Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Энэ сард таван удаагийн чартер нислэгээр Сөүл, Токио, Франкфуртээс иргэдээ татан авах юм. Өнөөдөр/2020.07.07/ хуваарийн дагуу БНСУ-д байгаа иргэдээ татан авах МИАТ компанийн онгоц 10:00 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц 13:00 цагийн орчимд Улаанбаатарт газардах юм. Нийт 172 хүн /дипломат ажилтан 4/ ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Ориентал, Алтай, Боржигон, Мичид зочид буудалд тусгаарлана.
Мөн ОХУ-аас 215 иргэн эх орондоо ирээд байна. Энэ сарын 5,6-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн иргэдээс өчигдөр таван зорчигчийг сэжигтэй хэмээн үзэж тусгаарласан бол 67 иргэнийг Эрдэнэт хотод ажиглах байранд тусгаарлажээ. ОХУ-аас 72 иргэн өчигдөр Алтанбулаг боомтоор хил нэвтэрч эмнэлгийн ажиглалтад ороод байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн нийт 220 тохиолдол батлагдснаас ХӨСҮТ-ийнхэн 188 хүнийг эдгээгээд байгаа юм.
Сануулахад, МИАТ компани маргааш буюу долдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж 260 орчим иргэнээ авчирна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ