Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, сайд нарынхаа томилгоог хийж буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дөрвөн ч сайдын суудал “авахаар” тохироо хийж байгаа хэмээн улс төрийн хүрээнд яригдаж болсон. Харин өчигдөр /2020.07.06/ Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зуур Ерөнхийлөгч өөрийн санал, хүсэлтээ илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны долдугаар 2-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүлжээ.
Ингэхдээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Шадар сайдын эрхлэх хүрээнд хамруулах санал гаргажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирснээр бол хөгжлийн бодлого, төлөвлөлт нь ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудалд багтаж буй. Мөн хоёр яамыг нэгтгэх санал ирүүлсэн, тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Эрчим хүчний яамтай нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам болгон ерөнхий чиг үүргийн яам болгох гэжээ. Одоогийн бүтцэд энэ хоёр яам нь тус тусдаа бөгөөд чиглэлийн яаманд харьяалагдаж буй. Түүнээс гадна Ерөнхийлөгч Барилга хот байгуулалтын яамыг Зам тээврийн хөгжлийн яамтай нэгтгэж, Дэд бүтцийн яам болгож чиглэлийн яам байгуулахыг сануулжээ. Одоогийн нөхцөлд мөн л дээрх хоёр яам хоёулаа тусдаа чиглэлийн яамд юм.
Олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртсөн Ерөнхийлөгчийн санал бол Хууль зүй, дотоод хэрсгийн яамыг ерөнхий чиг үүргийн яам, Дотоод хэргийн яам болгон хоёр салгах санал.
Одоогийн үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрөө бүрдүүлэх зохицуулалттай. Тиймээс Ерөнхийлөгчийн санал эрх баригчдын дэмжлэг авна гэдэг юу л бол. Мэдээж Ерөнхийлөгчийн саналыг харгалзан үзэж, Ерөнхий сайд хүсвэл яамдын бүтцэд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлж болно. Гэхдээ эрх баригч намын дарга У.Хүрэлсүх “Засгийн газар тогтвортой ажиллаж, хийх ёстой ажлуудаа хийгээд яв, шинээр энэ тэнд яам байгуулаад байх хэрэггүй гэж ард түмэн сонголтоо хийсэн. Бид нэг Засгийн газар байгуулах гэж өчнөөн сандал ширээ, бланк үйлдвэрлээд бөөн юм болдгийг та нар бүгд мэднэ. Тийм учраас Засгийн газраа тогтвортой ажиллуулж, ажил хариуцсан хүмүүс нь хэвийн ажлаа цааш нь явуулаг” гэдэг үгийг чуулганы индрээс хэлсэн нь учиртай. Ард түмэн, сонгогчид ирэх дөрвөн жил төр тогтвортой байх, хариуцлагатай байлгахын тулд МАН-д үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ итгэлийг алдахгүй байх, төрөө тогтвортой байлгахын тулд ийн бүтэц оруулж ирж байгаагаа тэрбээр удаа дараа тодотгож буй.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ:
- Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
- Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
- Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүсэв.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөр УИХ-аар батална. Тиймээс Ерөнхийлөгчийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах хүслийг хүндэтгэн сонсохоос цаашгүй л болов уу. Хуулиараа ч, Ерөнхий сайдын илэрхийлсэн байр сууриас ч тэгж харагдана. Харин сайд нарын томилгооны асуудал бол өөр байхыг үгүйсгэхгүй, ялангуяа Ерөнхийлөгчийн "хүмүүсийг" сайдаар томилох магадлал өндөр.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ