Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 11.9 сая хүн халдвар авснаас 6.8 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн бол 545 мянга 570 хүн хорвоог орхиод байна.
Цар тахал сүүлийн өдрүүдэд маш эрчимтэй дэгдэж байгаа бөгөөд математик тооцооллоор дэлхийн таван хүн тутмын нэг нь буюу 1.7 тэрбум хүн Covid-19-р өвчлөх магадлалтай ажээ. Тэр дундаа 65 –аас дээш насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байгаа юм.
Халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг улсад эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, АНУ-д хоногт 52 мянга 221 шинэ тохиолдол, 940 нас баралт бүртгэгдсэн ажээ. Тус улс нь 38 сая гаруй иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 3 сая, нас баралт 133 мянгад тус, тус хүрч, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ.
Харин Бразил улсад хоногт 48 мянга 584 шинэ тохиолдол, 1312 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад 4 сая гаруй иргэн Covid-19-ийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд нийт тохиолдол 1.6 сая, нас баралт 66 мянгад хүрчээ. Харин 1 сая гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эдгэсэн байна.
Энэтхэг улс халдварын тохиолдлоор дэлхийд гуравт бичигдэж байна. Тус улсад хоногт 23 мянга 135 шинэ тохиолдол, 479 нас баралт бүртгэгджээ. Энэтхэг нь 10.2 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 743 мянга 481 -д хүрснээс 457,045 хүн эдгэж, 20 мянга 653 хүн нас баржээ.
Энэтхэгийн дараа хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлоор Өмнөд Африк орох боллоо. Тус улсад хоногт 10,134 шинэ тохиолдол, 192 нас баралт бүртгэгджээ. Өмнөд Африк нь 1.9 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 215 мянга 855-д хүрснээс 3,502 хүн нас барж, 102 мянга 299 хүн эдгэжээ.
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,368 шинэ тохиолдол, 198 нас баралт бүртгэгдэв. Тус улс нь 21 сая гаруй хүндээ Covid-19 –ийн шинжилгээ хийсэн бөгөөд нийт тохиолдол 694 мянга 230-д хүрснээс 10 мянга 494 хүн хорвоог орхиж, 463 мянга 880 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн дахинд 204 мянга 210 шинэ тохиолдол, 5,432 нас баралт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Worldometers.info