Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ

Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймд амралт зугаалгын сар эхэлсэн энэ үед иргэд голын эргээр амарч зугаалахдаа сонор сэрэмжээ алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж буй. Тус газрын мэдээлснээр үерт найман хүн амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь насанд хүрсэн бол хоёр нь хүүхэд аж.

 Тодруулбал, энэ сарын 3-нд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Хавцгайтын ам гэдэг газарт дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас автомашинтай явж байсан таван хүн уруйн үерт нас баржээ.

Мөн олон тооны мал хорогдож, гэр, сууц үерт автсан байна. Тухайлбал, Төв аймгийн  Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971, нийт 2360 гаруй айл өрх,  13 нийтийн орон сууц үерт автжээ. Хүний амь нас, эд хөрөнгөнөөс гадна нийт 7000 орчим мал хорогдоод байна. Үүнийг задалбал, Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000,  Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал тус тус хорогдсон хохирол учирчээ.

ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРЧЭЭ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.07.06/ иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

Хүчтэй аадар борооны улмаас Хөвсгөл аймагт үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан байна. Аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамж усанд автсан байна. Иймд аймгийн ЗДТГ болон иргэд хамтран 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг сэргээжээ.

Үер усны ослоос гадна ой хээрийн түймэрч багагүй бүртгэгдсэн байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Монгол Улсын хилийн 708 дугаар тэмдэгт Амжийн-Ам гэдэг газар 0.5 га талбай түймэрт өртсөн бол аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн Дант гэдэг газарт 10 га талбай шатжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж