Нэгэн цагт халаас ухаж, дээрэм хийж явсан эрчүүдийн гарт Перугийн хамгийн том хорих анги дахин нэг удаа шударга хөдөлмөр эрхлэх боломж олгодог аж. Хоригдлууд эсгүүр хийж, оёж, хувцсан дээр зураг хэвлэх зэрэг ажил хийх бөгөөд олсон мөнгөө гэр бүл рүүгээ илгээх ч боломжтой гэнэ.
Нийслэл Лима хотын Сан Педро де Луриганчо эрчүүдийн хорих ангид оёдлын машины тачигнах чимээ үргэлж хангинах аж. Хорих ангийн 30 орчим хоригдол Перугийн загварын фирм Пиетад зориулан зурагтай футволк тэргүүтэй хувцас хийж эхэлсэн гэнэ.
Хорих анги уг нь 2000 хүний багтаамжтай ч аль хэдийн 10 мянган хоригдолтой болсон тул чимээ шуугиан гэж дийлдэхгүйн дээр оёдлын өрөөнд машины чимээнээс болж хоорондоо ярилцахад тун түвэгтэй гэнэ.
Лам гөрөөсний ноосоор цамц урладаг 51 настай Карлос Арсел аль хэдийн ажилдаа гаршсан нэгэн. Тэрбээр хорих ангийн хамгийн хурдан, гарамгай оёдолчин бөгөөд долоо хоногт 113 ам.долларын орлоготой ажилладаг гэнэ. Тийнхүү олсон мөнгөө Карлос охин Иген болон гэр бүлийнхэндээ илгээдэг ажээ.
Карлос “Би Томасын төлөө ажиллах дуртай. Тэр надад дахин нэг боломж олгосон тул түүний төлөө ажиллах миний сэтгэлд нэн таатай байдаг” хэмээн ярьсан байна. Түүний ярьсан Томас гэгч нь Пиета брэндийг үндэслэсэн эзэн Томас Жэкоб гэх эрхэм аж.
Томас өмнө нь Францын загварын компани Шанельд ажилладаг байсан бөгөөд 2012 онд хоригдлуудад Франц хэл заадаг найзтайгаа хамт Сан Педро хорих ангид очсоныхоо дараа өөрийн гэсэн компаниа нээхээр шийджээ.
“Зарим хоригдлууд надад оёж, эсгэж, хэвлэж чаддаг ч тэр чадвараа ашиглах боломж олдож байгаагүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд би тэр хүмүүст дахин боломж олгож болох юм байна гэдгийг ойлгож, цаашлаад хоригдлуудаар хувцсаа хийлгэдэг загварын компанитай болох санаагаа олсон юм” хэмээн өдгөө 33 настай Томас ярьжээ.
Өдгөө тус бизнес Перугийн гурван хорих ангиас нийт 50 гаруй хоригдол ажиллуулж байна. Тэдгээрийн нэг нь дээр дурдсан Сан Педро эрчүүдийн хорих анги бол нөгөө хоёр нь эмэгтэйчүүдийн хорих анги гэнэ. Тэд нийлээд долоо хоногт 1000 орчим хувцас хийдэг аж. Ажилчдад тогтмол цалин гэж байхгүй бөгөөд өөрийн хийсэн хувцас бүрээсээ хувь авдаг юм.
Ажиллах хүсэлтэй хоригдол нь хувцас үйлдвэрлэлийн салбарын ямар нэг туршлагатайгаас гадна хүчингийн хэрэгтэн биш байх шаардлагатай гэнэ. Пиета одоогийн байдлаар нийслэл Лима хотод гурван дэлгүүртэй ч цар тахлаас хойш хувцас болон амны хаалтуудаа цахимаар зарах болжээ. Улмаар тэдний барааг зөвхөн перучууд төдийгүй Австрали, АНУ зэрэг олон орноос захиалах болсон байна.
Пиета хоригдлуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц цалин өгдөг ч энэ нь мөнгө хэмнэхийн төлөө биш гэнэ. Тэрбээр “Перугийн үйлдвэрлэл чамгүй сайн хөгжсөн. Тиймээс Пиета хорих ангид биш гадуур үйлдвэрээ нээвэл их мөнгө хэмнэх боломжтой. Гэхдээ би хүмүүсийн итгэл найдварыг дахин эвдмээргүй байна. Энэ компани бол бизнесээс гадна нийгмийн төслийн шинжтэй” хэмээн ярьжээ.
Пиета ажилчдадаа мөнгө олох боломжоос гадна ялаа багасгах боломж олгодог аж. Тухайлбал Пиетагийн ажилчид мэргэжил дээшлүүлэх дамжаанд сууж болох агаад улмаар суралцсан хугацаатай нь дүйцүүлэн ялын хугацаа хасагддаг гэнэ.
“Би таван жилийн ялтай. Гэхдээ аль болох түргэн чөлөөлөгдөхийн тулд дор хаяж хоёр жил сурах төлөвлөгөөтэй байна” хэмээн 25 настай Даньел Рожас Паласой ярьжээ. Тэрбээр Пиетад хэдэн сарын өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд нялх охин дээрээ түргэн очихын тулд ажлын хөлсөө загвар зохион бүтээх сургалтад зориулж буй гэнэ. “Дамжааны төлбөр бага зэрэг өндөр. Тиймээс би маш их хичээж ажиллах болно” хэмээн Даньел хэлсэн байна.
Перу ийнхүү хорих ангийн хоригдлуудыг загварын салбарт ажиллуулж буй анхны улс биш аж. Тухайлбал Финландад Папиллон хэмээх компани 2009 оноос хойш ижил үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн Данийн Карсел гэх брэнд Тайланд болон Перугийн хоёр эмэгтэй хорих ангид ажил олгодог аж.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ