөтөлбөрийг цээжлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Дэлхийн нийтээрээ эдийн засгийн хүнд сорилттой тулгарч байгаа энэ цаг үед бид ирэх жилүүдэд хэмнэлтийн горимд байх нь. Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 1,1 тэрбумын хасахтай болсон, нүүрсний экспорт 9 сая тонноор тасарсан, валютын нөөц 3,5 болсон, төсвийн орлого тасарсан байгаа. Ийм цаг үед улс орон бүр өөр, өөрсдийн онцлогт зориулсан бодлого хэрэгжүүлж байна. Монголчуудын хувьд алтны үйлдвэрлэлийг богино хугацаанд дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, реформ хийх боломж бидэнд байдаг. Мөн Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалт яаж явах, одоо эхэлсэн байгаа зам нь хэзээ дуусах вэ. Засгийн газрын сайд нарын хувьд салбар, салбартаа мэргэшсэн, төрийн мерит зарчмаар ажиллаж, нэр дэвшиж байгаа хүмүүс байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Ард иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг сонгож, үнэмлэхүй олонх болгосон. Өнөөдөр Засгийн газар байгуулагдаж, У.Хүрэлсүхийн фронт командлагчид сайдаар томилогдож байна.

Бидэнд нийгмийн салбарт  хийх маш том зорилтууд тавигдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардана. Нөгөө талдаа цар тахлын аюул, өрийн эргэн төлөлт гээд маш том сорилтуудтай тулж байна. Гэсэн ч нийгмийн салбарын бодлогуудаа заавал хэрэгжүүлэх ёстой.

Нэгдүгээрт, Эрүүл мэндийн сайдад хандаж хэлэхэд, МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэдээ жилд нэг удаа эмнэлгийн урьдчилсан үзлэг, оношилгоонд хамруулна гэж заасан. Жилд 4412 хүн хавдраар нас бардаг, өдөрт 12 хүн энэ өвчний улмаас нас барж байна.

Хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу үедээ оношлогддог аюултай нгөхцөл байдалд байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бид өнгөрсөн дөрвөн жилд бие даалгасан. Маш том дэвшил хийж чадсан.  Одоо санд 500 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Энэ сан ард иргэдээ өвчин зовлонгийн эрсдэлээс хамгаалдаг байх ёстой. Менежментийг нь сайжруулах ёстой шүү, Эрүүл мэндийн сайд аа.

Бид ипотекийн зээлийн тогтолцоогоо өөрчилнө гэдэг  том амлалт авсан. Жилийн 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл бий болгоно гэсэн.  Өнөөдөр Монголын нийт өрхийн 70 хувь гэр хороололд амьдарч байна. Хашаандаа сайхан амьдрах боломжийг олгох ёстой. Бага орлоготой, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөрийг бий болгох. Энэ хөтөлбөрийг Б.Мөнхбаатар сайд хийх ёстой.

Тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр өөрчлөлт хийх ёстой. Тэтгэврийн зөрүүг үе шаттай арилгана гэдэг амлалтыг өгч ирсэн. Үе шаттайгаар тэтгэврийн зөрүүг арилгах зайлшгүй шаардлага бий болсон. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэдийн 70 хувь нь өнөөдөр  тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянган төгрөг авч байна. Эрт тэтгэвэрт гарсан нь хохирсон, хожуу тэтгэвэрт гарсан нь хожсон шударга бус тогтолцоог өөрчлөх шаардлага байна гэдгийг А.Ариунзаяа сайдад хэлье.

Эцэст нь,Д. Сарангэрэл сайд аа, Ойн тухай хуулийг өөрчлөх шаардлага тулгарсан байна. Экологийн цагдаатай болсноор ард иргэд хар дарсан зүүд шиг амьдарч байна гэдэг асуудлыг хөндөж тавих боллоо. Манай Ойн тухай хууль  ойгүй газруудад зориулсан хууль болжээ.

Модон дундаа амьдарч байгаа Монгол Улсын иргэн өнөөдөр нэг мод огтлох эрхгүй болж, гэтэл мэргэжлийн байгууллага нь хүрч ирээд хэдэн машинаар нь мод бэлтгэдэг.  Энэ асуудлыг шийдэх шаардлага байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн Ерөнхий сайдад баяр хүргэе. Ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн. Сайд нар мөрийн хөтөлбөрийг тангад ном шиг цээжлэх хэрэгтэй. Ялангуяа хуримтлалын тогтолцоог хүмүүс маш сайн дэмжсэн шүү. Хувийн тэтгэврийн хууль өргөн барьсан байгаа, хуваарилалтын тогтолцооноос хуримтлал руу шилжүүлж, боловсролын салбар айлын шоовдор хүүхэд шиг болж ирсэн. Та 30 жил боловсролын салбарт ажиллаж, амьдарч байгаа хүн. Дэлхий өөр зүйл ярьж байхад сайд та хайрцагнаасаа гарч сэтгэж, шинэ цагийн боловсролын салбарыг шинэчлэлийг хийж чадна гэж бодож байна.  

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Хуучин Засгийн газрын суурь байгаа учраас эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг рүү гол анхаарлаа хандуулах болов уу. Эдийн засгаа тэлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Говийн бүс нутагт төмөр замын бүтээн байгуулалт сайн хийгдэж байгаа ч усны асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалт хийхэд гол мөрний, саарал ус татах асуудал байгаа. Хэрхэн шийдэх вэ. МАН утааг бууруулсанд нь талархаж сонголтоо хийсэн. Утааг бууруулахад нөлөөлсөн нүүрсийг Тавантолгойгоос нааш татаж байгаа ч замын ажил нь маш хүндрэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Дөрвөн жилийн циклтэй суурь боловсролын бодлого өөрчлөгдөж болохгүй учраас тууштай бодлого барьж ажиллах ёстой. Нөгөө талдаа хөдөлмөрийн зах, зээл дээр зохицуулж сургалтын чиг хандлагаа өөрчлөх, түүн рүү чиглэсэн сургалтын бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэл рүү, шавхагддаггүй баялгийг бий болгох ёстой. Энэ салбарт хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж, нийгэмд өгөөжтэй үр дүн гардаг бий болгох хэрэгтэй. Бүсийн оношлогоо, эмчилгээний төв гэж сүржин нэртэй, даржин тоног төхөөрөмжтэй газар байдаг. Тэр чиглэл рүү бас анхаарах хэрэгтэй байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

10 : 45
2020-7-8

Ё.Баатарбилэг: Гадаад дахь оюутнуудын асуудалд анхаарах хэрэгтэй байна

Сайд нарын томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авч байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Ерөнхий сайдын танилцуулсан бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Шадар сайд Улсын онцгой комиссын дарга хийж байгаа. Гадаадад сурч байгаа оюутнуудыг эх орон руу нь буцаах, оюутны байрнаас нь хөөж гаргах, нутаг буцаах шаардлага тавьсан гэх мэт асуудал үүсч байгаа. Энэ асуудал дээр Шадар сайд, Гадаад харилцааны сайд нар анхаарлаа хандуулмаар байна. Гадаадад сурч байгаа оюутнууд маш хүнд байгаа. Мөн Хууль зүйн сайдад нэр дэвшсэн Х.Нямбаатарт Ж.Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргасан асуудлыг анхаармаар байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг харгалзах уу. Шүүгч нартай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэх байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд татварын шинэчлэл хийсэн ч зарим зүйлийг дутуу хийсэн. Тиймээс гурван чиглэлээр ойрын хугацаанд өөрчлөлт оруулмаар байна. Юуны өмнө хэрэглээний татварыг нь зохистой тогтоох хэрэгтэй байна. Эрүүл бус хэрэглээг татвартай байлгах хэрэгтэй байна. Мөн үйлдвэржилтийг хамгийн их боомилж байгаа зүйл бол татвар.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Зам тээврийн сайд Л.Халтар Дарханы зам таны чихнээс салахгүй. Чуулган завсарлах байх. УИХ ээлжит чуулган эхлэхэд хэрэгжих боломжтой, төлөвлөгөөтэй, хугацаатай, хэзээ ашиглалтад орох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-2020 оны сонгуулиар ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөр болон өрсөлдсөн хүмүүсийг дэмжсэн. Тиймээс намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шахаж ажиллана. УИХ хууль баталж өгнө, хийхийг нь Засгийн газар хийнэ. Хууль хангалтгүй байна гэсэн тайлбар өгч байгаа хүмүүс ажлаас зугтаж байна гэсэн үг. УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллана гэж найдаж байна. Ур чадвараас илүү Ерөнхий сайдын сонголтод итгэж байна.

 

10 : 21
2020-7-8

Чуулган: Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг дэвшүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.07.08/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа танилцуулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж