Монголбанкны гаргасан инфляцийн тайланд дурдсанаар, улсын дундаж цалин нэгдүгээр улиралд 1 сая 260 мянган төгрөг, медиан цалин 917 мянган төгрөгөөр хэмжигдэж, жилийн өсөлт нь 9-
10% болж бага зэрэг саарав. Медиан цалин гэдэг нь 600 мянган хүний цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалинг авсан тоо юм.
Харин иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн өсөлт сүүлийн улирлуудад 4-5% орчимд хадгалагдсан хэвээр байна.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаас эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, ХАА, мэдээлэл холбооны салбарт ажиллагчдын дундаж цалин 10%-aас давж нэмэгдсэн бол тээвэр агуулах, мэргэжлийн шинжлэх ухааны салбарт ажиллагчдын цалин төдийлөн нэмэгдээгүй, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт ажил эрхлэгчдийн цалин буурчээ.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл нөхөрлөл, хоршооноос гадна төсөвт, ТӨҮГ-уудад ажиллагчдын дундаж цалин 14%-аас давж өссөн бол ХХК-уудад ажиллагчдын цалин хамгийн
бага буюу 5%-аар нэмэгджээ.
ӨРХҮҮДИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЖЭЭ
Харин өрхийн хэрэглээний хувьд өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар тэлж, нийт эрэлтийг 4.6 нэгж хувиар дэмжлээ. 2020 оны нэгдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулан нэмэгдүүлсэн болон тэтгэврийн зээлийг тэглэсэн арга хэмжээ зэрэг нь өрхийн бодит орлогод нөлөөлж, хэрэглээг дэмжих нөлөө үзүүлэв. Өнгөрсөн жилүүдэд хэрэглээг тэтгэж байсан нэг гол эх үүсвэр банкны хэрэглээний зээл үргэлжлэн саарч байна
Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдлын үеэр өрхүүд хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ нэмэгдүүлсэн бол нийтийн хоол зэрэг үйлчилгээний зориулалттай хэрэглээ танахын зэрэгцээ хувцас, бөс бараа, суудлын автомашин зэрэг удаан эдэлгээт барааны хэрэглээ буурсан байна.
УУЛ УУРХАЙ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ БУУРЧЭЭ
Харин хөдөлмөрийн бүтээмжийн хувьд сүүлийн улирлуудын дунджаар 6%-аар өсч байгаа бөгөөд тайлант улиралд эдийн засгийн идэвхжил огцом буурсантай холбоотойгоор бүтээмжийн өсөлтийн хурдац саарчээ.
ХАА, худалдаа, боловсруулах салбарт хөдөлмөрийн бүтээмж хурдацтай нэмэгдэж байгаа бол уул уурхай, үйлчилгээний салбарт буурчээ.
Нэгж хөдөлмөрийн зардал сүүлийн улирлуудын дунджаар 4%-аар өсч байна. Цалингийн цэсийн зардал өссөний зэрэгцээ эдийн засгийн идэвхжил саарснаас шалтгаалж хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт удааширсан тул тайлант улиралд нэгж хөдөлмөрийн зардлын өсөлт эрчимжих хандлагыг бий болгожээ.