У.Хүрэлсүхийн сюрприз ба супер Ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн сюрприз ба супер Ерөнхий сайд

У.Хүрэлсүхийн сюрприз ба супер Ерөнхий сайд

Долдугаар сарын 2-нд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдсон У.Хүрэлсүх засгаа эмхэлж бараг дуусч байна. Тэрбээр шинэ засгийнхаа бүтэц бүрэлдэхүүнийг зурахдаа “Засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байлгах”-аа амалсан билээ. Ерөнхий сайд  14 яам, 17 сайдтай байхаар Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар батлуулж, бүрэлдэхүүнээ ч зарлаад байна.

Удирдах зөвлөлдөө танилцуулсан У.Хүрэлсүхийн засгийн сайд нарын нэрс улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтэд жинхэнэ сюрприз болов, өчигдрийн хувьд. Тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-д танхимынхаа сайд нарын нэрсийг зөвхөн танилцуулна, зөвшилцөхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ засгийн сайд нарын томилгоог хэлэлцэхгүй, харин шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөнө.

Тангараг өргөх сайд нарыг танилцуулъя.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад  Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

Ийнхүү өнгөрсөн 30 жилийн хугацаанд анх удаа Ерөнхий сайд нь бусадтай зөвшилцөх, наймаалцах, тохиролцох шаардлагагүйгээр засгаа бүрдүүлэх бүрэн эрхээ эдлэж байна. Үүнээс өмнөх Ерөнхий сайдуудын хувьд УИХ-аар танхимын сайд нараа томилуулахын тулд улстөрчидтэй суудал, кноп наймаалцахад хүрдэг байлаа.  Энэ завхралыг арилгахаар УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

У. ХҮРЭЛСҮХИЙН СОНГОЛТ

У.Хүрэлсүхийн хуучин засаг 100 хувь давхар дээлтэй байв. Тэгэхээс ч аргагүй байсан биз. Учир нь, тэр УИХ-даа бас л барьцаалагдчихсан байлаа. Тэгвэл түүний шинэ засгийн дөрвөн сайд давхар дээл өмсөж, бусад нь дан дээлтэй байх ёстой. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа УИХ-ын гишүүдээс Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарыг багтааж, бусад 12 сайдаа гаднаас томилж байна. УИХ-ын гаднаас томилогдсон дан дээлтнүүд улс төрийн хувьд бүгд шинэ хүмүүс боловч мэргэжлийн салбартаа бол мэдээж, хуучин, туршлагатай залуус. Мэргэжлийн хүмүүсийг танхимдаа урьсан нь У.Хүрэлсүхийн улс төрийн реформын эхлэл байж болох. Нөгөө талаар жинхэнэ утгаараа Мэргэжлийн засгийг бүрдүүлэхийг хүссэн биз.

Шинэ засгийн сургаар сайд болохыг горилогчид ил далд хүсэл шуналаа хэвлэл, олон нийтийн сүлжээнд дайсан. Ө.Энхтүвшин, Ц.Нямдоржоос эхлээд улиран сонгогдох хүсэлтэй сайд нар нэг хоёроор ч тогтохгүй байсан биз.

Гэвч, энэ удаад У.Хүрэлсүх намынхандаа, найз нөхөддөө, УИХ-д Ерөнхийлөгчид барьцаалагдалгүйгээр засгийнхаа бүтэцээ зурж, сайд нараа нэрлэж буй нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагавар. Товчхондоо, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр лойдор биш лидер болсон. Хэрэвзээ, албан тушаал болгонд хадаатай ирсэн хуучин “бурхиуд”, ЖДҮ, жаран тэрбумын асуудалд нэр холбогдсон найз, нөхдөө шинэ засагтаа багтаасан бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ч,  танхим нь ч жинхнээсээ муухай, ёс зүйгүй харагдах байв.

Танхимын сайдуудынхаа нэрсийг зарласан У.Хүрэлсүхийн сюрприз сонгуулийн санал хураалтаас хойш эмээлтэй хазаартай морь цээжиндээ сойж явсан МАН-ын олон горилогчдыг гонсгорхон үлдээсэн нь тодорхой. Гэвч, шударга ёс У.Хүрэлсүхийн өөрийнх нь танхимаас эхлэх ёстой юм. Үндсэн хууль болоод намын дүрмээ ч дагах ёстой байх.

БАГТ НЬ “УРИГДСАН” САЙД НАР БАЯРЛАХ ЭРТЭДНЭ

Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу ийнхүү У.Хүрэлсүх засгийн сайд нараа нэрлэсэн. Гэвч, тэд ирэх дөрвөн жил У.Хүрэлсүхийн багт байна гэсэн баталгаагүй. Үндсэн хуульд суулгаж өгснөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа хийж чадахгүй, алдаа гаргасан сайд нартайгаа хариуцлага тооцох бүрэн эрхтэй. 2018 оноос хойш Засгийн эрхийг барихдаа зургаан сайдтайгаа хариуцлага тооцсон Ерөнхий сайд. УИХ-ын даргаа ч огцруулж явсан намын дарга.  Тиймээс түүний багт “уригдсан” сайд нарын хувьд баярлах эртдэнэ. Учир нь, У.Хүрэлсүхийн засгийг хүлээж буй олон бэрхшээл, асуудал байгаа. Хурдтай, мэдрэмжтэй, мэргэжлийн ажиллахыг У.Хүрэлсүх танхимынхаа сайд нараас ч шаардах байх. Тэгж байж л У.Хүрэлсүх шинэ Үндсэн хуулийн дагуу супер Ерөнхий сайд болж чадна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж