УИХ-ын Мягмар гаригийн Анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.07.06/ Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас өчигдөр /2020.07.06/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдсэн юм. Тиймээс уг хуулийн төслийг чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Чуулган хуралдаж байна
Posted by News.mn on Monday, July 6, 2020
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
-Оюутолгойн гэрээг сайжруулах ажлыг хар толгойгоороо хэн хариуцах юм бэ гэж асуухад Л.Оюун-Эрдэнэ сайд хариуцна гэж ойлгосон. Оюутолгойгоос гарсан алтны хэмжээ 2019 он хүртэл 71 тонн гарсан. Зэсийг алтанд шилжүүлбэл нийт 250 тонн Монголоос гарсан. Оюутолгойг гэрээг сайжруулах ажил яагаад гацсан юм бэ. УИХ-ын гишүүдээс тогтоол шийдвэр зөндөө гардаг. Энэ асуудал Байнгын хороон дээр яригдсан уу. Тодорхой хариулт өгч туслаач.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Хэлэлцэх эсэхийг яригдах үед ийм гарч байсан. Гэхдээ байнгын хороон дээр анхны хэлэлцүүлэг хийгдэх үеэр энэ асуудлаар асуулт асуусан гишүүн байгаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үед Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар асуулт гараагүй.
ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-УИХ-аас Оюутолгойн төслийг сайжруулж Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоол өнгөрсөн жил гарсан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар миний бие ажиллаж байна. Бүтэц гэхээс илүү УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яам, ТЕГ болон бусад зүйлүүдтэй холбоотой ажлын хэсэг. Мөн хууль хяналтын төлөөллөөс орсон. Дубайн гэрээнд үнэхээр эрх мэдлээ хэтрүүлсэн, Монгол Улсын эрх ашигт нийцээгүй нь тодорхой болсон. Эхнээсээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгааг та бүхэн харж байгаа гэж бодож байна. Тухайн үед Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр өөрөө захирамж байгуулж, Да.Ганболд, Б.Бямбасайхантай хамт Рио-Тинтогийн тавьсан долоон асуултад буулт хийсэн. Үүн дотор татвар, ноогдол гээд олон асуудалд Монголын төр буулт хийсэн хэлцэл болсон. Гэрээг шууд цуцлах гэхээр харамсалтай нь дэлхийн хэмжээний 23 том компани хөрөнгө оруулалт оруулчихсан. Тиймээс эрхзүйн маргаантай холбоотой асуудалд ажлын хэсэг ажиллаж байна. Рио-Тинтог Арбитрын шүүхэд өгсөн. Мөн бүх гэрээнд Европын холбооны томоохон байгууллагаар үнэлгээ хийлгүүлж байгаа. Хугацаа орно. Ирэх дөрвөн жил Оюутолгой төсөл Монголын эрх ашигт илүү нийцэж шийдэгдэх байх. Гэхдээ олон улсын эрхзүй, Монгол Улсын хууль гэдэг амаргүй нөхцөл дунд оруулчихсан байгаа. Гадаад орчинд бид Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэхгүй нэг л цонхоор харж байгаа.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар хуулийн төсөлд тусгасныг ийнхүү УИХ-ын Анхдугаар чуулганаар дэмжиж, баталлаа.
Холбоотой мэдээ