Аадар бороо орсон даруйд Улаанбаатар хот усанд автаж, зарим авто зам “урссан”. Энэ асуудлыг өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс/НОК/-ын хуралдаанаар хэлэлцэх үед Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгө үнэгүйдэхэд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэл өглөө.
Жишээ татвал, Дэнжийн мянгад барьсан үерээс хамгаалах далан нь стандартын шаардлага хангахгүйгээр баригдсан аж. Хана шиг баригдсан далан нь ойр тойрноо үерээс хамгаалж чаддаггүй.
Даланг барихын тулд эхлээд захиалагч захиалга өгч, компани зургийг нь хийнэ. Зургийн дагуу үерийн далан баригдана. Чанарын шаардлага хангасан эсэхийг комисс хянаж, хүлээн авах эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл стандартын шаардлага хангахгүй даланг хүлээгээд авчихсан байдаг аж. Тиймээс энэ асуудлыг хариуцаж ажилласан албан тушаалтнууд хариуцлага хүлээх болж байна.
Мөн үерийн даланг хааж иргэн, аж ахуй нэгж барилга барьдаг нь эргээд хотоороо усанд автах аюул дагуулдаг болжээ. Иймээс барилга барих зөвшөөрөл олгосон даргад ч хариуцлага ногдуулах нь.
Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн хөрөнгөөр хийсэн бүх хөрөнгөө хайрлаж хамгаалахын тулд ажиллана. Тэгэх гэж татварын хөрөнгөөс та бид цалин аваад сууж байгаа. Эвдэрснийг цаг алдалгүй засах ёстой. Авто замын газрынхан, Усны барилга байгууламжийн газар энэ ажил руугаа хамт явж ажилла.
Даланг эвдлээд байгаа газрын алба, дүүргийн удирдлагуудад үүрэг өгч байна. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ганц иргэн барилгын хогоо даланг дүүргэн буулгаснаас Нарны зам бүхэлдээ усанд автсан.
Инженерийн суваг 1970, 1980-аад оныхоор байгаа нь хоцрогдсон, шинэ төвшинд аваачих ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Алдаатай юм хийж болохгүй. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Энэ бүх зүйлийг Нийслэлийн Авто замын газар нэгбүрчлэн гаргаж, хариуцлага тооцох хүмүүсийн нэрсийг гарга” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ