БНСУ-д дүрвэн ирж суурьшсан Хойд Солонгосын дүрвэгсэд олон жилийн турш үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалуулж иржээ. Гэсэн ч өдгөө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин дүрвэгсдийг хэтэрхий давраасан гэж үзэх болов. Хойд Солонгосын дүрвэгсдийг ахалсан Пак Сан Хаг болон Пак Жун О гэх ах, дүү хоёрыг өнгөрсөн долоо хоногт Сөүлийн цагдаагийн газраас дуудан байцаасан байна. Тэднийг Хойд Солонгос руу ухуулах хуудас илгээж, хоёр орны харилцаанд зөрчил үүсгэсэн хэрэгт буруутгасан аж. Түүнчлэн цагдаагийн газраас Пак Сан Хагийг өнгөрсөн тавдугаар сард гэрт нь сурвалжлага бэлтгэхээр очсон телевизийн продюсер бүсгүйн биед халдсан гэх хэргийг шалгаж байна. Харин Пак Сан Ха нь үүнийг гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө хийсэн санаандгүй үйлдэл байсан гэж мэдүүлжээ. Пак Сан Хаг хэлэхдээ “Өмнөд Солонгосын Засгийн газар намайг үнэнийг хэлсний минь төлөө шоронд хорих гэж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр “Чөлөөт Хойд Солонгосын төлөө тэмцэгчид” гэх идэвхтнүүдийн бүлгийн захирал юм. Тэрбээр өмнө нь 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буштай уулзаж, хүний эрхийн асуудлыг хэлэлцэж байснаа дурсан ярьжээ.
Мун Жэ Ин нь Хөх ордныг тэргүүлэх болсноор Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалахад анхаарах бодлого баримтлах болжээ. Гэвч Хойд Солонгосоос цаашид дүрвэгсдийн үйлдлийг тэвчихээ больж, илтэд дургүйцлээ илэрхийлэх болсноор Мун Жэ Иний бодол өөрчлөгдсөн байна. Мун Жэ Иний Ардчилсан намынхны олонх нь дүрвэгсдийн ухуулах хуудас илгээх үйлдлийг хориглож, Пёньянтай харилцаагаа сайжруулах алхмыг хийхийг дэмжсэн байр суурьтай аж. Үүний зэрэгцээ Мун Жэ Ин дүрвэгсдэд хатуурхах болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргааны төлөөлөгч, төрийн нарийн бичгийн дэд дарга Стефен Биегун Сөүлд айлчилсантай холбоотой хэмээн ажиглагчид дүгнэжээ. Тэрбээр Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэхээр Сөүлд төлөөлөгчдийн хамтаар айлчилжээ. Сөүл нь Пёньяныг шүүмжлэхдээ дүрвэгсдийг ашиглаж ирснийг АНУ-ын улстөрчид, ялангуяа Бүгд найрамдах намынхны зүгээс буруутган шүүмжилдэг байна.
Хойд Солонгосын дүрвэгсдийн илгээсэн ухуулах хуудсанд удирдагч Ким Жон Уныг “төрсөн ахаа хөнөөсөн чөтгөр” хэмээн бичсэн байжээ. Энэхүү ухуулах хуудсыг олж үзсэний дараа Пёньяны албаныхан Өмнөд Солонгостой шууд харилцах зорилгоор байгуулсан холбооны оффисоо дэлбэлж устгасан юм. Тус оффисыг байгуулахад хоёр жилийн өмнө 15 сая ам.долларыг зарцуулсан аж. Улмаар Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас Пёньяныг өдөөн хатгасан идэвхтнүүдийн аливаа үйлдлийг хууль зөрчсөнд тооцож, хариуцлага хүлээлгэхээ өмнө нь анхааруулсан. Тус яамны мэдэгдэлд идэвхтнүүдийн ухуулах хуудас тараах үйлдэл нь Өмнөд Солонгосын хилийн оршин суугчдын амь нас, аюулгүй байдалд заналхийлнэ хэмээжээ. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас цаашид дүрвэгсдийн үйлдлийг байнгын ажиглалтад авахаа анхааруулжээ.
АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс хойгийн хурцадмал байдлыг намжааж, цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр Пёньянд санал тавьсан боловч хүлээж аваагүй юм. Хойд Солонгосын албаны хүн Квон Жон Гун нь АНУ-тай нүүр нүүрээ харан сууж ярилцах ямар ч бодол алга хэмээснийг төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Дональд Трамп нь 2018 онд Хойд Солонгосын удирдагчтай анх удаа нүүр тулан уулзсанаас хойш хоёр орны харилцаа зөөлөрч, зөрчил намжаад байв. Тус уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид хоёр ч удаа уулзсан боловч Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс ангижруулах хэлэлцээрт хүрч чадаагүй.
ДҮРВЭГСДИЙН УРСГАЛ СААРЧ БАЙНА
Хойд Солонгосоос дүрвэн ирж суурьсан хүмүүсийг байр орон, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлаар хангахад зориулан гаргадаг төсвөө Сөүлийн Засгийн газраас 25 хувиар танахаар болжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн байна. Мун Жэ Инийг Ерөнхийлөгч байх хугацаанд Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо буурсан аж. Тухайлбал, өнгөрсөн онд Хойд Солонгосоос 1047 дүрвэгч ирсэн бол энэ тоо 10 жилийн өмнө 3000 орчим байжээ. Хойд Солонгосоос дүрвэгсдийн тоо 2009 оны үед 2914-д хүрч байсан бол Ким Жон Уныг Хойд Солонгосын удирдагч болсноос хойш дүрвэгсдийн тоо жилд 1100-1500 хооронд хэлбэлзэж байв. Өөр нэг сонирхолтой зүйл нь, Мүн Жэ Инийг 2017 онд Хөх ордны тэргүүн болсноос хойш Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо 21 хувиар буурчээ. Дүрвэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан нь Хойд Солонгос болон Хятадын талаас тусгай ажиллагаа явуулж, хяналт шалгалтаа чангатгасны дээр нууц тээвэрлэгч нарыг барих болсонтой холбоотой гэж албаныхан дүгнэжээ. Хойд Солонгосын харгис дэглэмээс зугтан ардчилсан оронд ирсэн ч тэдний зовлон дуусах болоогүй гэдгийг өнгөрсөн сард өлбөрч үхсэн эх, хүү хоёрын жишээ батална. Тэднийг Сөүлийн захын дүүрэг дэх гэртээ өлбөрч нас барсан байсныг өнгөрсөн тавдугаар сард олсон юм. Хэдийгээр Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хо нь Сөүлийн парламентад суух болсон ч дүрвэгсдийн нөхцөл байдалд төдийлөн нааштай нөлөө үзүүлэхгүй байна. Тэ Ён Хо нь Хойд Солонгосын Элчин сайдаар ажиллаж байгаад 2016 онд дүрвэн Сөүлд иржээ.
Холбоотой мэдээ