Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж буй. Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намаг бүхий 103 га, Гурван модны булаг, Доод төгөл орчмын усны шувууд цуглардаг намаг бүхий 81 га, Дээндийн нурууны зэрлэг амьтдын тархац, нүүдлийн зам дагасан ойн сан бүхий 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм.
Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт хамгаалалтад авсан газрын тоо 43 болсон. Тэдгээрийн гурав нь улсын, зургаа нь орон нутгийн, 34 нь дүүргийн тусгай хамгаалалттай юм. Эдгээр байршлуудад газар эзэмших, ашиглах, олгох хориотой. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын хүрээнд холбогдох байгууллагууд хориглосон үйл ажиллагаа явуулж иргэн, хуулийн этгээдийн бүсээс гаргаж буй.
Дээрх газрууд нь нийслэлийн иргэдийн амралт зугаалгын нөөц газар бөгөөд агаар орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад түшиц болох юм. Ийнхүү хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын дундуур урсах усны нөөц сэргэх, эх нь хамгаалагдах, усны түвшин нэмэгдэх зэрэг эерэг нөлөө гарч байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ