Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ?

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ?

Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ?

Өнгөрсөн Баасан гаригт орсон түр зуурын борооны дараа нийслэлийн автозам дээгүүр борооны ус гол мэт урсав. Түүнээс хойш хоёр ч удаа энэ байдал давтагдаад байна. Хэдийгээр нийслэлд 190 орчим километр ус зайлуулах хоолой байдаг гэдэг ч тэр нь хангалтгүй байдаг нь бороо орох бүрд илэрдэг. Гэхдээ өнгөрсөн Баасан гаригт хотын төв хэсгээр орсон түр зуурын борооноор онцгой их ус хуримтлагдаж, нийслэлийн төв хэсгийг үерт автуулсан нь олон хүнийг гайхшруулав.

Үүний шалтгааныг мэргэжилтнүүд илрүүлжээ. Шалтгаан нь, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн дэх 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуурын шугамыг тавихдаа ус зайлуулах шугамыг дайруулснаас үүдсэн байжээ.

Үүнийг Баасан гаригт орсон борооны дараа илрүүлснээ Улаанбаатар хотын ерөнхий менежер өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн ч удалгүй устгасан юм. Тэрбээр Ням гаригийн 14.30 цагт өөрийн цахим хуудаснаа “Хонхтой цэцэрлэгийн усан оргилуурыг Хот тохижилтын газраас байгуулах явцад газар доогуур шугам хоолой сүвлэж буудахдаа Геодези, усны барилга байгууламжийн газрын (ГУББ) ус зайлуулах ф500-гийн шугамыг дайрсан нь сая орсон аадар борооны үеэр илэрч, шуурхай арга хэмжээ авч байна. Ус сувгийн удирдах газар, ГУББГ-ын шуурхай бригадууд хоёр өдрийн туршид ажиллаж давхар худаг хийх замаар хальж буй усыг татуулах арга хэмжээ авлаа” гэж нийтэлсэн байсан юм. Гэвч олон нийтийн шүүмжлэлээс болсон уу, удалгүй энэ мэдээллээ устгажээ.

Дээрх асуудлыг чухам хэрхэн шийдвэрлэснийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Надад тэрэнд хариулах цаг зав алга” гэхээс өөр тайлбар өгөөгүй юм. Хэдийгээр худаг гаргаж ус зайлуулах хоолойн асуудлыг шийдсэн гэж байгаа ч өчигдөр /2020.7.6/ орсон борооны дараа мөн л автозам дээгүүр борооны ус гол мэт урсч, асуудал хэрхэн шийдэгдсэнийг илтгэв.

Энэ долоо хоногт нутгийн ихэнх хэсгээ бороо орно. Тухайлбал, энэ сарын 8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд  говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Ус зайлуулах хоолойн асуудлыг шийдэхгүй л бол үер ус нийслэлийн иргэдийг өлхөн залгина. Улаанбаатар хот нь дөрвөн уулаар хүрээлэгдсэн үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй л байна. Шийдсэн цөөн хэдэн шуудууг нь мэргэжлийн бус хүмүүсийн буруутай үйлдлээс болж дээрх байдлаар эвдэн сүйтгээд баймааргүй байна Улаанбаатар хотын ерөнхий менежерээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж