Улс орнуудын төвийг байнга сахих бодлогод учирч буй сорилт

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Улс орнуудын төвийг байнга сахих бодлогод учирч буй сорилт

Улс орнуудын төвийг байнга сахих бодлогод учирч буй сорилт

Монгол Улс байнга төвийг сахих бодлогын талаар Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-нд баталсан 375-р тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 6-нд хүчингүй болгосон мэдээ сонгуулийн дараа олон нийтэд ил болсон. Ингэснээр байнга төвийг сахих бодлогыг сурталчлахгүй байх үүргийг Гадаад харилцааны сайд хүлээн авсан билээ. Энэ мэдээлэл нь олон нийтийн мэтгэлцээний гол сэдэв болоод байгаа.

Төвийг байнга сахисан улс гэдэг нь дайны үед дайтагч аль нэг улсыг дэмжин оролцохгүй, цэргийн тусламж үзүүлэхгүй байх үүрэг авсан улсыг хэлнэ хэмээн Монгол дипломатын нэвтэрхий тольд дурджээ. Төвийг байнга сахисан статус бүхий улсыг олон улсын эрх зүйн субъектийн хувьд зарим үед онцгойлон авч үздэг. Бусад улс төвийг байнга сахисан улсын статусыг хүндэтгэх үүрэгтэй. Тайван үед байнга төвийг сахисан улс цэргийн эвсэл, цэргийн холбоонд оролцохгүй байх ёстой. Байнга төвийг сахисан статустай улс гэвэл Австри, Кампуч, Мальт, Швейцар зэрэг 20 гаруй улс байдаг ажээ.

Харин Лаосын Засгийн газар төвийг сахих тухайгаа 1962 оны долдугаар сард тунхагласан. Түүний энэхүү статусыг хүндэтгэж үзэхээр мөн онд Женев хотод бусад 13 улс тохиролцож байв. Гэвч Вьетнамын дайны үеэр Лаост нэгэн адил дайны ажиллагаа явагдаж, төвийг сахих байдлыг зөрчсөн ажээ.

Төвийг байнга сахисан улсыг хоёр бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт, төвийг байнга сахисан эрх зүйн байдлыг нь бусад улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч баталгаа гаргаагүй улс болно. Үүний тод жишээ бол Австри юм. Хоёрдугаарт, төвийг байнга сахисан статусыг нь бусад гүрнүүд баталсан улс багтана. Үүний тод жишээ бол Швейцарь юм. Швейцарийн төвийг сахисан байдлын талаар бусад гүрнүүд баталгаа гаргасан бөгөөд 1815 оны Венийн конгрессоос баталсан тунхаглалд Швейцарийн төвийг сахисан байдлыг хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлыг баталгаажуулжээ.

Харин их гүрнүүдтэй хил залгаа орших жижиг улс тусгаар тогтнолоо хамгаалах, хүрээлэн буй орчинд хүчний тэнцвэрийг хадгалах, энх тайвныг бэхжүүлэхэд төвийг сахихын гол зорилт оршино. Төвийг байнга сахих статус нь орчин үед ач холбогдол нь шинэчлэгдэж байна. Энэ нь зөвхөн дайны үед улс гүрний эрх зүйн байдлыг тодорхойлоод зогсохгүй, дайнаас урьдчилан сэргийлэх, бүх нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хэрэгсэл болж байна.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд "Монгол Улсад гадаадын цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байршуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална" гэж тусгажээ.

АВСТРИ УЛСЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО

Австри улс ЗХУ-ын хооронд 1955 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москвагийн меморандумын дагуу “Австри улс нь Швейцарь улсын хэрэгжүүлж буй төвийг сахих бодлоготой адил бодлого хэрэгжүүлэх” үүрэг хүлээжээ. Австри улсын байнга төвийг сахих бодлогыг бусад улсууд тулгасан мэт харагддагаас Австри улсын тусгаар тогтнолын гэрээнд тусгагдаагүй ажээ.

Тус улс нь “Швейцарийн жишгээр” байнга төвийг сахих бодлого хэрэгжүүлж, үүндээ бүх дотоод бололцоогоо ашиглана гэсэн нөхцөлөөр ЗХУ Австрийн Тусгаар тогтнох гэрээг 1955 онд батлав. Иймээс Австри улсын “байнга төвийг сахих бодлогыг зохицуулахын тулд Төвийг сахих тухай хууль баталжээ.

Австри улсын Төвийг сахих тухай хууль нь тус улс дэлхийн II дайны дараа тусгаар тогтнолоо сэргээх, түүнчлэн тухайн үеийн эзлэн захирагч орнууд болох Франц, Их Британи, ЗХУ болон АНУ-ын цэргийг бүрэн гаргах хүсэл зорилгоос эхтэй. 1955 оны аравдугаар сарын 26-ны өдөр Төвийг сахих тухай хуулийг батлахаас нэг өдрийн өмнө эзлэн захирагч орнуудын хамгийн сүүлийн цэрэг Австри улсын нутгаа гарчээ.

Ийнхүү тус улсын Тусгаар тогтнох гэрээг баталсан бусад улс Төвийг сахих тухай асуудалд оролцох эрхийг нь эрх зүйн хувьд хаажээ.

Австри улс тусгаар тогтнох гэрээг үзэглэсэн дөрвөн орон 1955 оны арванхоёрдугаар сарын 6-нд ижилхэн нот бичиг гаргаж,  тус улсын байнга төвийг сахих бодлогыг хүлээн зөвшөөрсөн юм. Найман өдрийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санаачилгаар Австри улс бусад 15 орны хамт НҮБ-ын гишүүн болов.

Тус улсын төвийг сахих бодлого нь үзэл суртал, эдийн засгийн хүрээнд бус зөвхөн цэрэг дайны хүрээнд хэрэгжих юм. Австри нь НҮБ-ын гишүүн болсноо тайлбарлахдаа: НҮБ-ын дүрмийн дагуу тус байгуулагын гишүүн бүр Аюулгүй зөвлөлийн гаргасан шийдвэр, ялангуяа энх тайван болон олон улсын эрх зүйг зөрчсөн этгээдийн эсрэг хамтран зогсох шийдвэрийг даган биелүүлэх ёстой. Гэхдээ үүнд төвийг сахигч улс орнууд хамаарахгүй байх боломжтой гэжээ. НҮБ-ын албадан авах арга хэмжээ Австрийн төвийг сахих бодлоготой зөрчилдөх тохиолдол бий. Гэхдээ эрх зүйн гаргалгаа нь 1990/91 онд Ирак улс Кувейтын эсрэг явуулсан дайны үед хэрэглэгдээгүй ажээ. Кувейтийг чөлөөлөхөөр 1991 онд АНУ-ын тэргүүлэн явуулсан олон улсын “Цөлийн шуурга” ажиллагаа нь НҮБ-ын дүрмийн долдугаар бүлгийн дагуу олон улсын эрх зүйд нийцэж байна гэж үзжээ. Энэ ажиллагаанаас үүдэн Австри улсад НҮБ-ын дүрмийн дагуу хүлээсэн үүрэг Төвийг сахих тухай хуулиас давуу эрхтэй гэсэн эрх зүйн гаргалгаа хүлээн зөвшөөрөгджээ.

Иймд, өнөөдрийн байдлаар НҮБ-ын дүрмээр хүлээсэн эрх үүрэг нь төвийг сахих тухай хуулиас давуу байдаг жишиг улс орнуудад тогтжээ. Австри улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд үндэслэн 1960 оноос хойш энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байна.

Австри улс нь 1995 онд төвийг сахигч, эвсэлд үл нэгдэгч Финлянд, Шведийн хамт Европыг холбооны гишүүн болсон. Тухайн үеийн Европын холбооны гишүүн орнууд Нэгдсэн батлан хамгаалах бодлоготой байх зорилт тавьсан бөгөөд шаардлага гарвал хамтын батлан хамгаалах үйл ажиллагааг явуулахаар болсон юм. Ингэснээр Австри улсын төвийг сахих тухай ойлголтод эрх зүйн болон улс төр, үзэл санааны өөрчлөлт орох шалтгаан бүрджээ. Үүний улмаас эв нэгдэл “төвийг сахихаас илүү ач холбогдолтой болж, төвийг сахих үзэл санааны ач холбогдол үндсэн зарчим хүртлээ буурчээ.

Австри улс 1995 онд НАТО-гийн Энхийн төлөө түншлэлийн гишүүн болсон. Ингэснээр тус улс нь зэвсэгт хүчний шинэчлэл, бусад зэвсэг хүчинтэй хамтран ажиллахад шаардлагатай уялдаа холбоог бэхжүүлэх дасгал сургууль явуулах нэгдмэл стандарт бий болгоход ашиглаж байна. Энхийн төлөө түншлэлд оролцсоноор Австри улс НАТО-гийн өмнө үүрэг хүлээхгүй тул Төвийг сахих бодлогод харшлахгүй гэж үзжээ.

Ийнхүү Австри улс нь дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдалд тааруулж, төвийг сахих бодлогоо уян хатан тайлбарлаж иржээ. Төвийг сахих бодлого нь олон арван жилийн явцад тус улсын онцлог шинж чанарын нэг хэсэг төдийгүй Үндсэн хуулийн хэмжээнд дархлагдав.

Австрийн Батлан хамгаалахын сайд хэлэхдээ "Байнга төвийг сахина гэдэг бол идэвхтэй, энх тайванч гадаад бодлогын хүрээнд ойлгогдох ёстой" гэжээ.

ШВЕД УЛСЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО

Швед хэлбэрийн төвийг сахих байр суурь нь эвсэлд үл нэгдэхээс илүү гүн агуулгатай. Энхийн цагт эвсэлд нэгдэхгүй, дайны цагт төвийг сахина. Швед улс яг хэзээ төвийг сахих шийдвэрт хүрсэн нь тодорхойгүй. Дэлхийн II дайн үеэр германы цэрэг Норвеги, Финлянд руу явах замдаа ихэвчлэн Шведээр дайрч өнгөрдөг байв. Шведүүд бүр 1939 оны Финлянд-Оросын дайны үед зүүн хөршөө дэмжих зэвсэг, таван бөмбөгдөгч, 12 байлдааны онгоц, найман тагнуулын онгоц, 8000 хүнтэй сайн дурынхнаас бүрдсэн корпус нийлүүлж байжээ.

1946 онд Швед НҮБ-д элсэхдээ тус байгууллага үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон тохиолдолд хатуу төвийг сахих эрхээ эргэн сэргээх нөхцөлтэйгөөөр гишүүн болсон байдаг. Шведийн төвийг сахих байр суурь олон улсын эрх зүйн болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажаагүй, зөвхөн парламентаас гарсан тунхаглалтай, уян хатан тайлбарлах боломжтой байжээ.

Шведийн цэрэг 1960 онд Конгод явуулсан ажиллагаанаас эхлэн НҮБ-ын ажиллагаад Австрийн нэгэн адил оролцож байна. Тус улс нь 1991 оны долдугаар сарын 1-нд Европын холбоонд элсэх өргөдөл өгөхдөө төвийг сахих тухай заалт оруулаагүй юм. 2000 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Гёран Перссон хэлэхдээ хүйтэн дайн дуусч, их гүрнүүдийн хооронд сөргөлдөөөн үгүй болсон тул төвийг сахих нь ач хоблогдолгүй гэж үзжээ. Харин Батлан хамгаалахын сайд нь Швед эвсэлд үл нэгдэх орон, цаашид ч ийм байх болно. Төвийг сахих нь хүйтэн дайнтай холбоотой тул одоо ач холбогдолгүй болсон гэв. Ингээд 2002 онд Засгийн газар нь сөрөг хүчний намтайгаа зөвшилцсөний үндсэн дээр төвийг сахих үзэл баримтлалаасаа албан ёсоор татгалзсан юм. Цаашид аюулгүй байдал, энх тайванд учрах сорилтоос “хамтын хүчээр болон улс орнуудтай хамтран” хамгаалах нь илүү чухал. Хэрэв Европын холбооны аль нэг орон дайралтад өртвөл төвийг сахиад байж боломжгүй гэж үзжээ.

ФИНЛЯНДЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО

Финлянд төвийг сахих болсон нь дэлхийн II дайны дараа ЗХУ-аас улс төрийн хамааралтай байсны үр дагавар юм. Финлянд улс төрийн системийн хувьд Өрнөдийг баримжаалдаг байсан хэдий ч дорнод хөрштэйгөө итгэлцэл бий болгох шаардлагатай байжээ.

1948 оны дөрөвдүгээр сарын 6-нд ЗХУ-тай Найрамдал хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээнд Финлянд гарын үсэг зурав. Ингэснээр Финлянд улс нь төвийг сахисан биш боловч бодлого нь төвийг сахихад чиглэсэн байсан гэхэд болно. Гэрээний дагуу Финлянд ЗХУ-ын өмнө түүний эсрэг чиглэсэн холбоонд оролцохгүй байх үүрэг хүлээжээ. 1952 онд тухайн үеийн Ерөнхий сайд Урхо Кекконэн нь Финляндын төвийг сахих байр суурийг аюулгүй байдлын бодлогын зорилт гэдгийг анх удаа албан ёсоор тодорхойлжээ.

Дайны дараа төвийг сахих нь ЗХУ-аас зай барих арга хэрэгсэл болж байв. Иймээс Шведийг бодвол Финляндын хувьд төвийг сахих нь тийм ч чухал асуудал биш байж болзошгүй хэмээн зарим судлаачид үзэж байжээ.

1956 онд ЗХУ-ын удирдагч Никита Хрушёв “энх тайванч санаачилга” харуулж, ЗХУ болон түүний дагуул улсуудад заналхийлээгүй тул Финлянд улсыг сайн гэж үзэн төвийг сахисан байр суурийг нь хүлээн зөвшөөрөв. Түүнчлэн Франц, АНУ, Их Британи зэрэг улс хүлээн зөвшөөрсөн түүхтэй.

1955 онд Финлянд улс нь НҮБ-ын гишүүн болсон бөгөөд үүнээс гурван жилийн өмнө Скандинавын Парламент болон гишүүн орнуудыг зохицуулах хорооны зөвлөлд оржээ. 1956 оноос эхлэн Финлянд нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэв. 1969 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элсэв. 1994 онд Швед, Финлянд хоёрыг НАТО-гийн Энхийн төлөө түншлэлд хамруулсан “Оросууд Чечений Грозный хотыг бөмбөгдсөн тэр өдөр буюу 1995 оны нэгдүгээр сарын 1-нд Финлянд Европын холбоонд нэгдсэн байдаг. Үүний дараа Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын нэгдсэн бодлогын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу “Чечений дайны талаарх саналаа” Европын холбоотой уялдуулах шаардлагатай болсон ажээ.

1995 оны хоёрдугаар сарын 14-нд Финляндын Засгийн газар Европын холбооны бодлогын талаар мэдэгдэл хийсэн бөгөөд Ерөнхий сайд Еско Ахо гадаад бодлогын чиг шугамаа танилцуулж, “Финлянд бие даасан, найдвартай батлан хамгаалахтай, эвсэлд үл нэгдэх орны хувьд Европын холбоонд элслээ. Төвийг сахих язгуур шугамаа цаашид үргэлжлүүлэх болно” хэмээн онцлон тэмдэглэжээ. Финляндын үзэж буйгаар, 1995 оноос эхлэн гадаад бодлого,  аюулгүй байдлын бодлого нь эвсэлд үл нэгдэх агаад аюулгүй байдлын бодлогын статусын хувьд төвийг сахисан гэдэг нэр томьёо дахин хэрэглэгдэхгүй болжээ.

ИРЛАНДЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО 

Ирланд төвийг сахих болсон нь гагцхүү цэргийн шалтгаантай байсан. Ирландын цэргийн төвийг сахих бодлогыг тодорхойлох гол шинж нь цэргийн эвсэлд үл нэгдэх явдал юм. 1921 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Англи-Ирландын гэрээ нь орчин цагийн Ирланд улсын анхны төрийн тогтолцооны үндсэн болсон ч Их Британийн хатан хааны цэрэгт Ирландын нутаг дэвсгэр дээрх тэнгисийн цэргийн гурван баазыг ашиглах эрх олгосон байв. Энэ эрх нь Ирланд- Британийн 1938 оны хэлэлцээр хүртэл хүчинтэй байв. 1932-1938 оны Фианна Файлын Засгийн газар Ирланд дахь Британийн нөлөөг нэлээд бууруулсан аж. 1937 онд тус улс тусгаар тогтнолоо олж авснаас эхлэн төвийг сахих чиг баримжаатай болсон бөгөөд Умард Ирландын зургаан тойрог Нэгдсэн Вант улсаас цэргийн хараат байхыг эсэргүүцсэн юм.

Дэлхийн II дайны үеэр Ирланд улс төвийг сахихаа зарласан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл төвийг сахих байр суурь гадаад бодлогын тулгийн чулуу хэвээр үлдсэн.

Ирландыг хуваасныг хүлээн зөвшөөрсөнтэй адил болох байсан тул дэлхийн II дайны дараа Ирландын Засгийн газар НАТО-гийн гишүүн болохоос татгалзсан юм. Ийнхүү Их Британичууд арлыг хуваасантай холбоотой зөрчилдөөнөөс Ирландын төвийг сахих бодлого бий болжээ.

Ирландын төвийг сахих бодлого эсвэл төвийг сахисан улс гэж үзэх нь маргаантай асуудал ажээ. Учир нь, Ирландын төвийг сахих бодлого ямар ч олон улсын гэрээгээр баталгаажаагүй бөгөөд дотооддоо үндсэн хууль бусад хууль эрхзүйн үндэслэл гаргаагүй байдаг.

2002 онд тухайн үеийн Ерөнхий сайд Берти Ахерн Засгийн газрынхаа даалгавраар Ниццагийн гэрээгээр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуух Европын холбоотой гэрээтэй холбогдуулан 2002 оны зургадугаар сарын 21-нд гаргасан тунхаглалд тухайн үеийн Европын холбооны гишүүн орны зүгээс Ирландын цэргийн төвийн сахисан байр суурийг баталгаажуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж