15 дахь жилдээ Үндэсний их баяр наадмыг хүлээн авах Хүй долоон худаг

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

15 дахь жилдээ Үндэсний их баяр наадмыг хүлээн авах Хүй долоон худаг

15 дахь жилдээ Үндэсний их баяр наадмыг хүлээн авах Хүй долоон худаг

Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 15 дахь жилдээ зохион байгуулагдана. Жилээс жилд наадамчин олны хөл, хурдан морьдын тоосонд дарагддаг хүй долоон худаг энэ жил тунчиг чимээ шуугиан багатай байна. Өчигдөр/2020.07.07/-ийн байдлаар нүд бэлчсэн ногоон тал болсон тус газарт тохижилт, засвар үйлчилгээний ажил хийсэн хүмүүс мөн унаач хүүхдүүд үзэгдэж байв.

ЭНЭ ЖИЛ ЯМАР НЭГЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ

Биднийг хүй долоо худагт очиход цэвэрлэгээ, тохижилтын ажил ид хийгдэж байлаа. Монгол наадам цогцолборын ажилчид ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, өнгө нь гандсан явган хүний жижиг гүүр, барианы зураас зэргийн өнгийг сэргээн будаж байхтай таарав. Угтаа энэхүү цогцолборыг тэртээ 2013 онд 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн. Гэвч өдийг хүртэл дорвитой ажил хийлгүй 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол барьж байгуулахаар төлөвснөөс одоогийн байдлаар 5800 автомашины зогсоолыг барьж, 12.5 га талбай газарт наадамчдад зориулсан зорчих хэсэг, худалдаа үйлчилгээ явуулах тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгасан хоёр талбай байгуулжээ.

Бид тус цогцолборын орлогч дарга Ц.Цогтгэрэлтэй энэ жилийн наадмын бэлтгэл ажлын талаар ярилцав.

Тэрбээр “ Монгол наадам цогцолборын зүгээс ерөнхий тохижилтын ажлыг хийж байна. Үүнд нийтийн бие засах газар 7, замын тэмдэг тэмдэглэгээ, зам дагуух суваг шудууны ажил гэх мэт орно. Мөн морьдын шүдлэгээ хийх газар, салбар комиссын байрлах талбай, айрагдсан морьдын хашааны ажлуудыг хийж байна. Эдгээрийн будагны ажил хийгдэж байна. Цахилгааны шугам солих ажлууд маань хийгдээд дуусч байгаа. Энэ жил наадам үзэгчгүй зохион байгуулагдах тул шинээр бүтээн байгуулалтын ажил хийлгүй, хуучин зүйлсээ сэргээн засварлаж, тохижуулж байгаа" хэмээв. Мөн түүний хэлснээр Монголд үйлдвэрлэсэн эко автобуснууд үзэгч, наадамчин зон олон хүрэлцэн ирэхгүй учир ашиглагдахгүй гэнэ.

Хүй долоон худаг руу нэвтрэх гол замын төв хаалган дээр шалган нэвтрүүлэх хэсэг байрлах бөгөөд үүгээр зөвхөн унаач хүүхдүүд, уяачид, баяр наадмын зохион байгуулах хорооны гишүүд, телевизийнхэн зэрэг нэвтрэх үнэмлэхтэй эрх бүхий хүмүүс нэвтэрнэ.

ШУУД БОХИРОО СОРУУЛДАГ КОНТЕЙНЕРЭН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР БИЙ

Үндэсний Их Баяр наадмын нээлт, хаалт, сур, шагай харваа, бөхийн барилдаан зохион байгуулагдах 13-р зуун цогцолбор газарт модоор баригдсан зургаан нүхэн нийтийн бие засах газар сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан учир Монгол наадам цогцолборын орлогч дарга Ц.Цогтгэрэлээс Хүй долоон худагт байрлах нийтийн бие засах газрын талаар асуулаа. “Хүй долоон худагт байрлах долоон нийтийн бие засах газрын хувьд модоор хийгдсэн нүхэн жорлон бус өнгөрсөн жилүүдийнхтэй адил нэг удаагийн шууд бохироо соруулж, усаа хийдэг контейнерэн бие засах газар ашиглалтад ороод байгаа” гэв.

НААДМЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ АЖИЛЧИД ДҮРЭМТ ХУВЦСААР ЖИГДЭРНЭ

“Hero” энтэртайментийн захирал Б.Баатарын хэлсэн “Монгол наадам” видео контентын хүрээнд Хүй долоон худгийн ойролцоох зам дагуу зар сурталчилгааны самбар, орчин үеийн гэх болгоныг хураасан гэнэ. Мөн тус цогцолборын орлогч даргаас наадмын өдрүүдэд ажиллах ажилчид нь Монгол дээл, хувцас өмсөх эсэх талаар асуухад тэрбээр “Одоогоор энэ талаар яригдсан юм алга. Ямартай ч манай ажилчид наадмын өдрүүдэд ‘Монгол наадам цогцолбор’ хэмээх дүрэмт хувцсаараа жигдэрч ажиллана” гэв.

ХУРДАН МОРЬДЫГ ЗУРГААН НАСНЫ АНГИЛЛААР УРАЛДУУЛЖ, СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИНЭ

Жилээс жилд хурдан морьдын уралдааны томоохон асуудал нь эрлийз болон Монгол морьдын асуудал байдаг. Тэгвэл энэ талаар Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдааны морьдыг зургаан насны ангиллаар уралдуулж, уяачдын баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо хэрхэн ялгаж уралдуулах талаар саналаа гаргаж шийдвэрлэнэ. Холбооны VII их хурлаараа морьдыг хэрхэн ялгаж уралдуулах талаар шийдвэрлэж дүрэм, журамдаа тодорхой тусгаж зөвхөн сэрвээний өндрийг монгол адууны стандартаар хэмжиж уралдахаар шийдвэрлэсэн. Энэ бол хэн нэгэн даргын шийдвэр биш нийт уяачдын олонхоороо шийдвэрлэсэн мэргэжлийн спортын холбооны бодлого үйл ажиллагаа юм” гэв.

УНААЧ ХҮҮХДҮҮДЭД УРАЛДААНЫ ҮЕД АМНЫ ХААЛТ ЗҮҮЛГЭХГҮЙ

Сүүлийн өдрүүдэд унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулна гэх мэдээ ард иргэдийн дунд тархсан. Харин энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад “Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхдүүд амны хаалт зүүх ёстой” гэлээ. Мөн унаач хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж 100 мянган төгрөгөөс доошгүй, нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байхаар тогтоожээ.

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Үндэсний их баяр наадам болох "XIII зуун", Хүй долоон худаг.https://news.mn/r/2324026/

Posted by News.mn on Tuesday, July 7, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж